Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач
Монголчууд
эрт дээр үеэс хот, хүрээ газраар даалуу хэмээх наадгайг наадаж ирсэн ба даалууг
тоглохдоо тодорхой уран цэцэн үгийн гуншинг дуудаж наадаж ирсэн уламжлал бий. Энэ
нь Монгол ардын уран хэллэгт тоглоом наадмын нэг юм. Даалууны нэр томъёоноос
харахад дүрсний хэлбэрээр нь тодорхой оноосон нэр өгч ирсэн байдаг. Хамгийн
сонирхол татдаг нэг зүйл бол аль ч аймаг нутгаар нэг л ижил нэр томъёогоор
нэрлэдэг. Харин даалууны нэрийг дагалдан дуудаж буй гуншинг хүн бүр, тоглогч
бүр янз янзаар дуудаж нэрлэдэг нь авд зохиомжтой холбоотой юм. Даалууны гуншин
бол: монгол ардын тоглоом наадмын аман зохиолын баялаг үг хэллэгийг өөртөө багтаасан
өвөрмөц нэгэн төрөл юм.
Зарим
нутгаар даалууг мал амьтны ясаар урлаж хийсэн байдаг. Даалууны гуншин нь тухайн
арван хоёр нүдэт даалууг бие биеэс нь ялгасан нэр томъёотой бөгөөд дүрсний тоо нь
хоёр, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арав, арван нэг, арван хоёр нүдтэй
байх ба тэдгээрийг хооронд нь ялгаж заагласан нэртэй байдаг. Даалууны нэрийг
ажиж байхад дүрсийг ёжилсон, хошигносон, дүрсээр нь дамжуулж өөр зүйлтэй холбон
шүүмжилсэн өнгө аяс дүрслэгддэг. Тухайлбал “бажгар арав” гэдэг нь “барзгар
арав” гэсэн утгаар авч хэрэглэсэн нэр юм. Даалууны дүрсээс ажихад тэр нь тус
тусдаа хоёр талд буй тав таван нүдтэй байх ба үүний зураглалыг “барзгар сарзгар”
буюу “эв дүйгүй дүрс” гэсэн утгаар хэрэглэсэн бөгөөд дуудлагад барзгар нүүртэй
хүний дүрээр дүрсэлж хэлж ёжилсон хошигносон өгүүлэмжтэй байх ба, түүнийгээ
барзгар гэхээс арай өөрөөр бажгар хэмээн тоглоом наадамд зориулсан хэллэгээр
өөрчлөн зөөлрүүлэн дуудаж хэлсэн байдаг. Даалуу бүр өөрийн тодорхой нэртэй
бөгөөд тэдгээрийг дор сийрүүлбэл:
Хоёр
нүдтэйг-ёоз хоёр,
Дөрвөн нүдтэйг- банд дөрөв,
Ташуу дөрвөн нүдтэйг- бөхөөн дөрөв,
Тавыг – чүү тав,
Зургааг- булуу зургаа,
Ташуу заргаан нүдтэйг- чанс зургаа,
Дөрөв ба хоёроор эгнэснийг-нохой
зургаа,
Хоёр ба таваар эгнэснийг- сарлаг
долоо,
Дөрөв ба гурваар эгнэснийг- шанага
долоо,
Зургаа ба нэгээр эгнэснийг- гозгор
