Tuesday, May 21, 2013

Нүүдэлчдийн эсгий урлалын нэр томъёо ардын дуунд



Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач


Малч, нүүдэлч монголчуудын өдөр тутмын ахуй амьдралд морь мал чухал үүрэгтэй байсан төдийгүй таван хошуу малынхаа арьс үс, дэл сүүл, үс хялгас, ноос ноолуурыг ялган авч угааж цэвэрлэн түүгээрээ эсгий урлаж өдөр тутмынхаа ахуй амьдралд хэрэглэсээр иржээ. Монголчуудын өвлүүлж ирсэн биет бус өв ардын аман зохиолын дотор, биет өв болох эсгий ноос ноолуурыг хэрхэн яаж сонгох, бэлтгэх, ямар аргаар боловсруулах, хэрхэн яаж нэрлэх, эсгий ширмэлийн урлалыг оёж шидэх арга хэлбэр, түүнд урлах нэхээс хээ угалз, тамга тэмдгийн талаар ч өдий төдий монгол нэр томъёог үлгэр тууль, ерөөл магтаал ардын дуундаа ч уламжлуулсаар иржээ.    
“Монголчууд хэзээнээс малынхаа олон төрлийн зунгаг, ноос ноолуурыг намар (8-9-р сард) бэлтгэж, түүнийгээ төрөл зүйлийн хувьд “охорын ноос” буюу “уртын ноос” хэмээн хоёр төрөлд ангилдаг байна”. Үүний шинэ тутам ургасныг нь богино ноос буюу “охорын ноос”, урт ургасныг нь “уртын ноос” гэж ангилдаг аж. Харин  зарим үндэстэн угсаатны дотор “дэрсний ноос”
хэмээх нэр томъёо байх ба тэр нь дэрснээс гаргаж авсан ноос гэсэн утга бус, харин (Казак үндэстний заншлаар) “дэрсэн дээр байрлуулж тусгай аргаар бэлтгэсэн ноосыг” “дэрсний ноос”  [[1]] гэж нэрлэсээр иржээ.
Монголчууд таван хошуу малынхаа ноосыг: “охорын ноос”- зарим нутгаар “ахарын ноос” гэж нэрлэдэг байна. Түүнчлэн шинэ ургаж буй ноосоор урласан  эсгийг “охорын эсгий” гэх ба, “цэвэр ноос”, “хоинины ноос”, “хурганы ноос”, “ямааны ноос”, “ямааны ноолуур”, “уртын ноос”- уртлаг ноос буюу “уртын эсгий, “түүдэг”, “зунгаг”, “зээг”, “дэрсний эсгий” гэсэн нэр томъёог өргөн хэрэглэж иржээ. Дэрсний эсгийг боловсруулах арга нь ялангуяа Казакчуудын дунд өргөн дэлгэрчээ. Энэ нь эсгий хийх зунгаг ноосыг услаж  боловсруулахаас өмнө, усгүйгээр тусгай дэрсэн дээр байрлуулан саваж, тусгай аргаар бэлтгэсэн ноосыг хэлдэг байна. Түүнчлэн “тэмээний ноос”, “ноолуур” хэмээн ноосыг мал тус бүрээр нь ноосоо ялган  нэрлэж боловсруулж эсгийг урлан бүтээж иржээ. Монголчууд хэдэн зууны тэртээгээс малын цэвэр ноосоороо хүний бие, ахуй орчинд хэрэгтэй, агаар салхи нэвтрүүлэх, элч энерги өгөх зэргээр нь эрүүл мэндэд тустай байгалийн цэвэр бүтээгдэхүүн  хэмээн өргөнөөр хэрэглэсээр иржээ. Иймээс цагаан эсгийг эрхэмлэн дээдэлж ирсэн төдийгүй эсгий урлалтай холбоотой өдий төдий үг хэллэгийг  ардын аман зохиолоос төвөггүй олж болно. Үүнд:  эсгий урлаж буй хүнтэй уулзах үед мэндлэхдээ:
“Унгас чинь
Уулын чинээ
Дэвжээ чинь
Дэлхийн чинээ
Саваа чинь
Шандас болж
Савсан ноос чинь
 Мяндас болог гэхэд хариуд нь “зориг хурц”, “ мөр зохь” гэсэн бэлгийн үг хэлдэг” (Х.Н) байна. Түүнчлэн Эсгий хийж буй үед хүнтэй уулзахдаа:
“Хуйгүй хурдан
Салхигүй түргэн
Цаснаас цагаан
Яснаас хатуу болтугай, гэх буюу
Төрийн эд
Төв сайхан
Төрсөн бие
Мөнх сайхан болтугай ” [ [2]] (Х.Н).
