Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач
Өнөө үед манай нийгмийн дотор эх монгол хэлээрээ буруу ярьж байна, хазгай
хэлтэн болж байна гэх шүүмжүүд гарсаар байна. Харин эх монгол хэлний эрдэнэсийн
сан болсон уран тансаг үг хэллэг, өвөрмөц нандин өв сургаалийг бид уламжлалт
ардын дуу, гүр дууллаас сурч мэдэж болно.
Монголчуудын урлаг соёлын түүхэнд хүний оюун ухааныг хөгжүүлэх чиглэлээр туурвигдан
гарч ирсэн бүтээл бол бодол бясалгалын дуулал гүр дуу юм. Гүр дууг
хуучны Сайн ноён Хан аймаг (одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг) Чин
сүзэгт номун ханы хүрээ хийдэд зун цагт буддын шашны номын найрт дуулж байжээ.
Гүр дууг зохион туурвигчид нь: тухайн үеийн эрдэм боловсролтой шашны
зүтгэлтнүүд, лам хувраг, хувилгаад байсан ба ялангуяа “Эрдэнэ ноён цорж” хэмээх
цол хэргэмээр шагнуулж, олны дотор хүндийг олж явсан Чин сүзэгт номун хан өргөмжлалт
Лувсанноровшарав (1701-1768) болон түүний удаа дараагийн зургаан дүр хувилгаад юм.
Одоогоор бидэнд гүр дууны бичгийн найман гар бичмэл дэвтэр олдоод байна.
Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг маш өргөн утгаар авч
тайлбарласан явдал нь бидний анхаарлыг одоо ч татсан хэвээрээ. Гүр дууны
шүлгийн агуулга дахь орчлон бол: зөвхөн одоо буй хүний амьд орчлон бус, хүний
урд төрөл, хойд нас, ирээдүйд дахин төрөл авах буюу хүний оюун санаа, сүнсийн
байх орчин гэхчлэн орчлон ертөнцийн үй түмэн үзэгдэл юмсыг орон зай, цаг
хугацаа “өнгөрсөн-одоо-ирээдүй” гэсэн харьцаанд маш өргөн утгаар нь авч үзсэн
байдаг.
Гүр дууг зохиогчид нь: орчлон ертөнцийн байдлыг сав, шим ертөнц, тэнгэрийн орон
гэхчлэн орон зайн үүднээс хэд хичнээ ангилаад, түүнийхээ төвийг“эх дэлхий”-
“хүний ертөнц хэмээн хүн бурхадтай шүтэлцүүлэн авч үзсэн байна. Өөрөөр хэлбэл
гүр дууны агуулга дахь сав, шим ертөнц бол нэг талаас асар уудам, бүхэл бүтэн
орчлон ертөнцийн тухай буюу монголчуудын оюун сэтгэлгээн дэх асар уудам орон
зайн тухай ойлголт юм. Тэдгээрээс хамгийн дээд хэмээгдэх ертөнц бол “Тэнгэрийн орон”
гээд түүнийг ч бас хэд хичнээн тэнгэрээр ангилан авч үзсэн шүлэглэл олон байна.
Жишээлбэл: “Тэнгэрийн дуртгал” хэмээх гүр дуунд:
Гучин гурван тэнгэрийн дотор
Хурмаст тэнгэр илхэн
Олон хүний дотор
Онцгой чи минь тэр билээ л . . . хэмээн гүр дууны агуулгад сав, шим ертөнц
бол: нэг том цул төдийгүй, олон жижиг салаа салбар хэсэгтэй давтагдашгүй хос
юмсын таталцал, түлхэлцэл, эргэлт, тэнхлэг, хэм хэмнэл, үргэлжлэл, тэдгээрийн
нэгдэл, нийлэл, задрал, хувьсал, өөрчлөлт хэмээн юмс үзэгдлийг хөдөлгөөнд нь
авч үзсэн нь тэдний гүн ухааны сэтгэлгээний дэвшилттэй тал нь юм. Гүр дууг зохион туурвигчид нь ертөнцийн үй
олон юмс үзэгдлийг тайлбарлан таниулах үүднээс тэдгээрийг ямагт хүнтэй, хүн
бурхадтай холбохоос гадна, хүний оюун ухааны хийсвэр сэтгэлгээний ур чадварыг
нэмэгдүүлэх үүднээс үзэгдэл юмс тусгай нэр оноох, тэдгээрийг амьдчилан дүрслэх
талаар нилээд анхаарсан нь ажиглагдаж байна. Тухайлбал ертөнцөд орших амьтадыг төрөл
зүйлээр нь хэд хичнээн ангиалаад тэдгээр нь тус тусын өөр өөр өвөрмөц
оронгуудтай хэмээн ертөнцийн орон зайн асуудлыг маш өргөн утгаар нь авч үзжээ.