долоо,
Хоёр ба зургаагаар эгнэснийг- дөнгө
найм,
Тав ба гурваар эгнэснийг- савар
найм,
Дөрөв дөрвөөр эгнэснийг- хуньд
найм,
Хоёр ба зургаагаар эгнэснийг- гавал
найм,
Гурав ба зургаагаар эгнэснийг- дэгээ
ес,
Дөрөв ба зургаагаар эгнэснийг- сийлүү
арав,
Тав таваар эгнэснийг- бажгар арав,
Тав ба зургаагаар эгнэснийг- үүлүү
арван нэг,
Зургаа зургаагаар эгнэснийг-
даалуу арван хоёр хэмээн нэрлэдэг. Ингэж тусгайлсан нэрээр тухайн
даалууг дуудаж нааддаг. Даалууны гуншинг дуудахдаа нэг өнгө эгшиг дээр дахин
давталттай дууддаг ба төгсгөлийн үгийн төгсгөлийн үеийн өргөлт нь дөрөвц буюу
тавц эгшгээр доош буух ба энэ нь монгол морьны буюу бөхийн цол дуудлагын
төгсгөлтэй ижил юм. Даалууны гуншинг наадаж буй хүн бүр өөрийн авд зохиомжоор,
шууд зохион туурвиж байдаг. Энэ нь тухайн тоглогчоос, ардын аман билэг, бэлэн
үгс, ардын мэргэн цэцэн үгсийн их ундаргаас өргөн хэрэглэдгээрээ үг хэллэг, нэр
томъёоны хувьд, өөр аль ч ардын тоглоом наадамд хэрэглэгддэггүй маш өвөрмөц
хэллэг дуудлагатай байдаг. Энэ удаад бид Сүхбаатар аймгийн Уул баян сумын
харъяат Г. Тогоохүү[1]
(1939-1-2) гээс тэмдэглэн авснаа толилуулж байна. Үүнд :
Ёоз хоёр нь: хоёр улаан өнгөт дүрс буюу нүд[2] буй.
Ёозон
буузын шил
Ёнхон
хэрээний нүд
Хоёр
нүдэнд нь хог
Хонхор
шилэнд нь балиуш[3]
Нүдгүй
ламын шүдгүй жаал
Шар
зуны ногоо
Шаагим зуны халуун
Шилэн
ёоз
Ширхэг
нь хоёр оо хө гэх ба,
Эл дуудлагад: Монголчууд хэзээнээс хоёрын
тоог төдийлөн сайн гэж үздэггүй бөгөөд тэр сэтгэлгээгээр хоёр нүдэнд нь хог,
хонгор шилэнд нь балиуш, нүдгүй ламын
шүд үгүй жаал, шаагим зуны халуунд шатах дөхөж буй халуун гэсэн утга буй бөгөөд
энэ нь юмсыг шүүмжилсэн, ёжилсон сэтгэлгээнээс үүдэлтэй юм.
Банд дөрөв нь: хоёр хоёроор тус бүр нийт
дөрвөн цагаан нүд буй.
Ширээ
дөрөв
Ширдэгний оёдол
Бандан
ширээ нь багадаа юу
Ваартай
архи нь цалигаа юу
Түрсийктэйгээ
түнтгэнэ гэсэн энэ дуудлагад дөрөв гэдэг тоог сайны бэлгэдэл болгох ба юмсын ул
суурь дөрөв, гэдгээр ширээ дөрөв, ширдэгний оёдол, түүнчлэн бандаганах,
түнтгэнэх тарган махлаг хүний үйл явдал дүрслэлийг гаргасан хэллэгтэй юм.