Элэгдэлгүй бат бэх болтугай гэхэд хариуд нь: “ зориг хурц”, “мөр зохь” гэсэн бэлгэдлийн үг хэлдэг байна.  Ингэж таван хошуу  малынхаа унгас, үс, зунгаг, ноосыг ч малын минь ашиг шим хэмээн эрхэмлэн дээдэлдэг байна. Монголчууд  хэзээнээс таван [ [3]]хошуу болон зургаан [ [4]] хошуу малынхаа ноос ноолуураар эсгий хийж түүгээрээ нүүдэлчдийн өдөр тутмын ахуй хэрэглээний эд зүйлс, төрөл бүрийн ширмэл ширдэг, гэрийн бүрээс, олбог, гудас, гутал, малгай, хантааз, хувцас зэргийг урлаж, өвлүүлсэн нь бидний үед уламжлан иржээ. Ийнхүү бэлтгэсэн ноос зунгагаараа эсгийг хэрхэн яаж хийж  бүтээх арга барил, хэн яаж урлан бүтээж ирсэн тухай өгүүлэмжийг эсгийн ерөөлөөс мэдэж болно. Үүнд:
“Атар сайхан газар дээр
Арван хуруугаараа урлах гэж
Айл аймгаараа хамтарч
Айраг таргаа бэлтгэж
Зун цагийн зүлгийг сонгож
Зуун түмэн хонины
Зунгагтай [[5] ] цагаан унгасыг [[6] ]
Залж, зүйж дэлгээд гэсэн хэсэгт залж, зүйж байрлуулах тухай  
Зуун голын усаар
Зулхай [[7]]  бүрийг шүршээд [[8]]  
Эвий нь олж боогоод [ [9]]  
Эвтэйхэн эвхэж хуйлаад [[10]]
Агт мориороо татаж
Ахин дахин өнхрүүлж [[11]]
Эсгий нэртэй эд нь
Энгүй [[12]] захтай болтугай хэмээн эсгий хийх аргыг дүрслэн өгүүлэхдээ түүнд байх унгас, ноос, зунгаг, зулхай,  гэх нэр томъёог хэрэглэсэн төдийгүй,  эсгий хийхэд хэрэглэгдэх, ус, боолт, өнхрүүл зэрэг эд хэрэглэлийг нэрлэн тодотгосон байна. Түүнчлэн    
Цагаан эсгий цавгүй
Цааш нааш гавгүй
Цаснаас илүү цагаан гэсэн хэсэгт монголчуудын эрхэмлэдэг цагаан өнгөний бэлгэдлийг дээдлэн авч, эсгийгээ цас шиг цагаан, цэвэр цэмцгэр, өө сэвгүй, байлгах арга ухааныг  хэлсэн бол:
Яснаас илүү хатуу
Мөснөөс илүү мөлгөр
Мөнгөнөөс илүү үнэтэй
Дарсан сайхан эсгий нь
Далан гэрийн бүрээс болог ээ хэмээн эсгийгээ өв сэвгүй, өв тэгш, бөх бат байх тухай ерөөх ба    
Зулж хийсэн хүн чинь
Зуун намрыг үзэж яв
Зуун жилээр эдлэж яв
Зуу насалтлаа эдлэж яваарай! гэхчлэн ерөөл бэлгэдлийн үг хэлхээс гадна
Дун [[13]]  шиг дун цагаан
Дурдан [[14]] шиг артай болог
Эвдэрч [ [15]] задаршгүй бат
Элэгдэж муудашгүй мөнх болх болтугай” [[16]]  (Г. Э 1979, 36-38 ) хэмээн аман билгийн ерөөл, шүлгийн хэлбэрээр эсгий хийх арга ухааныг бүхэлд өгүүлэмжээр нь дүрслэн шингээж өгсөн байдлыг мэдэж болно.  Өөрөөр хэлбэл эсгий хийх аргад:  эхлээд
Ноосоо цэвэрлэх,
