Sunday, April 21, 2013

О. Дашбалбарын (1957-1999) “Шанзны эгшиг” шүлгийн Инагуухи Чинагуухи утга



Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач



Түлхүүр үг: О. Дашбалбар агсны “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын Соёл судлал эрдэм шинжилгээний илтгэлийн төрөлд шүлэгт гарч буй эгшиг сэтгэлгээний утгыг дорно дахины хөгжмийн онолын үүднээс авч үзсэн нь:
Монголын нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Шанзны эгшиг” шүлгийн сэтгэлгээний онцлог бол: инагши байх ил утгандаа монгол соёлын уугуул хөрсөн дээр идээшсэн, монгол ахуй, ёс заншлаар баяжигдсан монгол хөгжмийн “ахуй сэтгэлгээ” бөгөөд чинагши байх далд утгандаа, дорнын гүн ухаан, урлахуй ухааны “сэтгэл төдийхөнтний” үзэл баримтлалтай уялдан холбогдсон уран дүрийн “дүрслэлт сэтгэлгээ” юм.

Зохиогч эл шүлгээ 1988 оны үест туурвижээ. Эл шүлэг нь: нийт найман цуврал, хэсэг буюу хэсэг бүр нь тав таван бадаг сүүлийн хэсэг нь гурван бадаг нийт гучин найман бадгаас бүтжээ. Дашбалбарын “шанзны эгшиг” шүлэг нь хэдийгээр хайр энхрийлэл,
утга уянгын сэдэвтэй ч түүний дотор дүрслэгдэж буй хөгжмийн авиа эгшгийн нэр томъёо, өгүүлэмж дүрслэгдэхүүнийг иш үндэс болгон монгол хөгжмийн эгшиг дуурьслын  болон дорно дахины хөгжмийн онол арга зүйн үүднээс тайлбарлан авч үзэх сонирхол төрсөн юм. Очирбатын Дашбалбарын шүлэг яруу найраг нь: ХХ-р зууны сүүл үеийн Монголын шинэ цагийн яруу найргийн түүхэнд холбогдох боловч, уран дүрслэл сэтгэлгээний хувьд, монгол хөгжмийн эгшиг дуурьслын онцлогоор дамжуулан ертөнцийн юмс үзэгдлийг тайлбарлан авч үзэх гэсэн дорнын дуун ухааны сэтгэлгээний гүн холын санаа агуулсан болно. Бид нэгэн үеийн Москвагийн оюутнууд байлаа, хаана л бол хаана элчин сайдын яамнаас зохиосон урлаг уран сайхны арга хэмжээнд хамтран оролцдог байж билээ. Энэ үеээс бид бие биеийнхээ уран бүтээлтэй танилцах болсон бөгөөд нэгэн удаа тэрээр хэлэхдээ: Монголчууд ер нь хүнийг бүтэн нэрээр дууддаггүй, иймээс та бүхэн намайг бүтэн нэрээр минь бус Балбараа хэмээн дуудаж бай гэж билээ. Эл учраас хойшид товч нэрээр нь дурдаж бичье.  

Ерөөс Балбарын шүлэгт хөгжмийн авиа эгшгийн дуурьсал нь зүгээр нэг энгийн дуурьсал байгаагүй, маш өвөрмөц дуурьсал байсныг доорхи өгүүлэмжээс харж болно. Тэрхүү өвөрмөц дуурьсал, хөгжмийн авиа эгшиг, түүний мөн чанарын тухай дорнын гүн ухааны сэтгэлгээний урсгал чиглэл бүхэнд үзэл баримтлалын өөр өөр хандлагууд гарч байсныг бид харьцуулан үзэж болох юм.  Балбарын шүлэгт гарч буй шанзны авиа бол: зөвхөн нэг үгээр илэрхийлэн дүрслэгдсэн авиа бус, дон дон, бөн бөн, гангар гунгар, дэгэн догон аястай, доргиотой долгиотой, цуурайтай цуглаатай, аргил  баргил, эрдүү эршүү, хонхон мөнгөн, аядуу намдуу дуутай хүний сэтгэлийн дотоодод гэгэлзсэн хос юмсын харилцаа холбоо, арга билэг, хатуу зөөлөн, эр эм, наадах, цаадах, ил далд хосмолжин юмсын хөдөлгөөнтэй өвөрмөц дуурьсалтай эгшгүүд юм.

Балбарын “шанзны эгшиг” шүлгийн бүтцийг авч үзвэл: нийт гучин найман бадаг бөгөөд түүний арван нэгэн бадагт нь “монгол шанз” хөгжмийн ая эгшиг, дуурьслын онцлогийг тусгасан мөрүүд байгаа болно. Үүнд: шанзны эгшиглэх эгшгийн чимээг: дон дон хөглөгдөх дуутай, хонхон дуутай, мөнгөн дуутай, аргил дуутай, аялгуут дуутай, эрдүү дуутай, намуун дуутай, ардын дуутай, ардын аялгуутай, аялгуут шанзны эгшиг, монгол шанзны эгшиг хэмээн тодотгоод, ая эгшгийн эгшиглэх талыг нь олон төрөл зүйл эгшгийн дүрслэгдэх утгаар өгүүлсэн бол, хөхөөн дуу тасарлаа, начин шонхор хоёр хол одлоо гэсэн мөрүүдээр хүн байгалын хэлхээ холбоог шувуун дуутай зүйрлэсэн буюу, доргиотойхон цуурайтайхан тоглохоор хэмээн эгшиг үүсгэх хөгжимдөх арга ухаан, эгшиг дүрслэх ур зүйн тухай өгүүлээд, саран цартай, дугуй цартай шанз хэмээн түүний хийц бүтцийн онцлогийг нь хүртэл дүрслэн илэрхийлсэн өвөрмөц өгүүлэмжүүд байгаа болно. Ингээд шанз хөгжмийн тухай бичигдсэн арван нэг бадгийг тусад нь авч үзье.   