Өөрөөр хэлбэл юмс үзэгдлийг ил буюу тодл далд юм бүхэнд бас бодтой орших орон
зай бий бөгөөд, тодорхой орон зайд өгсөх буурах, хөгжих дэвших, дээш доош чиглэсэн хөдөлгөөнтэй
хэмээн шалтгаан үрийн холбогдлоор нь үйл хөдлөлд хамруулан юмсыг ахуй буюу бодит
хэмээн үзсэн нь зохион туурвигчдын гүн ухааны сэтгэлгээний ухааныг дагах
урсгалынхны чиглэлийг дагасан нь тодорхой байна. Ертөнцийн оронгууд дотроос
хамгийн агуу гэгдэх ертөнц бол “сав шим
ертөнц” гэж үзсэн. Тухайлбал буддын гүн сэтгэгч Гүнчинжигмэдванбу-н “Тогтсон
тааллын агуулга эрдэнийн эрхис оршвой” зохиол болон Оргиочийн лам Барь
Дамцагдоржийн “Сав, шим ертөнц хийгээд амьтны үүсэл тогтоц, орших хугацаа
сэлтийг товч тодорхой үзүүлсэн эрдэнийн зул хэмээх оршвай[1]“
хэмээх сударт үзсэнээр: Ертөнцийн зургаан зүйл орон бол үндсэн гурван хэсэгтэй,
анхдугаар нь: хүслийн орон, хоёрдугаарх нь: дүрстийн орон, гуравдугаарх нь:
дүрс үгүйн орон гэжээ. Үүнд: “Анхдугаар хүслийн оронд: амьтны төрөл нь гадаад
мэдрэхүйн жаргал эдлэн амьдардаг бол, дүрстийн оронд: чанарын эд юманд үл
тачаан, дотоод бясалгалын амгаланг эдлэн, түүнээс дээш мэдрэхүй амирлаад хэм
тэгш болох буюу “дээд” гэсэн эрэмбэтэй байна гэжээ. Харин дүрс үгүйн оронд бол дүрс,
дуу, үнэр амт хүрэлцэхүй тэргүүтэн мэдрэхүйн эрхтэн ч байхгүй, гагцхүү хоосон
оюун санаа туйлын амгалан оршдог” хэмээн үзжээ. Энэ бол хүний оюун санаа гэж юу
вэ, хаанаас үүсдэг, хаана байрладаг, хаашаа явдаг вэ? хэмээн шинжлэх ухаанд ч хүний оюун санааг
судалсаар байна.
Гүр дууны шүлэгт: дээд тэнгэрийн орон буюу “сухавадийн орон” бол үргэлжид
мөнх залуугаараа байх өвөрмөц сайхан ертөнц бөгөөд энэ талаар захын нэг жишээг
дурдахад: “ Сухавадийн орон” хэмээх дуунд:
Арван зүгийн орноос хуран цуглаж ирэгсэд
Арслангийн дуугаар эгшиглэн номловой
Дээд хуран чуулагсад өнгө, дуу, үнэр, амт,
Ямагт сайхан таван хүсэл ханашгүй эдэлмой. . . Түүнчлэн гүр дууг зохиогчид
нь: анхан үедээ буддын гүн ухааны “Данжинба”-гийн ёсны үзэл онолд тулгуурлан
ертөнцийн оронг “зургаан зүйл” орноор тайлбарлан авч үздэг байсан ч хожим тэрхүү үзэл бодлоос хальж, цааш улам баяжуулан,
тодорхой нэг орон зайг хүн эзэнтэй холбон тайлбарлаж, хүний оршин байх “дээд
ертөнц” гэдэг бол хамгийн эрхэмлэлт ертөнц гэж үзжээ.
Гүр дууг зохиогчид нь: ертөнцийн орнуудыг орших амьтны мөн чанараар нь эх
болсон зургаан зүйлээр ангилахдаа ерөнхийлөн “Тэнгэр газар хүн”, “sky land
mankind” гэсэн дорно дахины гүн ухааны үзэл санаанд нийцүүлэн гурамсан
харьцаанд дээд тэнгэр, хүний ертөнц, доод газар тамын орон гэж гурван төрөл
зургаан зүйлээр авч үзсэн байдаг. Анхдугаар нь: Тэнгэрийн орон буюу дээд
орон гээд тэнд дүрс ба дүрс үгүйн орны зургаан зүйл тэнгэр багтана гэж үзсэн. Хоёрдугаар
нь: Асурын
орон буюу тэнд амьтан нь тэнгэр
лүгээ төрөх адил боловч хорлол их нэгэн зүйл орон гэж үздэг байна. Гуравдугаар нь:
Хүний
ертөнц бөгөөд энд хүн нь: төрөх, өсөх, өвдөх, өтлөх, үхэхийн шид болон
ерийн найман шидийг үзэх тухай зааж ертөнцийн гол төвийг энэ ертөнцөөр
тайлбарладаг байна. Дөрөвдүгээрх нь: Бирдийн орон гээд энд өлсөх,
ундаасах зовлонг үргэлжид эдлэх амьтны төрөл багтана гэж үздэг ба, Тавдугаарх
нь: Адгуусны
орон гээд энд бие хэл сэтгэхүйн жаргал эдлэхгүй тэнэг мангуугийн зовлон
эдэлнэ гэж үзээд, Зургаадугаар орон бол:
доод газар Тамын орон энд өмнө үйлдсэн үйлээсээ хамаарч олон зүйлийн
зовлонг эдэлдэг тухай нарийвчлан тайлбарласан. Харин ертөнцийд хүмүүн биеийг
олон төрөл авах тухай номлосны учир нь: эрт цагаас хүн төрөлхтөн ертөнцийн үй
түмэн юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг олох, ухаарах, тайлбарлах, түүнд
хариу өгөх гэсэн хүний хүсэл мөрөөдлийн илрэлийн нэг юм. Нөгөөтэйгүүр ертөнцийн
үй олон юмс үзэгдлийн утга чанарыг тайлбарлах гэсэн хүний хүсэл мөрөөдөл, зөн
билэг, сүсэг бишрэл ухаарал бодрол, юмсын сайн сайханруу тэмүүлсэн хүний
сэтгэлгээний илрэл байв. Үүний нэг жишээ бол: юмсын сайхан гэгдэх “Тэнгэрийн орны тухай ойлголт юм.
“Сухавадийн орон “ хэмээх дуунд:
Сухавадийн оронд Авид бурхан суумой.
Цаглашгүй гэрэлтэй түүний өлмийд мөргөмүү.
Эндээс баруун зүгт түг түмэн ертөнцийн
цаана
Хамаг бурхадыг сайшаасан уртын манлай орон
тэр болой.