Ноосыг савах цохих,
Ноосыг мушгих,
Ноосыг ялган давхарлах,
Ноосыг хуйлах,
Ноосыг услах,
Ноосоо хуйлж чирэх, өнхрүүлэх гэх олон арга технологийг хэрэглэж эсгийгээ урлахаас гаднаь товчхон авч үзвэл бэлдсэн эсгийндээ цаваг наах, хээ угалз гаргах, ар өврийг ширж  буюу зээг гарган оёх гэх мэт олон зүйлийн аргуудыг хэрэглэж байж эсгий ширмэлийн урлал бүтдэг байна.  Түүнчлэн эсгийгээр урлах арга ухааныг нэрлэсэн нэр томъёонд: “малын үс ноосыг ширэх, ширмэл, ширдэг хэмээсний утгыг “шир, ширэг, ширэлдэх гэсэн үгнээс улбаатай” [[17]] гэдэг талаар доктор Л. Батчулуун тэмдэглэсэн байна. Ингэж урласан эсгий ширмэлээрээ төрөл бүрийн гэр ахуйн эд хэрэглэл, оромж сууц, хувцас эдлэлийг ч урлаж ахуй зан үйлд хэрэглэсээр ирсэн өдий төдий зан үйлийн ёс бий. Тухайлбал эрт дээр цагаас цагаан эсгийг шүтэж,  түүнийгээ айл гэр болох, бэр буулгах ёсны уламжлал, оромж сууц, монгол гэрийн үүд хаалга, дээвэр туурга, эсгий бүрээс, өөрсдийн морь малын эмээлийн тохом, хувцас хунарт өргөнөөр ашиглан хэрэглэсээр иржээ. Тухайлбал: 13-р зууны үеийн сурвалж бичиг Монголын нууц товчооны 189-р зүйлд:
“Cagan tolog deeree berinedien deriliulju otogluulju qugurdaulju ayaga barin taijui” [[18]] гэсэн ба энд цагаан толог гэдэг нь цагаан эсгийг хэлсэн буюу  үүнийг буулгаваас:  “Цагаан толог [[19]] дээр бэргэдээн бэрлүүлж отоглуулж, хуурдуулж аяга барин тайжуй “ хэмээн нас барсан хааны толгойг цагаан олбог эсгий дээр байрлуулан эргэн тойронд нугууд [[20]]  охид зогсоон тайлга буюу оршуулгын зан үйлд эсгий олбог хэрэглэж, хуур хөгжим хангинуулж байсан мэдээ бий. Ийнхүү монголчууд хурим төр, оршуулга, хүндтэй зочин гийчнээ угтах зэрэг хүндэтгэлийн зан үйлд ч эсгийг өргөнөөр хэрэглэдэг байжээ.
Түүнчлэн монголчууд эрт цагаас хурим төрийн ёслолд хүндтэй зочноо цагаан эсгий дэвсэж угтдаг байсан ба ялангуяа гэр бүл бололцох, худ ураг бололцох, бэр буулгах ёсны зан үйлд бэрийг буулгахдаа гэрийн үүдэнд цагаан эсгий дэвсэж угтдаг байсан уламжлал одоо ч хадгалагдсаар иржээ. Түүнчлэн эсгийгээр урласан төрөл бүрийн гутал хувцасыг янз бүрээр нэрлэж байсныг бид ардын дууны өгүүлэмжид  эсгий  оймс [[21]], бойтог[[22]], гутал [ [23]], гүлдрэг [[24]], гулдруу [[25]], цараг [ [26]], тоохуу [[27]] госон [[28]] гэх олон зүйл нэр томъёог ардын дууны өгүүлэмжээс мэдэж болно.