Бөхөөн дөрөв нэг улаан гурван ташуу цагаан
нүдтэй:
Бөхнөг
түргэн гүйдэлтэй
Дорниун
халзан шарга
Бөхтийж
бай бэрээдэнэ
Тонгойж
бай торлогдоно
Тун
болохгүй бол тонгорно
Чүү тав гурван ташуу цагаан хоёр тэгш цагаан
нүдтэй:
Чүү
таван налжирмаа
Чүтэл
хоргойн мөнгөн цоолтуур
Охин
хүний зугаа
Оодон
борын түлхүүр тав
Арын
даваа далан тав
Аймгийн
даргын бүдүүн тав
Тээхийгээрээ
бүдүүн тав
Тэгээд
цаашаа нарийн тав
Булуу зургаа нэг улаан, таван цагаан нүдтэй:
Тавьж өгөхөд
Тавнаг
сайхан
Таргалуун
унахад морь сйахан
Тав
дээр нэгийг нэм
Тавгаар
нь тавгалж
Ганцаар
нь гадаслана
Булуу
зургаа будантай
Буцаад
ирэхэд манантай
Чанс зургаа хоёр ташуу цагаан нүдтэй:
Ханан
хээтэй чанс
Хаяа
голын бургас
Ханын
мод
Чонын
хонго
Нохой зургаа хоёр улаан, дөрвөн цагаан
нүдтэй:
Гөлгөн
нохой гөнөтэй шүү
Гөлмөө
бүү давираарай
Хөгшин
хүүхэн хартай шүү
Хаалгы
нь битгий маажаарай
Сарлаг долоо хоёр цагаан, таван цагаан нүдтэй:
Сарлаг
малын санаа муу
Сармай
дээлтийн хормой муу
Сарлагийн
мах сав дүүрэн
Сандагийн
хүүхэн өвөр дүүрэн
Шанага долоо – гурван ташуу улаан, дөрвөн
тэгш цагаан:
Шанаган
хуураар хуурдуулъя
Шалиг эмээр дуулуулъя
Шандайн
голын эхэн дээр
Шанаган хорхой бөмбөлзөнө
Гозгор долоо- нэг улаан зургаан цагаан
нүдтэй:
Гозгор
долоо гоохолзоно
Гоовийн
хүүхэн шоохолзоно
Голоор
нь гозгонуулна
Голын
тэртээ шоволзоно
Дөнгө найм- хоёр цагаан зургаан тэгш цагаан
нүдтэй:
Дөнгөн
сээрийн мөнгөн хүзүү
Дөрвөн
далайн тэлээгүй түшмэл
Дөнгөж
сурсан дүмбий годил
Дүлий
дүмбийн Үржинлхүндэв
Сайн эрд сахиус
Муу эрд дөнгө
Дөнгөнд нь дөрвөн жил
Авсанд
нь арван жил
Ахиад
цааш нь хэдэн мал
Аахилж
суугаа дөнгө найм
Савар найм гурван ташуу цагаан таван цагаан:
Сайн
хэлбэл саруй найм
Муу
хэлбэл муруй найм
Ахиад
хэлбэл
Аргалын
лавай
Хуньд найм- тэгш найман улаан нүдтэй:
Хуньд
нэдэг нь мод
Гоньд
гэдэг нь ногоо
Гуньжин
хуньдаар гулигуулаад
Гурван
нуураар цалгиулаад
Юндэн
дээлтэй Гоогормаа
Юмгүй
надыг дагаад яахав
Ээжийгээ
Эрдэнэ зййд мөргүүлье
Эхнэрийгээ эрээнд явуулъя
Гавал найм- дөрвөн тэгш улаан нурван ташуу
цагаан нэг ташуу цагаан:
Уулаар
явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Гавлын
хэвгүй
Гавал
найм
Гайгүй
хийсэн
Дамар
толгой
Зэс
хонх
Зэгэл
найм
Дэгээ ес- зургаан тэгш цагаан, гурван ташуу
цагаан:
Эгээ
зүгээр байхаар
Дэгээ цагаан ес
Таг
зүгээр байхаар
Тахир цагаан ес
Дэгээ
есөнд дээлээ уруул
Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул
Сийлүү арав- дөрвөн тэгш улаан, зургаан тэгш
цагаан
Сэндэр
модны хайлаас
Сэнтийж байвал сийлүү
Бажгар арав- тав таван цагаан:
Хар
арав нь
Хандын найз
Хандгай
буга нь
Уулын найз
Арсаг
хааны дарсаг хаан
Амбан
хааны яран нүүрт
Үүлүү арван нэг- таван цагаан нэг талд
зургаан цагаан нөгөө талд:
Гүүзүү
хуутуу нь гүрэлзээд
Гүржавын
сахал нь гозолзоод
Үүлүү
хуутуу нь даалууны толгойд
Үзүүрт
эвэр нь үхрийн толгойд
Даалуу арван хоёр- гурван цагаан гурван улаан
хоёр талд тэнцүү нүдтэй дүрслэмжтэй
байдаг ба гуншинд нь:
Алагийн
нуруу
Алтан пай
Даа хамбан даалуу
Дахаа нөмөрсөн өвгөн гэх мэт өвөрмөц
үгсийг хэлж нааддаг. Эдгээрээс ажиглахад хэлж буй зүйлийн утгыг хоёр хоёр
мөрөөр нөхцөлдүүлэн утга нийлүүлж хэлэх ба, юмсыг ёжилсон, шоглосон,
хошигносон, шүүмжилсэн өнгө аяс дүрслэгддэг байна.