Дон дон хөглөгдөх шанзны аясаар уйлаад
Догон дэгэн аястай сэтгэл баахан гэгэлзэнэ
Гангар гунгар дуугаран галуу шувууд зэллээд
Газар холын хүний үр надад хааяа санагдана. . .

Зохиогч энэ хэсэгт шанзны дуу авиаг дон дон дуутай хэмээн яг л шанз хөгжмийн энгийн цохилгын аясаар дуугарах эгшгийн байдлыг догон дэгэн ая хэмнэлтэй, хүний гэгэлзсэн сэтгэлтэй дүйцүүлэн дүрсэлжээ. Харин үүнийг гадаад ахуй бус монгол хүн л монгол ахуйгаар дамжуулан дүрслэн ойлгох нь дамжиггүй.

Саран цартай шанзнаас нь салхи гарахыг үзээд
Сайн хүний үрийг санаж явах болсон юм…
Дугуй цартай шанзнаас нь дуу гарахыг үзээд
Дурлам хөөрхөн түүнийг дурсаж суудаг болсон юм гэх

Эл хэсэгт шанз хөгжмийн бүтэц дүрслэгдэхүүнийг илэрхийлсэн хэдий ч түүний эгшгийн чимээг салхины сэрчигнэх чимээ нь яван явсаар дуу аялгуу үүсгэж буй  эгшгийн утгыг дүрсэлсэн байна.

Эрдүү дуутай шанз нь эр биеийг сульдаана
Энэ хорвоод төрсөн юм, эгшиг дуугий нь сонсууштай
Аргил дуутай шанз нь алд биеийг амраана
Ашдын заяатай төрсөн юм, ая хөгий нь мэдүүштэй…

Энэ хэсэгт эрдүү дуутай шанзны эгшиг нь эр хүйсийг догдлуулах ч энэ л хорвоод эгшиг дуугий нь сонсолтой хэмээн сургасан өнгө аяс дүрслэгдэнэ. Харин аргил дуу аялгууны чимээнд алд бие амарч алжаалаа тайлж ая хөгийг нь мэдэж сурах нь чухал гэсэн сургамжийн санаа агуулагджээ.

Доргиотойхон тоглохоор нь долоон эгшиг үүснэ дээ
Догдолж суугаад сонсохоор доголон нулимс унана даа.
Цуурайтайхан тоглохоор нь цувраа эгшиг үүснэ дээ.
Цугаараа суугаад сонсохоор цурамхийлгүй хононо доо . . .

гэх эл хэсэгт шанз хөгжмийг хэрхэн яаж хөгжимдөж болох вэ? гээд доргиох, товших, дуржигнуулан хөгжимдөх буюу цуурайтуулан гуншигнуулж, цангинуулан дуугаргах авиа эгшгийн мөн чанарыг ойлгон ухаарч байсныг харж болно.  Түүнчлэн

Ая эгшгийн орчлонд нь амьдарч байгаад буцна даа
Ариун санаатай чамайгаа хайрлаж яваад дуусна даа
Үр жимстэй хорвоод нь үерхэж яваад буцна даа
Үнэн сэтгэлтэй чамайгаа хайрлаж яваад дуусна даа . . .

гэх эл хэсэгт: хүний орчлонд бол ая эгшиг ямар чухал вэ? гэдгийг илэрхийлж байгааг эндээс харж болно.

Тогоруун цуваа зэллэсээр тойрмын дээгүүр эргэлдэнэ
Томоогүй олон багачуудаас Анимаагаа л гэнэм
Шаргал талын цэцэгс нь бие биедээ эрхэлнэ
Шанзны бүлээн аялгуу нь нэг нэгэндээ уусна. . .

Эл хэсэгт “шанзны бүлээн аялгуу”-гаар хөгжмийн эгшгийн намуун дөлгөөн, уужуу тайван, уянгалаг найланхай аялгуу бол хүний сэтгэлийг ч байгалийг ч уяраана гэсэн санаа агуулагджээ.  
Наргил шаргал модонд хөхөөн дуу тасарлаа
Намар оройн сэрүүнд чинийхээ нөмөрт хоргодъё!
Начин шонхор шувуу нь тэртээ ууланд нислээ
Насны энэхэн үедээ чинийхээ үгийг сонсъё! гэсэн энэ хэсэгт:

Хэдийгээр шанзны дуу авиан дунд хөхөөн дуу, начин шонхор шувуудыг оруулан шүлэглэсэн нь ертөнцийд орших хүн байгалийн харилцаа холбоо тэдгээрийн цаад утга учрыг тайлж мэдэх гэсэн хүсэл тэмүүлэл гэж үзэж болно.

Алтан мөнгөн одод үүдэн дээр чинь гэрэлтэнэ
Аялгуут шанзны эгшгээр үүр цайтал учирлана
Арван тавны саран тоонон дээр чинь мэлтийнэ
Ардын дуугаа сонсохоор дотор жаахан уужирна. . .  гэсэн хэсэгт:

Аялгуут шанзны эгшиг, ардын дууны аялгуунд хүний сэтгэл уярдаг гэсэн   дуун эгшгийн мөн чанар цаад увидас утгын тухай дуулжээ.  
Хонхон дуутай навчис нь хоёр нэгээрээ унана
Ховорхон төрсөн тэр минь өглөө үдэшгүй сэрвэлзэнэ
Мөнгөн дуутай навчис нь өөдөө уруугаа нисэлдэнэ
Мөнх бусын хорвоод мөр мөрөө түшилцнэм… гэх эл хэсэгт:

Хонхон дуутай навчис, мөнгөн дуутай навчис хэмээн байгаль дэлхийн ургамал цэцэгс, үр жимс бүхэн өөр өөрийн дуутай, дуу бүхэн өөрийн утгатай хэмээн дуу чимээ авианы утга, учир холбогдлыг авч үзсэн нь ил нот. 
Алтан хундаганы ёроолд амтат дарс үзэгдсэнгүй
Аялгуут шанзны эгшиг шөнөжин намайг зовооно