Зөөлөн салхи хөдөлвөөс номын дуу гармой
Үзэсгэлэнт цэцэрлэгт элдэв сайхан усны
дотор
Ангир, галуу, тогос, тоть, эгшиглэн
донгодвой
Найман эрдэм төгссөн тунгалаг нуурын дотор
Элдэв өнгийн цэцэг лянхуа жигдэлж ургамой
Үзэсгэлэнт тэнгэрийн охид тахил өргөмүй. . . Гүр
дууг зохион туурвигчдын хүслийн нэг
илрэл бол хамгийн сайхан гэгдэх оронд “амьтны дээд хүний төрөл олох” гэсэн
хүслээр илэрч буй бөгөөд тэр сайхан гэгдэх тэнгэрийн орны тухай ойлголтыг дүрсжүүлэн
баяжуулсан явдал юм. Иймээс бодисадва нарын дээдлэх, хүний хүслэнгийн ертөнц бол
дээд тэнгэрийн орон бөгөөд энэ нь маш өвөрмөц орчлон бөгөөд тэдгээрийг гүр
дуунд маш олон төрөл зүйлээр шүлэглэн авч үзсэн нь: зохион туурвигчдын уран
сайхны сэтгэлгээн дэх “уран дүрийг” гаргаж буй уран сэтгэмжийн ур чадвар юм. Иймээс
гүр
дууны шүлгээс бид монгол хэлний маш баялаг өгүүлэмж, утга зүй, нэр томъёог
мэдэж, ухаарч, ойлгож, сурч болно. Жишээлбэл:
Тэнгэр ертөнцийн тухай ойлголтыг “Гүр
дууны бичиг”- т буй нийт 90 дууны жишээнээс 300 гаруй газар ус тэнгэрийн нэр,
260 гаруй хүний болон бурхадын нэрс, 80
гаруй ургамал цэцэгсийн нэрс, 30 гаруй амьтан шувуудын нэрс, 100-д өнгө дүрсийн
нэрс, 100-д хөг эгшгийн нэрсээр тайлбарлан шүлэглэсэн маш баялаг нэр томъёог
бид судлан авч үзэж болно. Харин иргэн ардын шинжтэй монгол ардын дууны шүлгийн
агуулгад тэнгэрийн орны тухай ойлголт нь гүр дууны шүлэглэлийн агуулгад байгаа
шиг тийм их өргөн утга агуулга бүхий нэр томъёогоор тайлбарлагдсан нь
харьцангуй цөөн байдаг. Энэ нь чухамдаа монгол хэлний доторхи “тэнгэрийн
орон” гэдэг үгийг энэ л орон зайн үүднээс энэ л утгын дор маш олон өөр
нэр томъёогоор тайлбарлан таниулж болно гэж авч үзсэн зохион туурвигчдын уран
сэтгэмжийн онцлог, мэдрэмж чадвар гэж үзэж болно. Иймээс монгол гүр дууны агуулга
үзэл санаанд: монголчуудын ертөнцийг
үзэх үзэл, ертөнцийн үй түмэн юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарлах гэсэн
оролдлого, оюун ухаан, сэтгэхүй сэтгэлгээний онцлог байдлыг харж болно.
Тухайлбал “дээд тэнгэрийн орон” хэмээх дээд орны тухай ойлголт дор маш
баялаг агууламж бүхий нэр томъёо, дүр дүрслэлийг багтааж чадсан нь: юмсын
дотоод утга чанарыг учир шалтгааны үүднээс тайлбарлан таниулах гэсэн хүсэл
эрмэлзлэл байсан гэж үзэж болно. Энэ нь зөвхөн тэнгэрийн орны тухай ойлголтыг
баяжуулах гэсэн ойлголт төдий бус, ер нь тэр үеийн зохион туурвигчдын шашин
номын сэтгэлгээ нь, гүн ухаанч, шинжлэх ухаанч сэтгэлгээ нь учир шалтгааны
ухаанаар баяжигдаж байсан сэтгэлгээний дэвшилтэт үйл явц гэж үзэж болно. Өөрөөр
хэлбэл: дээд орны буюу тэнгэрийн орны тухай ойлголтыг баяжуулан тайлбарлан
таниулах гэсэн санаа бол: угтаа энэ ертөнцийн үй түмэн юмс үзэгдлийн дотоод
гадаад мөн чанар, тэдгээрийн учир шалтгаан, хөгжил хөдөлгөөн, дэвшил буурал,
хэлхээ холбооны асуудлыг өргөнөөр тусган авч үзэх гэсэн эрмэлзлэл, ухаарал байсан
гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл “тэнгэрийн
орон” хэмээх хэнч хүршгүй, хүрч байгаагүй, эрхэмсэг тэр ертөнцийн тухай ойлгох
гэсэн ухаарал бодрол нь юмсыг мэдэх, мэдрэх, учир шалтгааныг олох, ойлгох,
ухах, ухаарах, судлан шинжлэх, цаашид ч үргэлжлүүлэн авч үзэх, сургаж, судлуулж
ч болно гэсэн зохион туурвигчдын хүсэл мөрөөдөл байсан гэж үзэж болно. Гүр
дууны шүлэгт: тэнгэрийн орон хэмээх ойлголт дүрслэлийг өөр бусад оронгуудтай
харьцуулан шүлэглэснийг А-гаас Я үсгийн
нэрсийн дарааллаар нь гүр дууны шүлгийн өгүүлэмжээс дор сийрүүлэн авч үзье. Тэнгэрийн
орныг дүрсэлсэн нэр томъёонд:
“Авид бурхны орон”, “Алидада брадуважа хутагтаар монгол оронд хойд дүр нь
болон төрсөн гэгээнтний хүслэнт ертөнц, “Алтан ганжирт сайн орон”, Арван живаа
галт ертөнцийн цаадах орон, “Ариун орон”, “Ашдын орон”, “Орчлонгийн нарыг