Өөрөөр хэлбэл баруун монголчуудын дунд эсгий гутлыг “госон “хэмээн нэрлэж ирсэн талаар нүүдэлчдийн эсгий урлалыг судлан шинжилсэн эрдэмтэдийн бүтээлд дурьдахдаа: “Ойрад [[29]]-ын ард түмэн гутал гэхийг “госон” гэж  нэрлэж ирсэн. Энэ нь эртний бөө нарын шүтлэгтэй холбоотой буюу бөөгийн шашны уламжлалаас үүдэлтэй бөгөөд бөө нар өөрсдийн өмсгөл зүүтгэлийг мал амьтны ноос, арьс үсээр урладаг байсан төдийгүй малын хөлийг ч зарим угсаатанд “год [[30]] ” гэж нэрлэсээр ирсэн түүхтэй” (Л. Батчулуун) гэжээ. Иймээс малын хөлийг баруун монголчууд “год“ гэх буюу энэ үгнээс хөлдөө углах гутлыг “госон” гэж нэрлэсэн байхад, халхчууд малын хөл буюу сүүлийг годон хэмээн нэрлэдэг байна. Ер нь Баруун монголчуудын дунд дэлгэрсэн өвөрмөц нэгэн эсгий гутал бол “Тоокуу госон” юм. Энэ талаар тусгайлан судалсан хүний нэг бол эрдэмтэн Л. Батчулуун, судлагч  Х. Доржханд нар юм. “Тоокуу госон” хэмээх гутал нь үндсэн гурван хэсгээс бүтэх бөгөөд тэдгээрийг дотор нь: эсгий оймс, их бие буюу госон,  ул ба цараг, их биеийг холбосон ширэн үдээс буюу гулдруу, гүлдрэг хэмээн нэрлэдэг байна.
Тухайлбал Торгуудын ардын дуунд гарах “Тоокуу [[31]] нэгэн госон” гэдэг үгийн гарал нь: тоохуу гутлын тухай өгүүлсэн нэр боловч. Энэхүү нэрийн гарал үүслийн талаарх мэдээнээс үзэхэд: ”Эрт үеэс ялангуяа Манж Чин улс, Манжийн дарлалын үед цэрэг эрсүүд болон жирийн ардууд тоохуу гутлыг өмсөх болсон ба хүний мөрийг гаргахгүйн тулд гутлын өмнө ба хойд тал өсгий өлмийг мэдэгдүүлэхгүйн үүднээс мөлгөрөөр урлах болжээ. Үүнийгээ “тоохгүй мөрт” буюу “тодорхойгүй мөр”, “ тоохгүй гутал” буюу “тодорхойгүй гутлын мөр” гэсэн утгаар хэрэглэж байснаас хожим “тоохуу гутал” гэдэг нэр томъёо үүссэн” [[32]] (Х.Д)  гэжээ.
Ийм учраас Торгууд ардын “Тоокуу нэгэн госон” гэдэг дуунд: 

Тоокуу нэгэн госон
Тов кийгээд байна даа кө
Торгууд [[33]]  нэгэн сэвгэр
Толгой докиод байна даа кө
Ижил дэлтэй кээр нь
Ижлээ гээд байна даа кө
Их хэл нутгийн сэвгэр
Намайг гээд л байна даа кө хэмээн Торгуудын ард түмний бүтээсэн “Тоокуу госон” гутлыг магтан дуулсан өгүүлэмж дүрслэл байхад нөгөө нэг дуунд Торгууд гутлын төрөл зүйл бусад угсаатны гуталтай харьцуулан Торгууд нарын дунд үүсэж хөгжсөн “Тоохуу госон” бол  олон угсаатны дунд дэлгэрсэн, тэдгээр дундаас Торгууд нарын урласан  гутлыг тодотгосон өгүүлэмж  нь түүхэн бодит баримт болон  ардын дуунд мөнхөрсөн байна. Үүнд:

“ Торгууд нэгэн госон” хэмээх дуунд:
 Өл манкан тэмээ нь
 Өвс чүргөөд байна даа хой
 Өөлдийн [[34]]  оёсон госон  
 Өсгий колгоод байна даа хой
            Кар манкан тэмээ нь
            Каргана чүргөөд байна даа хой
            Калкын [[35]] оёсон годон [[36]]   
            Казгай гишгээд байна даа хой
Бор манкан тэмээ нь
Бутан чүргөөд байна даа хой
Баядын [[37]] оёсон  боотгон [[38]] 
Бас л чалчиаж [[39]] байна даа хой
Мял манкан тэмээ нь  