Морин хундаганы ёроолд молор дарс үзэгдсэнгүй
Монгол шанзны эгшиг шөнөжин намайг зовооно…гэх энэ хэсэгт:

Аялгуут шанзны эгшиг, монгол шанзны эгшиг бол өвөрмөц аялгуутай ч түүний ил далдын болон байгаа байхгүйн, өдөр шөнийн, инагуухи чинагуухи утгыг олох, юмс үзэгдлийн мөн чанарыг танин барих нь ч бэрх гэсэн санаа юм.  
Хавцал хадны ёроолоос хүйтэн булаг оргилно
Хатуу ширүүнийг туулаад хүүтэйгээ хоёулаа жаргана
Аргилхан шанзны эгшиг өөр өөр л байдаг ч
Анимаагаа гэсэн хайр гав ганц л билээ… гэсэн энэхүү сүүлчийн мөрт:

Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн өөр өөрийн өвөрмөц онцлогтой, учир шалтгаантай, шалтгаан үрийн холбоотой ч, түүний дотроос хүн орчлонгийн утга учир, хүний сэтгэлийн увидас бол агуу зүйл гэсэн дорнын сэтгэгчдийн сэтгэл төдийхөнтний урсгалыг даган барьсан хүний нандин сэтгэлийг дээдлэх үзлийг баримталснаараа “Сэмзамбын ёсныхны” үзэл онолтой холбогдож байгаа нь илт.    

Балбарын гүн ухааны сэтгэлгээ бол: инагш байх наад утгандаа тухайн үеийн яруу дуучдын дунд дэлгэрч байсан хөг эгшгийн уламжлалаар дамжуулан хүний ертөнцийн жам журам, хайр энхрийллийн сэтгэлгээг тусган дуулсан уянгын бодит сэтгэлгээ боловч, далд байх чинагш утгандаа үг хэл  дүрслэгдэхүүний хувьд, монгол хөгжмийн эгшиг, авиа дуурьслын онцлог, хөг аялгууны утга чанарыг монгол хөгжмийн сэтгэлгээгээр тайлбарлах гэсэн хүсэл нь дорнын хөгжмийн сэтгэлгээгээр урлах “Сэмзамбын ёсны” үзэл онолтой холбогдож байгаагаараа нэн онцлогтой юм.  

Иймээс Балбарын шүлэгт өгүүлэн буй хөгжмийн дуу авиа бол  түүхийн он цагийн эрхээр сэтгэлгээний олон зүйл шалгуурыг даван туулж ирсэн  хүний сэтгэлийн ур ухаан шингэсэн “уран дүрслэлийн” увидаст эгшиглэгээ юм. Иймээс дуун урлахуйд авиа эгшиг ямаг үүрэгтэй, түүний утга учрыг тайлбарлан таниулж байсан дорнын сэтгэгчдийн үзэл онол, иш баримтлалын түлхүүрээр түлхүүрдэн үзвэл: дорно дахины их сэтгэгчдийн дунд, дуун урлахуйн авиа эгшиг, тэдгээрийн дуурьслын онцлогийг хэрхэн танин барьж байсан  уламжлалыг товч авч үзэх нь зүйтэй  болов уу?

Ерөөс хөгжмийн авиа эгшиг, түүний мөн чанарын тухай дорнын гүн ухаан, урлахуй ухааны сэтгэлгээний урсгал чиглэл бүхэнд үзэл баримтлал сэтгэлгээний өөр өөр чиглэлүүд гарч байсан бөгөөд, тэдгээрийг дан ганц буддын гүн ухаан Монголд нэвтэрч ирсэн 17-18-р зууны үеийн зохиол бүтээлд тулгуурлах бус, түүнээс өмнө үед гарч байсан зохиол бүтээлийн гүн ухааны сэтгэлгээний холбоо харилцаанд нь сүлжилдүүлэн авч үзэх нь чухал юм.

Ер  нь утга зохиол, урлаг бол тэр чигээрээ хүний оюун сэтгэлгээгээр, уран сэтгэмж, уран дүрслэлийн үр дүнд буй болдог учраас тэдгээрийг “уран бүтээл” гэж нэрлэж иржээ. Иймээс уран бүтээлийг хэн бүтээдэг вэ? гэвэл хүний оюун санаа,  уран сэтгэмж сэтгэлгээ л бүтээх тул, урлаг бол тэр чигээрээ хүний түүх, хүний оюун санаа, уран сэтгэмж, сэтгэлгээний болон тухайн нийгмийн түүх гэж хэлж болно. Иймээс хүн нийгмийн эрин зуун, он жилүүд бүхэнд дуун урлалын уран сэтгэлгээний өөр өөр урсгал чиглэлүүд гарч хөгжсөн нь тодорхой. Үүнд: урлаг дахь хүний оюун ухаан, сэтгэхүй сэтгэлгээ, уран сэтгэмжийн түүхийг сөхвөл: эрт үеэс уламжлан ирсэн баларлаг ахуй сэтгэлгээ, тотем онго шүтээний сэтгэлгээ, тэнгэр эрхсийг тахих сэтгэлгээ, байгалийг тахих сэтгэлгээ, домог зүйн сэтгэлгээ, бөө мөргөлийн шүтлэгийн сэтгэлгээ, танин мэдэхүйн сэтгэлгээ, шашин сэтгэлгээ, бурханчлах сэтгэлгээ, шинжлэх ухаанч сэтгэлгээ, техникийн сэтгэлгээ, гүн ухаанч сэтгэлгээ, уран сайхны сэтгэлгээ, даяарших сэтгэлгээ, оюун ухааныг дээдлэх сэтгэлгээ  гэх мэт үзэл бодол ухаарал бодрол, танин мэдэхүйн  сэтгэлгээний уламжлал нь тухайн эрин цаг үеээ дагаад урлагт ч өөр өөрөөр тусгагдаж ирсэн онцлогтой юм.