баясгахаар цоморлигоо дэлгэдэг Бадамлянхуа, сарыг баясгахаар шөнийн амьтадыг
хооллохоор цоморлигоо дэлгэх “Цагаан гумуда” дэлгэрсэн орон”, “Балба, хятад
хааны хүүхэн болж хувилах дээд орон”, “Барнам иднам тэргүүтний орон”, “Билэг
билгийн орон”, “Билэг бармадын орон”, “Богдасын орон”, “Бодисадва нарын орон”,
“Бурхны орон”, “Бурхан буддагийн орон”, “Бурхад хувилсан орон”, “Бясалгалын
орон”, “Вачирдарь бурхны орон”, “Гандирсын орон”, “Гумуда[2]
дэлгэрсэн орон”, “Гэгээнтний ариун орон”, “Диваажингийн орон”, “Дээд орон”, “Дээд
номын орон”, “Дээдсийн орон”, “Дээд төрөл авагчдын орон”, “Дээд эрхисийн орон”,
“Дээд эцгийн орон”, “Замуа зангийн орон”, “Зургаан гарт Махагала суух орон”,
“Зургаан зүйл амьтны төрөл авах ариун орон”, “Их сухавадийн орон”, “Илбэ зүүдний орон”, “Кишака бурхны орон”,
“Номын дээд орон”, “Лхамын орон”,
“Логширын орон”, “Лусын хааны орон”, “Маружийн орон”, “Мяндагийн орон”, “Насны
шид олох орон”, “Намсрайн орон”, “Охин тэнгэр юмтай орон”, “Өвөлгүй зунаараа
байх үлэмж төгс дээд орон”, “ Өндгөн дотроо уран гоё дуу гаргах гальвангын
орон”, “Пайдав дархан байх орон”, “Рашилхул нисдэг морь байх орон”, “Сүвэдэйн
орон”, “Түг түмэн галт ертөнцийн цаана орших дээд орон” “Тэнгэрийн орон”,
“Тэнгэрийн зуун мянган охидоор хүрээлүүлсэн орон”, “Ууль шувуу донгодох орон”,
“Удамбара[3]
төрөл авах орон”, “Үлэмж төгс орон”, “Үргэлжид ид залуугаараа байх настны
орон”, “Үргэлжийн мөнх ногооноороо байх тэнгэрийн орон”, “Хан хурмастын орон”,
“Хурмаст тэнгэрийн орон”, “Хүн биеийг хувилгаж чадах шидэт орон”, “Хүний
хүслэнт дээд орон”, “Хүний хүслэнг хувилгаж чадах ид шидийн орон”, “Хүжисийн
сайхан үнэр дэлгэрсэн дээд орон”, “Цаст уулын цагаан барс хүрхэрэх орон”,
“Чанадын орон”, “Шүр сувдаар бүрхэгдсэн орон”, “Эрдэнийн орон”, “Эрдэнийн
галбарвасан ид шидэт мод дэлгэрсэн дээд орон”, “Эсрүүн хурмаст тэнгэрийн
орон” гэх эдгээр ертөнцийн нэрс дотор
дээд орны тухай голчлон өгүүлсөн нь зохион туурвигчдын өвөрмөц уран сэтгэмж,
уран дүрийг бүтээх гэсэн урлалын асуудлыг илтгэн харуулна. Энэхүү “дээд ертөнц”
хэмээх сэтгэлгээ бол ямагт дээшээ чиглэлтэй, дээд тэнгэрийн сайхан гэгдэх
ертөнцөд бурхан номын хүчээр дамжуулан хүний төрөл олох, хойд насандаа, ирээдүйд
дахин төрөх, ариун оронруу тэмүүлсэн хүний хүслэнт ертөнц юм. Гүр дуунд ертөнцийн
зөвхөн дээд орны утга чанарыг дүрслэхдээ: “дээд эцгийн орон” буюу “диваажингийн
орон” бол нэг талаас бодисадва нарын нэгэн бүрэн төгс буюу үзэсгэлэнт ертөнц,
нөгөө талаасаа бол мөнхийн хүслэнт мөрөөдлийн ертөнц юм. Иймээс гүр дууг зохион
туурвигчдын үзэл бодол нь: нэг талаас бодисадва нарын нэгэн бүрэн төгс, мөнх
байх гэсэн хүслэнт ертөнц мөртөө нөгөө талаас орчлонгийн эрэмдэг дутуу, төгс
бус орон зайг нөхөх гэсэн, төгс хийгээд төгс бусын шүтэлцээн дэх бодтой орон
зайг тусгасан хүний хүслэнгийн ертөнц дүрслэгдэнэ. Өөрөөр хэлбэл гүр
дууны агуулгад дээд тэнгэр гэгдэх орон зайг янз бүрийн нэр оноон тайлбарласан
явдал бол зөвхөн нэг юмыг хид хичнээн янзаар нэрлэж ойлгож, ухаарч, дүрсэлж
тайлбарлаж болох тухай асуудал тусгагдсан жишээ юм. Гүр дууны шүлгийн агуулгад
дан ганц өнгөрсөн одоог бус, ирээдүйд болох бүтэх зүйлийн тухай
хүний хүсэл мөрөөдөл, зөн билэг, ид шид, сүсэг бишрэл, зөгнөл бэлэгшээлийг
өгүүлж байгаагаараа хүслэнт буюу зөгнөлийн агуулга дүрслэл зонхилсон бүтээл гэж
үзэж болно. Өөрөөр хэлбэл гүр дууг зохион туурвигчдын сэтгэл зүйн онцлог бол: зөвхөн
бодисадва нарынх бус, ер нь хүний хүсэл тэр тусмаа байхгүй зүйлийг буй болгох
гэсэн буюу юмсын байгаа байхгүйн хөдөлгөөн дунд урган гарсан хүний оюун ухаан
танин мэдэхүйн нэгэн өвөрмөц уран дүрслэл, уран чадвар, уран сэтгэмж,
мэдрэмж юм.