Малан чүргөөд байна даа хой
Маажуур [[40]] нэгэн цараг нь
Мянгад [[41]] госон-ы дотор уу хой
Дөрвөн нүдтэй калтар [[42]] нь
Дөтөж дөкөөд [[43]] байна даа  хой
Дөрвөд [[44]]  нэгэн гулдруу 
Дөрөөнд каршаад [[45]] байна даа хой
Тоокуу  нэгэн  госон
Тов кийгээд байна даа хой
Торгууд нэгэн сэвгэр [[46]]
Толгой докиад [[47]] байна даа хой
            Замаан муриасан [[48]] тэмээ нь
            Зангуунд ороод  байна даа хой
            Захчин [[49]] нэгэн гүлдрэг-т
            Зангуу [[50]] наалдаад одов хой [[51]] ” (Б. Л) хэмээн дүрсэлсэн байдлаас нүүдэлчдийн дунд эсгий урлал хэрхэн хөгжсөн байдлыг ч ажиглаж мэдэж болох баримт юм. Түүнээс гадна эсгий урлалын дэлгэрч хөгжсөн газар нутгийн ангиллыг  судлагчид: “төв халх”, “хасаг”,” торгууд”, “захчин”, “мянгад” нарын дунд дэлгэрсэн [52] хэмээн ангилан авч үзсэн байна.      
Баруун монгол ардын дуу
Икэл[53]-ээрээ наадъя дуунд
“Морьны нээ сүүлнээсээ сугалж л авлаавал
Модны нээ дотроос оо огтолж л авлаавал
Годон иштэй сайхан икэлээ
Госны нь гол дээр тавиад л татнав
Ийгээд ма ийгээд ма
Икэл-ээрээ наадъя  иклээрээ наадъя
Морьны нээ сүүлнээс нь сугалж л авлаавал
Модны нээ дотроос нь огтолж л авлаавал
Хоёроороо жирийсэн гялаан хялгасаа
Хурууны нь үзүүрээр дараад л татнав
Ийгээд ма ийгээд ма
Икэл-ээрээ наадъя  иклээрээ наадъя” [[54]] (П. Тэмүүжин) хэмээн малын дэл  сүүл, хөл, хялгас, арьс үсийг оролцуулан урласан хуур хөгжмийн тухай өгүүлэн дүрсэлсэн өгүүлэмж олон байна. Түүнчлэн эсгийгээр урласан эсгий ширдэг, дээл хувцас, малгай, гутлын ур чимэглэлд монголчуудын оюун сэтгэлгээний нэгэн өвөрмөц тусгал болсон хээ угалзны нэр томъёо байдаг байна. Тэдгээр хээ угалзыг эсгийнд оёж хатгаж урлахаас гадна, малын тамганд  дүрслэх талаар: алхан хээ, алхан тамгатай хээ, бандан хээ, бундан хээ, гал чандмани хээ, гурвалжин хээ, долгионт хээ, дугалуур [[55]] хээ ба дугуй хээ, навчин хээ, наран хээ, зоосон хээ, өлзий хээ, өнцөг хээ, саран хээ, тойруулган хээ, түмэн наст хээ, угалзан хээ, хаан бугуйвч, хатан сүйх хээ, хулсан хээ, хөвөө [[56] ] хээ, цэцгэн хээ, шургуулга [[57]] хээ гэхчлэн олныг нэрлэж болох юм. Түүнчлэн 1960-70д оны үед нийтийн дунд өргөн тархсан “Ийм нэгэн сэтгэл” [[58]]  хэмээх нийтийн дууны өгүүлэмжид тамганы хээны тухай дүрслэхдээ:  
Алхан тамгатай хээрийгээ
Арилжаалж битгий солиоорой
Амрагаа гэсэн сэтгэлийг
Алсдаа ч битгий мартаарай,
Навчин тамгатай хээрийгээ
Наймаалж битгий солиорой
Намайгаа гэсэн сэтгэлийг
Насандаа ч битгий мартаарай хэмээн  алхан тамга, навчин тамгатай хээр морьны тухай дүрсэлсэн бол, “Бандан  тамгатай хээр  морь” хэмээх ардын богино дуунд:
Бандан хээр бандан хээр морь минь
Байлцуулаад байлцуулаад гарлаа даа
Багын жаалхан багын жаалхан тэр минь
Байс хийгээд байс хийгээд  гарлаа даа  гэхчлэн морь малын тамганы хээ, бусад олон өгүүлэмж дүрслэлүүд ч  баруун монгол ардын дуу бүжигт  байдаг.