Тухайлбал монголчуудын эртний буюу дундад зууны үест зохиогдсон дуун ухаан, дүрслэх урлаг, яруу найраг, зохист аялгуу, дуу хөгжмийн өдий төдий сурвалж бичгүүдэд үгээр, авиа эгшгээр, аялгуугаар, дүрсээр танин барих туурвил зүйн уран сэтгэмжийн асуудлыг өргөн дэлгэр тусгаж ирсэн хэдий ч, түүндээ буддын гүн ухааны буюу урлагийн гоо зүй, гоо сайхан, уран сайхны болон шинжлэх ухаанд холбогдох задлан шинжлэл, онол арга зүйн нарийн тайлбар дүгнэлтүүдээр баяжуулан хөгжүүлсээр иржээ. Тухайлбал нэн эртний үеэс эхлэн дуун ухааны чиглэлээр ая дангийн холбогдол бүхий судар шастир сургааль айлтгал олноор туурвигдан  ирсний заримаас дурдвал: бүр МЭ ний 7-р зууны үест холбогдох Ловон Зандраагомийн “Оюуныг гийгүүлэгч дууны шастир”, “Сайн оюут хоолойн чимэг”, “Цэнгэлийн эгшиг”, Сажа Амя-гийн цэнгэлийн шастир-эгшгийн тайлбар, Сажа Бандида Гунгаажалцаны “Цэнгэлийн эгшиг” шастир, Жамъян Бамбогийн ”Чанчин ролмойн данчой”, Чойжшийравын “Ян ег, рол ег” Сажава-гийн “Пүрба и ян ег”, “Юан гүрний үеийн хаадын ордны хүндэтгэлийн дуу хөгжим”, ордны хөгжмийн гурваар тэгшитгэх хөгжмийн шастир,  Чин сүзэгт номун ханы “гүр дуулал ” гэхчлэн олныг нэрлэж болох юм.

Дорно дахины дуун ухааны үзэл номлол дээр тулгуурлан зохиогдсон эдгээр дуу хөгжмийн шастир нь хэдийгээр эртний буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, хөгжмийн гоо зүй, сэтгэл зүйн асуудлыг тусгасан ч, яг үнэн чанартаан бол хүний гоо зүй, гоо сайхан, урлагийн сэтгэлгээ, шинжлэх ухаанч сэтгэлгээ, хөгжмийн онол зүй, танин мэдэх, уран сайхны сэтгэлгээний асуудлуудыг дэлгэн гаргаж, тайлбарлан таниулах, хөгжүүлэн дэвжүүлэх оролдлого хийж байсан нь тухайн үеийн хүн соёлжил, оюун санааны түүхэнд гарч ирсэн томоохон амжилтын нэг байсан гэж үзэж болно.  Тухайлбал эрт үеэс буддын гүн ухааны сэтгэлгээний дөрвөн гол урсгал чиглэл гарсан бөгөөд тэдгээр бүгдэд урлаг,  уран сайхан, яруу найраг, дуун ухааны эш онолын сургаал ёсны өвөрмөц үзэл баримтлалууд  гарч ирсэн байна. Үүнд:

1.                                Өвөрмөц өгүүлэгчдийн ёс буюу Жэбрагмраба-Вайбхашика,

2.                                Судрын аймагтны ёс буюу Додеба-Саутрантика,

3.                                Сэтгэл төдийтөн буюу Сэмзамба-,

4.                                Төв үзэлтэн буюу Умаба-Мадхъямака-гийн ёсны гүн ухааны сэтгэлгээний урсгал чиглэл бүхэнд  дуун урлахуй ухааныг хамтад нь хөгжүүлж байжээ.

Эдгээр урсгал чиглэл бүхэнд буддын бага таван ухаанд холбогдох яруу найраг, зохист аялгуу, дуун ухаан, урлах ухаан, одон зурхай, холбон найруулах арга ухаан бүхэнд хөгжмийн авиа эгшгийн учир холбогдол тэдгээрийн утга чанарыг тайлбарлан таниулж байжээ. Тухайлбал: буддын гүн ухаантан бүр өөр өөрсдийн үзэл онол, урсгал чиглэлийн үүднээс юмсын гадаад дотоод мөн чанар, юмс үзэгдлийн учир шалтгааны тухай урлахуйн болон гүн ухааны сэтгэлгээний үүднээс тайлбарлан таниулж байсан ба эдгээр үзэл онол бүгд бие биеээсээ ялгагдах өвөрмөц онцлогтой байсан байна. Жишээлбэл:

Буддын гүн ухаанч сэтгэлгээний хамгийн эхэн үеийн урсгал чиглэл нь: Жэбрагма, Ригбажин, Данжанба, Жодбэба, Жэрбүба, Жанпэнпа-гийн үзэл онол байсан ба тэдгээр нь юмсын дотоод мөн чанарыг судлан тайлбарлах сэтгэлгээнд тулгуурлан зургаан өөр үзэл баримтлал нь зургаан хэсэг болон задран гарч ирсэн байна.

Үүний дараагаар Буддын гүн ухаанч сэтгэлгээний номлолын түрүүч үе хэмээн нэрлэгдэх “Өвөрмөц өгүүлэгчдийн ёсны” үзэл онолын урсгал чиглэл гарчээ. Энэ нь дотроо үзэл онолын хувьд эрс тэс өөр арван найман урсгал чиглэл болон хөгжиж задарсан гэж үздэг байна.

Түүний дараа үед “Судрын аймагтны ёсны” үзэл онолын урсгал чиглэл гарч ирсэн ба тэр нь дотроо хоёр өөр үндсэн чиглэлийг буй болгожээ. Түүний эхнийх нь:  “Ухааныг дагагч судартан” удаахи нь: “Үндсийг дагагч судартан” хэмээх үзэл онол гарч хөгжжээ.