Энэ нь чухам юугаар илрэнэ вэ гэвэл: хоёр нүдтэй, хохимой толгойтой,
зургаан мэдрэхүйтэй, хүн дүрстэй, амьд бурхадаар төлөөлүүлэн дүрсэлж байгаа хүн
биеийг дээдлэн үзсэн тухай ухаарал бодрол юм. Өөрөөр хэлбэл буддын шашин
сэтгэлгээнд гарсан нэгэн томоохон
дэвшилтэт үзэл бол: лам хувраг хүн зөвхөн хувилгаан дүрээр байхыг
хүсээгүй, амьтны дээд бол хүн, хүний төрлийг
олох явдал гэж үзсэн. Ингэснээр бүх юмсын төвд амьд бие, хүний онолд
тулгуурлан, хүний биеийг шинжлэн судлаж, улмаар хүний оюун ухааны чадамжийг
хөгжүүлэх, шалгах үүднээс бясалгал оюун ухааныг гол болгон тавьж хүний оюун
ухааныг хөгжүүлэх дуу зохион туурьвих гэж оролдсон явдал. Үүгээрээ шидийн номыг
сайн эзэмшиж чадсан мэдлэг чадвар бол, хүний оюун ухааны чадавхийг нэмэгдүүлэх,
хөгжүүлэх, оюун ухаанаар бүхнийг удирдаж чадах чадвар чадамж гээд ялангуяа
хүний танин мэдэхүй, хийсвэр сэтгэхүй сэтгэлгээг хөгжүүлэх нь чухал гээд
түүнийг хөгжүүлэх гол арга зарчим бол лам хувраг нарт бол “шидийн ном” -ыг эзэмших
чадвар, иргэн ардад бол Гүр дуугаар дамжуулан сургаж байжээ. Шидийн
номын гол утга бол: хүний оюун ухааныг хөгжүүлэх дээд хэлбэр бол сэтгэн
бодох, бясалгалын хүчийг олж чадах гээд бясалгах шалгуур бол буддын гүн ухааны
“хоосон
чанарын” судлах явдал гэж үзсэн бөгөөд энэ үүднээс тэрхүү номлолыг гүр дуугаар дамжуулан сургах
гэсэн санаачлага байв. Эл учраас хоосон чанарын номлолыг “шавар байшин” хэмээх
дуунаас олж мэдэж болно.
Иймээс гүр дууллын шүлэгт буддын “хоосон чанарыг танин барих гүн ухааны
сэтгэлгээн дэх “би” хэмээх ойлголт гарч буй бөгөөд энд “би“ хэмээгч нь ямагт
мөнх бус, хоосонд оноогдох тул хүн биеийг яавал зөв байлгах вэ? яавал мөнх
байлгах вэ? гэсэн асуултад хариу өгөх гэсэн хүний хүслэн, хэзээ ч мөнхөрч
чадахгүй ахуй хоёрын зөрчил дунд үүсэн гарч байгаа зохион туурвигчдын танин
мэдэхүйн асуудлыг дэлгэн тавьж болно. Энэ нь чухамдаа хүний үхэл гэдэг
ухагдахуунаас зайлах гэсэн янз бүрийн сэтгэлгээ үзэл бодлоос үүдэлтэй юм.
Ялангуяа зарим дууны өгүүлэмжид сүнс, хүний хойд төрөл авах тухай, хойд
насандаа Балба хааны хүүхэн болж төрөх хувилах, эсвээс үзэсгэлэнт тэнгэрийн
зуун мянган охидоор хүрээлүүлэн суух тухай өгүүлсэн байдаг ба энэ нь мөнхрөх
эсвэл цааш үргэлжлэн амьдрах гэсэн хүслээр илэрч буй юм. Харин зарим дуунд
аливаа амьтан дотроос хүн бурхдын төрөл олохын тулд ямагт сайн сайхан үйл
бүтээх тухай сургаж, таниулж, ухааруулж байгаагаараа сурган хүмүүжлийн болон
танин мэдэхүйн ач холбогдолтой гэж үзэж болно. Иймээс гүр дууллын шүлэгт хүний хүслэнгийн
учир шалтгааныг ухаарч буй зохион туурвигчдын оюун ухаан, хүн соёлжлын түвшний
нэгээхэн хэсгийг мэдэж болно. Тухайлбал: “Их сухавади” хэмээх дуунд:
“Хуучин цэцэг гүвж
Шинэ цэцэг ургамой.
Эрдэнэт лянхуагаас
Элдэв гэрэл гараад
Гэрэл бүрийн үзүүрт
Бурхны хувилгаан сууж
Эгшиглэн номловой” . . . Гүр дууллыг зохион туурвигчдын дүрслэлийн
сэтгэлгээний нэг онцлог бол:
сайн сайханруу тэмүүлсэн хүслэнт сэтгэлгээ байсан гэж үзэж
болно. Үүнийг цахар Гэвш Лувсанчүлтэмийн
зохиосон “Диваажингийн орны гайхамшигт эрдэм ба мөн тэнд төрхийн уг сэлтийг
номлосон“ хэмээх судар, мөн Богд
Зонховын зохиосон “Сайн зарлиг Сүвэйдэйд төрхийн ерөөл”, Зонховын зохиосон
“Дээд орны хаалгыг нээгч Авидын магтаал”, “Ариун орны эрдмийг тодорхойяа
үзүүлэх билгийн толь” хэмээх зохиолуудад өгүүлэх дээд орон юм. Зохион туурвигчдын
сэтгэлгээний нэгэн өвөрмөц онцлог бол энэхүү “Диваажингийн орон” буюу “дээд
тэнгэрийн орон” хэмээх үхэшгүй мөнхийн сайхан орны тухай дүр дүрслэл юм. Энд
дууны шүлгийн хэллэг, утга агуулга, үзэл санаа цөм ижил байгаагаас үзэхэд тэр
үеийн шашин сэтгэлгээнд тэнгэрийн орны тухай уран сэтгэмж мэдрэмж адил
байсныг гэрчлэх баримт гэлтэй.