Дүгнэн үзэхүл:
Ийнхүү
эрт дээр үеэс монголчууд тоглоом наадмын аман зохиолд ч өвөрмөц үг хэллэгийг
зохион туурвиж, наадаж ирсэн уламжлалтай юм. Тоглоом наадмын аман зохиолын үг
хэллэг нь юмсыг ойлгуулан, тайлбарлах, ёжилсон, шоглосон, хошин шог,
хошигносон, хоржоонтой, хүний хор шарыг малтсан, шүүмжилсэн, тоглоом тохуу
хийсэн шинж чанартай байдгаараа үг хэллэгийн утгын хувьд “шууд утгатай” бус,
харин “шууд бус” утгыг сонгосон байх нь цөөнгүй. Түүнчлэн “давхар утга”
хадгалсан үг хэллэг хэрэглэх нь элбэг ажээ.
Тоглоом
наадмын аман зохиолд хэдийгээр тоглон наадаж хэлж байгаа ч гэсэн хүний ой тоонд
сануулга, ухаан өгч, ямарваа нэг буруу зүйлийг засаж сайжруулах гэсэн хүсэл зорилгод
нийцсэн, алив нэг зүйлийг шүүмжилсэн агуулгын онцлогтой байдаг байна. Үүгээрээ
тоглоом наадмын аман зохиолын үг хэллэг нь ердийн өдөр тутмын аман зохиолын үг
хэллэгээс нилээд ялгаатай, авд зохиомжтой, юмсыг шууд харж зохион туурвидгаараа
үг хэллэгийн хувьд дахин давтагдашгүй өвөрмөц хэлбэр бүтэцтэй байдаг байна. хэллэгүүд
байдгаараа бусад ардын аман зохиолын ерөөл магтаал, дайралцаан зэргээс эрс
ялгаатай юм.
Ялангуяа
даалууны гуншинг дуудах уран үг хэллэг нь шууд буюу авд зохиомжийн бүтэцтэй, тодорхой
жижиг хэлбэрийн аяз дагалдах бөгөөд үгийн өргөлт хэмнэлийн хувьд нэгэн тэгш
хэмтэй, гол төлөв нэг буюу хоёр мөр түүнээс дээш тэгш хэм бүхий мөрөөс бүтэх ба
шүүмжилсэн өнгө аястай, уран цэцэн, хошин үг хэллэг байдгаараа онцлогтой юм.
Даалууны
гуншин бол Монголчуудын тоглоом наадмын аман зохиолын уран үг хэллэгт хошин
бөгөөд шүүмжилсэн утгыг хадгалж байдаг ба энэ нь хүмүүжлийн буюу сургамжилсан шинж
төрхтэй байдгаараа чухал ач холбогдолтой юм.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!
[1]
Г.Тогоохүү 1939-1-2нд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, тухайн үедээ
Автобус баазын 3-р компанид харуулын ажил хийж байхад нь 2000 онд тэмдэглэн
авсан болно.
[2]
Нүд- даалуун дээр буй дүрс
[3]
Балиуш- балиус хутга,
[4]
Бандаамтайгаа- бандаажтайгаа
[5]
Бандагана- бандаганах гэсэн тарган хүнийг өхөөрдсөн хэллэг юм.
No comments:
Post a Comment