Түүний дараа үед “Сэтгэл төдийхөнтний ёсны” үзэл онол буюу Сэмзамба нарын ёсныхон хэмээн нэрийдэх урсгалынхан гарч ирсэн ба тэдгээр нь: юмс үзэгдэл бүхэн сэтгэлийн урлалаас үүснэ, ялангуяа урлаг бол сэтгэлийн хөдөлгөөнөөс буй болно, сэтгэл бол юмсын дотоод мөн чанар хэмээн үзэж байсан ба үүн дотроо ч нилээд олон өөр үзэл бодлын урсгал чиглэлүүд гарч тэдгээр нь цааш таван хэсэг болон задарсан байна. Үүнд: “Тийн илбийн сэтгэл төдийхөнтөн”, “Ишийг дагагч сэтгэл төдийхөнтөн”, “Тийн үнэн сэтгэл төдийхөнтөн”, “Тийн сэтгэл төдийхөнтөн”, “Ухааны үндсийг дагагч сэтгэл төдийхөнтөн” гэсэн таван өөр урсгал чиглэлүүд гарчээ.

Харин тэдгээр гүн ухааны сэтгэлгээний урсгал чиглэлүүдийн дараагаар аливаа дуу хөгжмийн дуу авиа нь  мөнх ч бус тасархай ч бус хэмээн хоёр өөрөөр үзэж байснаас үүдэн үзэл бодлын эш онолын зөрөө гарч байснаас тэдгээрийг шүүмжлэн гарч төв үзлийг баримталсан “Төв үзэлтэн” нар гарч иржээ. Тэд төв үзэл буюу хоосон чанар гэдгийг тайлбарлахдаа: юмс үзэгдлийн язгуур шинж чанарыг танин мэдэх гэсэн утга гэсэн бөгөөд, төв үзэл хоосон чанар бол  аливаа юмсын тэг дундуур буюу голч төв, алтан огтлолын тухай ойлголт биш хэмээн тайлбарлаж байжээ. Харин төв үзэлтний гүн ухааны сэтгэлгээний дотор олон зүйлийн өөр үзэл баримтлал гарч тэдгээр нь цааш арван зургаа, хорин зүйлийн урсгал чиглэл болон задарчээ. Тэдний нэг нь “давуулагч төв үзэлтэн” нар байв. “Давуулагч төв үзэлтэн” нарын дотор бас үзэл бодлын зөрөө гарч “Ёогийн бодолт төв үзэлтэн“Судрын явдалт өөрийн үндэст төв үзэлтэн” нар гарч ирсэн бөгөөд тэднийг шүүмжлэн “Ухааныг дагагч төв үзэлтэн” нар гарч иржээ.

Харин энэхүү үзлийн дотоодод “Судрын аймгийн явдалт төв үзэлтэн” нөгөө нь “Ёогийн явдлын үзвэргүй төв үзэлтэн” гэсэн урсгалууд гарч иржээ. Харин  “Ёогийн явдлын үзвэргүй төв үзэлтэн”- ний дотор үзэл бодлын хоёр өөр урсгал чиглэл гарсан ба тэдгээр нь: “Үнэн лүгээ зохилдох төв үзэлтэн” “Худал лугаа зохилдох төв үзэлтэн” нар байжээ. Эл бүхнээс үзэхэд төв үзэлтэн нар нь дангаараа бус өмнөх үзэл бодлын дөрвөн том урсгал чиглэлийн ишийг даган үүсэн, цааш хөгжсөн нь тодорхой байна. Ийнхүү буддын гүн ухааны үзэл бодол, сэтгэлгээний урсгал чиглэл бүхэнд юмс үзэгдлийн тухай, хөгжмийн гоо зүй, сэтгэл зүй, онол сургааль, танин мэдэхүйн өөр өөр үзэл баримтлал дүгнэлтүүд  гарч байсан ба тэдгээрийн ерөнхий тоймыг авч үзэхгүйгээр бүх зүйлийг дан ганц хоосон чанарын урсгал чиглэлд хамаатуулан тайлбарлаж, тэр л үүднээс асуудлыг авч үзэх нь учир дутагдалтай юм. Тухайлбал бидний ярьж бичих, хэлэлцэх дуртай “хоосон чанарын үзэл” баримтлалын талаар Монгол сэтгэгчид  гүн ухаантан нар маш олон талаас нь судлан авч үзэж байсан түүх байна. Үүний заримаас дурдвал: Ловон Балдандаваадагва[4] “Төвд орохуй” зохиолынхоо зургаадугаар бүлэгт: Хоосон чанарыг дотор нь: дотоод хоосон чанар, гадаад хоосон чанар,  гадаад дотоод хоосон чанар, хоосонхүү хоосон чанар, их хоосон чанар, үнэмлэхүй хоосон чанар, хуран үүдсэн хоосон чанар, хуран эс үүдсэн хоосон чанар, хязгаараас нөхчсөн хоосон чанар, тэргүүн эцэс үгүй хоосон чанар, гээгдэх үгүй хоосон чанар, өвөрчлөн хоосон чанар, хамаг номын хоосон чанар, өөрийн билэг чанарын хоосон чанар, зоригдох үгүй хоосон чанар, бод үгүй хоосон чанар, бодисын хоосон чанар, өөрийн бодолт хоосон чанар, бусдын бодолт хоосон чанар” (Л. Б) гэхчлэн арван найман тусгаар аймаг бүлэг болгон задлан ялгаж тайлбарлан авч үзсэн байна. Энэ нь хоосон чанарын үзэл онолын тухай маш олон зүйлийн үзэл баримтлалууд гарч байсныг ойлгуулан тэмдэглэсэн хэрэг юм. Ингэж дэлгэрүүлэн авч үзэхээс гадна бас хоосон чанарын мөн чанарыг товчлон хураан авч үзэх арга ухаан байдаг тухай тайлбарлахдаа: “Манай дотоод олон тогтсон таалалтангууд үзэл онолоор маргах гэж маргалдсан бус, харин үнэн чанар дээрээ өгүүлж буй бодгасын уг сурвалж, цаашид баримтлах ёсны тухайтад аргыг хэрэглэж, доод нь доодсын тогтсон тааллыг мэдэхгүй бол, дээдсийн ухаан хүрч яахин мэдэх, суурь ухаан иш онолыг нарийвчлан үзэхгүйгээр зөвхөн дээрээс хий хоосон “хоосон чанар хоосон чанар” хэмээн хэд хичнээн хэлсэн ч ухаан болохгүй, харин ч буруу ухаарал болж магад” (Л Б) хэмээн сургаж байжээ. Өөрөөр хэлбэл монголд болж буй бүх зүйлийг зөвхөн ганц хоосон чанарын үзэл онолд хамаатуулан авч үзэх үзлийг шүүмжлэн сургасан сургааль юм. Энэ нь яг үнэн хэрэгтээ: алив юмсын дотоод мөн чанарыг сайтар судлан ухааран авч үзэхийн чухлыг заасан юм. Ерөөс алив зүйлийг дорнын гүн ухааны үзэл онолын иш үндэстэй холбон авч үзэхийн өмнө, буддын гүн ухааны үзэл онолын эш үндэс, тэдгээр урсгал чиглэлийн бүтэц бүрэлдэхүүн, урсгал чиглэл бүхнийг даган гарч ирсэн онол сургааль, үзэл баримтлалын талаар авч үзэх нь чухал гэж сургаж байжээ. Эл үүднээс авч үзвэл, Балбарын “шанзны эгшиг” хэмээх шүлгийн агуулгад хүний сэтгэлийг гол болгон авч үзсэн шүлэглэл байгаа бөгөөд энэ нь дорнын гүн ухаан урлахуй ухааны “Сэтгэл төдийхөнтөн” буюу “сэмзамба” нарын ёсны үзэл онолтой шууд холбоотой юм.