Гүр дууллын өгүүлэмжид дүрслэгдэх: “Диваажингийн орон” бол үргэлжид өвөлгүй
зунаараа байх, бороо цас, шавар шороо, намаг балчиг ч үгүй тийм нэгэн
үзэсгэлэнт ертөнц юм. Диваажингийн орны газар шороо нь: шүр сувд, номин
биндэряа, шил толь, алт мөнгө, тэргүүтэн элдэв эрдэнэсийг атгасан мэт адил, алт
мөнгөн шугам дөрвөлжин татсан талстат, гүдгэр хотгор үгүй, тун тэгш, зөв
зөөлөн, хөх өвс, элдэв зүйл цэцгүүд, модод ургасан, ариун ерөөлөөс бүтсэн асар
тансаг сайхан орон гэж үзжээ. Нөгөөтэйгүүр зохион туурвигчдын энэхүү асар уудам
орон зайн, орчлон ертөнцийн тухай сэтгэлгээ бол гүр дууллын аварга том агуулгыг
тодорхойлон буй болгожээ. Зохион туурвигчдын ертөнцийг үзэх сэтгэлгээ
бол: асар том орон зайн сэтгэлгээ байсан, энэ нь зөвхөн бурхан шашинтны
сэтгэлгээ бус, тэр үеийн нийт монголчуудын оюун ухаан, танин мэдэхүйн
сэтгэлгээн дэх сайн сайхан, төгс зохицол, юмсыг дүрсжүүлэн сэтгэсэн хийсвэр
сэтгэлгээний нэг ур чадвар юм. Энэ нь тэр үеийн зохион туурвигчдын төгс дүрийн
төлөө тэмүүлэх хүний ухамсар, гоо сайхан, ёс зүйн нэгээхэн түвшинг илтгэх
мэт.Ялангуяа гүр дууллыг зохион туурвигчдын гүн ухааны сэтгэлгээ нь:
ертөнцийн байгууламжийн тухай ойлголтыг маш гүнзгий авч үзсэн бөгөөд, энэ нь
эгэл жирийн хумхын тоосоос эхлээд тэрхүү хумхын тоосыг ч дотор нь арван зургаа
хувааж задлан үзсэн явдал юм. Тийнхүү хумхын тоосыг арван зургаа дахин хуваасны
нэгийг “эрхтэн нарийн тоос гэнэ” гэж нэр заан нэрлэсэн явдал юм. Ийнхүү
юмсын бүр нарийн бага жижиг бичил орчны дотоод мөн чанар, юмсын хамгийн жижиг
хэсгийг олох гэсэн, хумхын тоосыг хамгийн жижиг хэсэгт авч үзсэн, түүнийгээ
атом цөм протон болгон дотор нь задлан ангилсантай адил дүйцэх утгаар тайлсан юм.
Энэ нь дорнын гүн ухаан буюу буддын гүн ухааны үлх мэдлийн харьцаанаас эхлэн
юмс үзэгдэл бүхэн инагш чинагш, инагуухи чинагуухи харьцаатай, төгс ба төгс
бус, мөнх ба мөнх бус, эерэг сөрөг, их бага, эсрэг тэсрэг талуудын хувьсан
хөгжих шинж хийгээд тэдгээрийн шүтэлцээ холбоо нь: орчин зүй буюу бас сэтгэл зүй гэж үзсэнд оршино. Өөрөөр хэлбэл: алив юмс
үзэгдэл бүхэн сайхан муухай, үнэн ба хуурмаг, догшин ба амирлангуй, зовлон ба
жаргал, диваажин буюу там, нирваан ба нисваанис талуудтай гэж үзсэн. Гүр дууг
зохион туурвигчдын оюун ухаанд туссан нэг баримжаа бол сав, шим ертөнцөд зөвхөн
хүн байгаль, тэнгэр эрхис, газар дэлхийг хамруулаад зогсохгүй, түүнээс цааш хэд
хичнээн төрлийн орон зай, өөр бусад төрөл авагчдын бүхэл бүтэн
ертөнцүүд байдаг хэмээн тодорхойлсон явдал юм. Ингэж ертөнцийн тухай ойлголтыг
зөвхөн хүн бус, маш өргөн утгаар нь тодорхой нэрээр нэрлэн тайлбарлаж дүрсэлсэн
явдал нь тухайн сэтгэгчдийн гүн ухаан, танин мэдэхүй, хийсвэр сэтгэлгээн дэх
юмсыг дүрсжүүлэн ойлгох гэсэн ухаарал, бодрол, ойлголтын нэгээхэн үе шат буюу
тэдний уран сэтгэлгээний мэдрэмжийн дэвшил хэмээн үзэж болно. Түүгээрч барахгүй
гүр дууны шүлэглэлд “сав, шим” ертөнцийн тухай ойлголтыг амьд байгаль, хүнтэй холбон авч үзсэн өгүүлэмж “Сүмбэр уул” хэмээх
дуунд:
Эртний сайхан буянаар
Эрдэнэт хүний төрөл олоод
Чухаг энэ бие бээр
Ашид мөнхгүйн тулд
Өдөр шөнө насад
Буяныг сайтар үйлдсүү
Одны дотор дэлгэрсэн саран машид
илхэн
Олон хүний дотор чи минь илхэн
Халх долоон хушуунд
Их төрийн туг минь билээ л. . .
үүгээрээ амьтдын амгалан ба зовлон нь “үйл” хэмээн үзсэн буддын шашны гүн
ухааны номлолтой уялдуулан тайлбарлажээ. Иймээс ертөнцийн оронгуудыг ямар нэг
амьд биетэй холбосон ба ямагт амьтны үйлээс бүтнэ гэж үзсэн. Ертөнцийн амьтан
бүхэн хязгааргүй тул, ертөнцийн оронгууд ч хязгааргүй хэмээн ертөнцийн орон
зайн хязгаарын тухай асуудлыг хөндөн тавьжээ.
Арван зүгийн бурхадын
Асрахуй нигүүлсэхүй зээ ай дуу зээ
Нэгэн хамтаар чуулсан
Хоншимбодисадва зээ ай дуу зээ хи.