 Дон дон хөглөгдөх шанзны аясаар уйлаад
Догон дэгэн аястай сэтгэл баахан гэгэлзэнэ
Гангар гунгар дуугаран галуу шувууд зэллээд
Газар холын хүний үр надад хааяа санагдана. . .  гэсэн энэ хэсэгт зохиогч дон дон дуутай шанзны энгийн цохилгын аясаар дуугарах эгшгийн цуурайт байдлыг догон дэгэн аястай гэгэлзэж  буй хүний сэтгэлийн хөдөлгөөний шинж байдалтай жишиж уялдуулсан нь яах аргагүй хүний сэтгэлийн далд увидасыг танин мэдэх гэсэн сэтгэлийн урлал, сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн дүрслэл  юм.

Харин хүний сэтгэлийг гол болгон авч үзэж байсан дорнын их сэтгэгч    Гүнчинжигмэдванбу[5]-гийн “Тогтсон тааллын агуулга эрдэнийн эрхис оршвой” хэмээх судрын 16-р талд: “Сэмзамба нар” хөгжмийн авиа эгшгийн дүрслэлийн мөн чанарыг тайлбарлахдаа: “хөгжмийн дуу бол эрхтнээр эзлэгдсэн буюу эс эзлэгдсэн дуу, байгалийн буюу байгалийн бус дуу, амьтны буюу амьтны бус дуу”-“дон мидон” хэмээн ялгагдана” (Г Ж) гээд дуун урлахуй авиа бол хүний сэтгэлийн угаас урган гарсан, сэтгэлээр урлагдсан, сэтгэлийн хөдөлгөөн шингэсэн байж болно  тэр бүхэн “сэтгэлийн урлал” гэж үзжээ. Түүнлүгээ Балбарын “шанзны эгшиг” шүлгийн эхний мөр бол яах аргагүй хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн сэтгэлийн урлалтай холбоотой эгшиг байв.

Харин “Додеба” буюу судрын аймгийнхан үзэхдээ: “хөгжмийн дуу бол “өгүүлэхүйн дуу” буюу “чугуулан өгүүлэгч дуу” хэмээн хоёр ангилагдана гээд тэдгээр хөгжмийн дууг амьтай буюу амьгүй дуу, яруу буюу яруу бус дуу, бодитой буюу бодгүй, ойлгомжтой буюу ойлгомжгүй дуу” хэмээнэ” гэж үзсэн байна. Үүнд: Балбарын шүлгийн ойлгомжтой дуунд шанзны исгэрээнээс гарах салхины чимээ, дугуй царнаас гарах дуун аялгууг олж сонссон зэргийг өгүүлсэн.

Түүнчлэн Балбарын шүлэгт бас дорнын гүн ухааны үүднээс байгаль ертөнцийн дуу авиаг шороо, төмөр, мод, гал, ус, хийн дуу гэхчлэн дуу авианы үүсэл гарал нь байгалийн дуунаас эхтэй гэх сэтгэлгээний уламжлал байгаа бөгөөд үүнд:  

Саран цартай шанзнаас нь салхи гарахыг үзээд
Сайн хүний үрийг санаж явах болсон юм

Дугуй цартай шанзнаас нь дуу гарахыг үзээд
Дурлам хөөрхөн түүнийг дурсаж суудаг болсон юм. . .  гэх буюу шанзны сар шиг дугуй ширэн царны дуурьсах авиа нь салхины сэрчигнэх чимээ аяс байснаа аажмаар дугуй царнаас дуу аялгууны чимээг сонсож болно гэсэн  дүрслэмж юм. 