Түг Түмэн галт ертөнцийн цаана
Авид бурхан суумой. . гээд эдгээрээс “хүний ертөнц ” бол агуу орчлон гээд
“хүн”
гэдэг асуудлыг гол төвөө болгон энэ ертөнцийд амьтны дээд бол хүний төрөл олох хэмээн
хүнийг сургасан хүмүүжүүлсэн шүлэглэл олон байна.
“Эрдэнэт хүний төрөл олоод
Этгээд хоёр үйлийг зайлуулаад
Энэ ба хойд хоёр мөрийг бүрэн сэдэлтэй” буюу Цаст уулын арслан хэмээх дуунд:
Энэтхэгийн оронд
Дарнад болж хувилаад
Дарнадын хувилгаан
Богд Жавзандамба бээр
Монгол орноо хувилж
Шажныг дэлгэв
Төр бат болоод
Тэр богдын шажныг
Сайтар барин жаргая хэмээн шүлэглэсэн бол Эрдэнэт сургааль дуунд:
Эрдэнийн хумхи дотор
Элдэв эрдэнэ дүүрэн
Эрдэнэт хүний дотор
Элдэв эрдэм дүүрэн . . . гэжээ. Иймээс
хүн төрөхөөс үхэх хүртлээ хүний ёсны ерийн найман шидийг дамжина гэж
үзсэн нь тухайн цаг үеийн шашин сэтгэлгээнд гарсан дэвшилтэт сэтгэлгээний нэг
юм. Гүр дууг зохион туурвигчдын шүтэлцэлт сэтгэлгээ бол: юмс бүхэнд
хүслэн хийгээд бүтэшгүй үйл тэдгээрийн эсрэг
тэсрэгийн шүтэлцээ холбооны асуудлыг ямагт үлх ба үлэг мэдлийн харьцаанд юмсыг
хувьсах хөдөлгөөнд нь улиран хувьсах хийгээд эндүүрүүлэх
сэтгэлгээнд шүтэлцүүлэн авч үзсэнийг харж болно.
Иймд “Гальвангын эгшиг” хэмээх дууны шүлэгт:
Урьдын гальвангын хүүхэд
Өндгөн дотроо
Уран яруу дуу гаргаад
Улс нь чигналзах
янзтай гэх буюу өндгөн дотроо уран яруу дуу гаргаж байгааг хэн ч хэзээч сонсож
чадахгүй, харин өндөг нээгдсэн үед л сонсох нь ойлгомжтой. Иймээс гүр дуу нь
дүрслэлийн хувьд хүний оюун санаанд нөлөөлсөн, юмсын утга чанарыг тайлж
ухааруулах гэсэн хандлага байгааг харж болно.
Дүгнэн үзэхүл:
Гүр дууны шүлэг айзам,
ая аялгуу бол намуун дөлгөөн, уужуу тайван, уртлаг хэм хэмнэлтэй бөгөөд, юмсыг
ухаарч, бодож бясалгаж дуулах онцлогтой тул, шүлэг, айзам, хэм хэмнэл нь жирийн
монгол ардын урт дууны төв эрхэмсэг, эрэлхэг зоримог намба төрх, богино дууны
утга уянга, түргэн огцом хэм хэмнэл, хүрээ дууны донж маяг, шалиг аялгуунаас
эрс өөр бөгөөд түүний удаан тайван, намуун дөлгөөн, юмсыг ухааруулж, бодуулах
гэсэн бясалгалын урт татлага аялгуу нь хүний оюун ухааныг хөгжүүлэх гэсэн
хийсвэр сэтгэлгээний дүрслэмжээр дүүрэн юм. Номун хан гүр дундаа монгол урт
дууны уртлаг хэмийн сэтгэлгээний онцлогийг шашин номын бясалгалын гүн ухаарлын
шүлэглэл, монгол бичгийн хэлний сонгодог жишээн дээр авч тэдгээрийн холбоон
дээр “Гүр дуу” хэмээх өвөрмөц нэгэн бясалгалын дууны төрлийг зохион буй
болгожээ[4]”.
[Л.Э 2001.270-276]. Норовшаравын гүр дууны зохиомж агуулгын онцлог нь: бодит
ертөнцийн юмс үзэгдлийг хийсвэржүүлэн түүнээсээ эргээд бодитойруу шилжих утгын
гүн хэлхээ холбооны үйл үр дүнг, дууны оргил хэсэгт илрэх хүний сэтгэлгээний
дотоод ертөнцийн гүн бодролын дээд шүтэлцэлт хэлбэрийг аялгуугүй аялгуу,
хэмнэлгүй хэмнэл, дүрслэлгүй дүрслэл, дүргүй дүрээр баяжуулан, тасархай ба үл
тасархайн нэгдлээр эгшгийг холбон найруулж шүтэлцүүлсэн нь түүний бүтээлийн
агуулгыг улам баяжуулжээ.
Иймээс гүр дууг зохион туурвигчдын сэтгэл зүйн бас нэгэн өвөрмөц онцлог
бол: эцэс төгсгөлгүй үргэлжлэх орон зай, цаг хугацаанд ирээдүйн биелэгдэх
хүслийн хойноос тэмүүлж буй хязгааргүй хүслэн, хязгааргүй орон зай,
хягааргүй үргэлжлэх цаг хугацаанд төгс ба төгс бусын шүтэлцлээр үхэшгүй мөнхийн
хэлбэрээр орших хязгааргүйн цоморлиг бүтээл бөгөөд түүнээс суралцах нь
ч хязгааргүй. . .
Сайн үйлс
дэлгэрэх болтугай!
Ашигласан ном зүй
1.
Агванбалдан
сүмбүм “ Га” боть “Гүн утгыг дурдсан дууны дуулал тонилохуйд орохын үүдэн
хэмээгч оршвой” 18 хуудас, Монгол Улсын Үндэсний Төв Номын сан, төвд номын
хөмрөг;
2.
Агванбалдан
“ Хаврын охин тэнгэрийн дуулал хэмээх оршвой” 14 хуудас хүрээ бар, Монгол Улсын
Үндэсний Төв Номын сан төвд хөмрөг;
3.
Гончигжигмэдванбо
“Их тогтсон тааллын агулга, эрдэнийн эрхис оршвой”, Лхаса, 1981, 96 х;
4.
Гунгаажалцан
Сажа бандида “ Хөгжмийн шастир, Бээжин,
1988, 108 ;
5.
Гүр
дууны бичиг нэгдүгээр дэвтэр нь: Номун хан Лувсанноровшарав (1701-1768) гар
бичмэл дэвтэрийн хуулбар эх, зохиогчийн хувийн цуглуулгад буй. Гүр дууны бичиг нэгдүгээр дэвтэр нь: гар
бичмэл, хар өнгийн хатуу хавтастай, 17х10.5 см хэмжээтэй, цулгуй цаасан дээр
хулсан үзгээр ар өвөргүй хар бэхээр,
худан монголоор бичсэн нийт 90 хуудастай;
6.
Гүр
дууны бичиг нэртэй хоёрдугаар дэвтэр нь: хар бэхээр, хулсан үзгээр нийт 77
хуудас ар өвөргүй бичсэн гар бичмэл бөгөөд нийт дэвтрийн хуудас 104 байв.
Энэхүү 2-р дэвтэр нь Монгол Улсын Төв номын сангийн эртний судлалын сан хөмрөгт
буй;
7.
Гүр
дууны бичиг гуравдугаар дэвтэр нь: “Хуучин дуунуудын үгс” нэртэй, хар бэхээр, хулсан үзгээр бичсэн 26.
5х1. 3см өргөнтэй, 168 хамар муутуу
цаасан дээр ар өвөргүй бийрээр бичсэн гар бичмэл;
8.
Гүр
дууны бичиг дөрөвдүгээр дэвтэр нь: нийт
156 хамар цагаан цаасан дээр ар өвөргүй хулсан үзгээр, хар бэхээр, бичсэн гар
бичмэл, 20. 5х19. 5 см хэмжээтэй хуулбар эх,
зохиогчийн хувийн цуглуулгад хуулбар эх;
9.
Гүр
дууны бичиг тавдугаар дэвтэр нь: 13х 11 см хэмжээтэй, гар бичмэл, нийт 53
хуудастай, хар улаан өнгийн шунх холилдуулан гүр дууны шүлэг бүрэн бус;
10.
Гүр
дууны бичиг зургаадугаар дэвтэр нь: нийт 94 хуудастай, 9х6 см хэмжээтэй, хар
бэхээр монгол үсгээр бичсэн, зөвхөн дууны шүлгийг тууш шугамтай дэвтэрт хуулж
бичсэн эх байв. Эл дэвтрийг гүр дууны бичиг долдугаар дэвтрийн хамт
Гандантэхчилэн хийдийн лам Пэлжээгийн
хувийн цуглуулгаас олж үзсэн ба уг гар бичмэл эх нь нилээд хожуу үед хуулбарлан
бичсэн байдалтай, шар даавуун хавтастай, тусгай жижиг ууттай, хуудасны завсар
улаан өнгийн утсан оосор хавчуулсан байв;
11.
Гүр
дууны бичиг долдугаар дэвтэр нь: нийт
132 хуудастай, 9х6 см буюу зөвхөн дууны шүлгийг хар улаан өнгийн шунх
хольж төвд үсгээр, тууш шугамтай дэвтэрт
хуулбарлан бичсэн эх байв. Эл дэвтэр нь зургаадугаар дэвтрийн хамт нэг уутанд
байсан ба бичилтийн хувьд зөвхөн дууны шүлгүүдийг бичсэн буюу зарим хуудас
цулгуй хоосон байв. Энэхүү дэвтэрт орсон шүлгүүд нь Гүр дууны бичиг нэгдүгээр
дэвтрийн шүлгүүдээс хуулбарлан авсан мэт боловч, ихэнх дуу дутуу бичигдсэн,
орхигдсон, алдаа мадаг ихтэй байсан тул,
эх бичгийн судалгааны эх
хэрэглэгдэхүүнээр жишээ болгон аваагүй болно;
12.
Гүр
дууны бичиг” наймдугаар дэвтэр нь: гарчиг үгүй, шууд хэдэн дууны шүлгийг төвд
үсгээр бичсэн, гар бичмэл хожуу үеийн хуулбар эх;
Дамцагдорж Барагри “сав шим ертөнцийн үүсэл, орших,
эвдрэх хугацаа сэлтийг товч тодорхой үзүүлсэн эрдэнийн зул хэмээгдэх оршвой”,
Халх модон барын хэвлэл, хуудас 180, Гандан тэгчилэн хийд, Урлахуй ухааны
төвийн төвд хөмрөг 1990;
Odoogoor Gur duuny 8 gar bichmel oldood baina
ReplyDeleteСайн байна уу багш аа Сайхан намаржиж байна уу. Гүр дууны эртний монгол ноотны тэмдгэлгээ байвал өгөөч
ReplyDelete
ReplyDeleteМаш сайхан судалгааны ажил болжээ. Танд амжилт хүсэхийн ялдамд санал дэвшүүлж буйг минь болгооно уу. Гүр дуу бол тэнгэрлэг өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн зүйрлэхийн аргагүй эрхэм баялаг билээ. Би бээр морин хуур зэмсгээ хүүхэд залууст мэдүүлэхээр шамдан буй эгэл жирийн багш билээ. Танд гүр дуунуудын шүлэг болон аялгууны тэмдэглэгээнүүд байгаа болов уу. Бид үүнийг уламжлан авч хөгжимдөж, дуулаад зогсохгүй залуус дүү нартаа сургаж байвал тун сайн үйл болохсон гэж мөхөс би бодном.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
ReplyDeleteТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
whatsapp: 15733337443
Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
เว็บไซต์: www.drpradhanurologist.com