Ерөөс орчин цагийн өрнө дорнын шинжлэх ухаанд дуу авианы талаар  өдий төдий үзэл баримтлалууд гарсан бөгөөд үүнд ялангуяа: “хөгжмийн дуу авиа бол агаарт буюу хий шингэн хатуу биед тархаж буй хэлбэлзэл долгион гэж үздэг. Өрнийн шинжлэх ухаанд хөгжмийн дуу авиа бол агаарт буй хэлбэлзлийн үйл ажиллагаа мөн хэмээн үзсэн. Өрнийнхөн авиа яагаад хэлбэлзэл юм бэ? гэдгийг тайлбарлахдаа: авианы хэлбэлзэх хөдөлгөөн нь ямар нэг эгшиг үүсгэгчээс гараад алив нэг хатуу ханыг мөргөж байж хүн амьтны чих сонор, сонсголын (мембран) мэдрэхүйгээр дамжин ойлгогддог[6]” гэж үздэг.

Харин бидний үзэж байгаагаар авиа нь: эхлээд эгши г үүсгэгчээс гарангуутаа хүний чих сонор, мэдрэхүйд хүртэнгүүтээ шууд авиа мөн гэх дүрс болон тусдаг. Авиа яагаад дүрс болон хувирч байна вэ? гэвэл авианы хэлбэлзэл нь хүний чих сонорт хүртэнгүүтээ хүний уураг тархинд шууд дүрс болон буудаг. Иймээс авиа бол дүрс буюу эгэл жирийн тоос, атом цөм, бөөмсийн бөөгнөрөл мөн. Энэ утгаараа хөгжмийн дуу авиа нь бүжиглэгч атомуудын цогц нэгдэл задрал, эгэл бөөмсийн хөдөлгөөн юм. Иймээс дуу авиа бол тоос мөн[7]” (Л.Э) гэж үзсэн бидний үзэл бодлыг батлах нэгэн баримт бол буддын гүн ухааны зохиол бүтээлүүд юм.

Харин буддын гүн ухаантан нарын үзэл онолын дотор эгэл хумхын тоосны тухай тоосыг ч дотор нь ангилж авч үзсэн бүтээлүүд бас байна. Тухайлбал: Олонд “хадтай уул[8]” буюу хадат уулнаа суугч их багш Барь Дамцагдорж хэмээх нэрээр алдаршсан гүн сэтгэгч: Барагри[9] Дамцагдоржийн “Сав шим ертөнц, амьтны үүсэл тогтоц, хугацаа сэлтийг товч тодорхой үзүүлсэн эрдэнийн зул хэмээгч оршвой” хэмээх бүтээлийг дурдан авч үзэх нь чухал юм. Тэрээр энэ ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг юмсын хамгийн бага гэгдэх бичил эд эсийн түвшинд авч үзсэн юм. Үүнд:  “Юмсын хамгийн бага эрхтэн нь “эрхтэн нарийн тоос” мөн, түүний долоог  хумхын тоос, түүний долоог төмрийн тоос, түүний долоог усны тоос, түүний долоог туулайн тоос, түүний долоог хоинины тоос, түүний долоог үхрийнтоос, түүний долоог нарны гэрлийн тоос, түүний долоог хуурсны төдий тоос, түүний долоог бөөсний төдий тоос, түүний долоог арвайн төдий тоос, түүнийг долоог 100 наслах хүний  хурууны үе гэнэ”  гээд 24 хуруу нь нэгэн тохой, 4 тохой нь нэгэн нуман алд, 500 алдыг нэгэн лавайн дуу сонсдох  буюу газар “Жандаг” гэнэ түүний наймыг нэгэн бээр гэх буюу нэгэн бээр нь зургаа орчим км зай юм” гэжээ. Энэ нь хэдийгээр эртний үед холбогдох ч юмс үзэгдлийг тоосноос бүрдэнэ, тоосыг ч дүрсжүүлж ангилж болно гээд тухайн нийгмийн хүн зоны танин мэдэхүйд ойлгомжтой байдлаар тайлбарлах үүднээс ахуй байдал, амьтны төрөл зүйлээр, үзэгдэх юмсын тоо ширхэгээр ангилж тайлбарласан байна. Эртний сэтгэгчдийн дотор хөгжмийн дуу авиаг тусгайлан авч үзсэн эш онолууд гарсаар байсан бөгөөд тэдгээрээр дамжуулан хөгжмийн дуу авины мөн чанарыг нарийвчлан тайлбарлах гэсэн хандлагууд гарч байжээ.

Үүгээрээ нэрт сэтгэгчид нь ертөнцийн юмсын эгэл жижиг хэсгийг ч дүрсжүүлэн, дуу авиагаар төлөөлүүлэн ойлгон ухаарч болно гэж үзэж байжээ. Ингэснээрээ юмсыг танин мэдэх үзэл онол,  сургааль ёс тус тус ялгаатай хэмээн үзсэнд оршино. Өөрөөр хэлбэл эртний сэтгэгчдийн гүн ухааны үзэл нь: яруу дуун, яруу дуугаар илрэх үг, үг түүнийг бүтээх эгшиг авиа, авиа түүний зохирлоор бүтэх аялгууг зохион туурвих эш онол нь болсон хэмээн үзэж байсан явдал юм.

Ингэж яруу найраг, дуун хөрвүүлэл, хөгжмийн дуу авиаг ч буддын гүн ухаан, шашин сэтгэлгээний үүднээс тайлбарлан таниулж байсан хэдий ч тэдгээрт, хөгжмийн дуу авиаг шинжлэн үзэх нарийн дүгнэлтүүд өргөнөөр тусгагдаж байсныг олж харж болох баримт юм. Ийнхүү буддын гүн ухааны үзэл онолд тулгуурлан зохиогдсон яруу найраг дуун эгшгийн айзам хэмнэл бол тэр чигээрээ хүний оюун ухааныг хөгжүүлэх тухайтад гарч ирсэн утга зохиол, урлагийн туурвих сэтгэлгээний дэвшилтэт ололт байжээ. Харин тэрхүү ололт нь найрагч Балбарын бүтээл туйрвилтай эгшгээр дамжин холбогдож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Эцэст нь дүгнэн үзвэл: Монголын их найрагч Очирбатын Дашбалбарын “Шанзны эгшиг”  нэрт шүлэг бол зүгээр нэг дан хөгжмийн эгшиг бус, монгол ахуй гүн сэтгэлгээ, ил далд, инагуухи чинагуухи, туйлын ба харьцангуй, үнэмлэхүй буюу мэдэгдэхүйн, онохуй буюу оногдохуйн, танихуй буюу танигдахуйн хосмолжин буюу гурамсан харьцаанд хуран нэгдэж дүрслэгдсэн  зохиролт эгшиг. Түүгээрч барахгүй энэхүү “шанзны эгшиг” нэрт шүлгийн сэтгэлгээ бол, дорнын урлахуй ухаан, гүн ухааны “сэтгэл төдийхөнтний сэтгэлээр урлах урсгалынхны” сэтгэл сэтгэлээн даган одмуй хэмээсэн, сэтгэлийн урлалын мөн чанар, түүнийг дүрслэн үзүүлэх  ур ухаанд холбогдож байгаагаараа өвөрмөц уран сэтгэлгээ юм. Үүгээрээ “шанзны эгшиг”-ийн дуурьсал бол хүний сэтгэлийн увидас, сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэлийн мөн чанар, сэтгэлийн ур, ухаарлын буюу бодролын, сэтгэлийн буюу хайрын, гэгээн буюу ариун, гэгэлзсэн буюу догдолсон, намуун буюу дөлгөөн, сэтгэмжийн буюу сургамжийн, уран дүрийн буюу үгийн, гүн ухаарлын буюу гүн сэтгэмжийн “уран дүрслэлт эгшиг”-гийн дуурьсал байжээ хэмээн үзэх байна.

Зүүлт тайлбар:

1. Монголчууд анх шударч хөгжимдөх гэдгээр нь “шударгу хөгжим” хэмээн нэрлэж байсан ба хожимдоо, хот газар дэлгэрсэн “шаанзны  буюу шанз хөгжим” гэх утгаар нэрлэх болжээ;  

2. Инагуухи- ил буюу наад утга, дорнын гүн ухаанд туйлын буюу харьцангуй

3. Чинагуухи- далд буюу цаад утга, үзэгдэл буюу мөн чанар;

4. Ловон Балдандаваадагва” Төвд орохуй” зохиолын 6-р бүлэг, УБ, Гандан тэгчинлэн хийдийн номын сан хөмрөг, төвд хэлээр;

5. Гүнчинжигмэдванбу” Тогтсон тааллын агуулга эрдэнийн эрхис оршвой” судар,  Гандантэгчинлэн хийдийн номын сан хөмрөг, төвд хэлээр 16-р талд; 

6. Юрий Николаевич Холопов ”Гармония” - дуурьсахуйн ухаан  М, 1987, 

7. Лувсанноровын Эрдэнэчимэг “Гүр дууны гүн эгшиглэнгийн увдис”, УБ, 2002, (докторын зэрэг горилсон зохиол) 1-р бүлэг- авианы мөн чанар;

8. “Хадтай уул” буюу хадат уулнаа суугч Барь Дамцагдорж хэмээн алдаршсан бөгөөд нөгөө утгаар нь тэдлэгийн хувьд хадтай уул гэсэн утга байж болох юм.

9. Барагри Дамцагдоржийн “Сав шим ертөнц, амьтны үүсэл тогтоц, хугацаа сэлтийг үзүүлсэн эрдэнийн зул хэмээгч оршвой” зохиол Гандантэгчинлэн хийдийн сан хөмрөгт төвд хэлээр, 160-р талд.



Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Др. Лувсанноровын Эрдэнэчимэг

АНУ, Индиана Блюмингтон хот.




[1] Монголчууд анх “шударга хөгжим” - шударч хөгжимдөх гэдгээр нь нэрлэж байсан ба хожимдоо “шанз  буюу хот газрын (ший ян) шийянз-шаанзны хөгжим” хэмээн нэрлэх болсон. Хятадаар бол “сан шуан” буюу “гурван утаст” гэсэн үг юм.


[2] Инагуухи- ил буюу наад утга


[3] Чинагуухи- далд буюу цаад утга


[4] Ловон Балдандаваадагва” Төвд орохуй” зохиолын 6-р бүлэг, УБ, Гандан хийдийн номын сан, Төвд хэлээр,


[5] Гүнчинжигмэдванбу” Тогтсон тааллын агуулга эрдэнийн эрхис оршвой” судар,  төвд хэлээр 16-р талд, 


[6] Ю. Н. Холопов ”Гармония”  М, 1987.


[7] Л.Эрдэнэчимэг “Гүр дууны гүн эгшиглэнгийн увидас”, УБ, 2002 он, докторын зэрэг горилсон зохиол 1-р бүлэг,


[8]  Хадтай уул гэдгийг хадат уулнаа суугч буюу мэдлэгийн хувьд хадтай уул мэт гэсэн утга байж болох юм,

[9] Барагри Дамцагдорж “Сав шим ертөнц, амьтны үүсэл тогтоц, хугацаа сэлтийг үзүүлсэн эрдэнийн зул хэмээгч оршвой” хэмээх зохиол төвд хэлээр, 160-р талд,

5 comments:

  1. mash goyo bolson bnaa bayar hurgee bagshdaa.

    ReplyDelete
  2. tanii buteeluud bugd mundag bnaa harin Shanznii egshig buur goyo taalagdlaa. bid eh helee sain medej sudalgaanii ajil hiij bgaa humuuseesee suraltsmaar bainaa.
    Ta mongold irj hicheel zaah uu

    ReplyDelete
  3. mongold irbel bi uuruu ch suraltsaya, shavi nartaa ch hicheel zaalgaya

    ReplyDelete
  4. Uram hairlasand gyalailaa, bayarlalaa

    ReplyDelete
  5. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์: www.drpradhanurologist.com

    ReplyDelete