Энэ бүгдээс дүгнэн үзэхэд: Малчин нүүдэлчин монголчууд өөрсдийн урлан бүтээж ирсэн биет бодот өвийн нэг болох эсгий ширмэлийн урлалын талаар монгол ардын аман зохиол, ерөөл магтаал, хөгжимт аман зохиол, ардын дууны өгүүлэмжид шингээн үлдээж уламжлуулж ирснийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүнээс сурч мэдэх өргөн боломж бидэнд байна. Иймээс бодит өвийн зүйлийг бодит бус өвийн хэлбэрээр ардын дуу хөгжимд дүрслэн үлдээхдээ эх монгол хэлний сан хөмрөг дэх техникийн хэлний зүй, нэр томъёо, үг хэллэгээс суралцаж болох өргөн боломж бидэнд байна. Тэдгээр өвөрмөц хэл зүйг ч бид цаашид монгол ардын аман зохиолын сан хөмрөгөөс судлан сурвалжилж, сургалт судалгаанд өргөнөөр нэвтрүүлэн, өвлүүлэн уламжлуулж болохоор байна. Ялангуяа даяаршлын энэхүү эрин үед орчин цагийн техникийн шинжлэх ухаанд ч ноос ноолуурыг хэрхэн яаж зөв оновчтой боловсруулах арга ухааныг судлаж, улмаар уламжлалт монгол аргатай хослуулах шинэ арга технологийг буй болгож болох юм. Түүнчлэн ноос ноолуурыг боловсруулах, эсгий ширмэлийн урлалын талаарх техник зүйн оноосон нэр томъёо, үг хэллэгээс гадна, эсгийн төрөл зүйл, эд өлгийн төрөл зүйл, урлах арга ухаан, урлах эрдмийн нууц увдис, монгол хээ угалз, тамга тэмдгийн төрөл зүйл, оёж шидэх арга зүйн нэр томъёо тэдгээрийн тус тусын нарийн утга учрыг багтаан тайлбарласан нутгийн аялгууны нэр томъёоны толь бичгийг ч гаргаж  болох мэт.
Түүнчлэн эдгээрийг судлаж мэдсэнээр зөвхөн нэг урлах ухааны зүйлээс суралцаад зогсохгүй, цаашлаад уламжлалт техникийн шинжлэх ухаан, эх монгол хэлнийхээ дархлааг сайжруулах, арвин баялаг өв сангаас төрөлжүүлэн судлан сурч мэдэх, сурталчлан таниулж сургалт судалгааны эргэлтэд оруулах, хойч үеээ сургаж хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой хэрэглэгдэхүүн юм. Иймээс ардын урлаг бол ард түмний ухаанаас төрдөг амьд эрдэнэс мөн.

Нүүдэлчдийн ур ухаан хөгжих болтугай!
Зүүлт тайлбар


1. Dorjkhand. Kh “ Tookuu goson, Mongolian felt boot” UB, 2008, pp9.  Түүнчлэн “ тоокуу гутал”  зургийг мөн номоос авав. 
2.. Нямбуу. Х. “Хамгийн эрхэм ёсон” УБ, УХГ, 1970, 10-11-рт,
[3]. таван хошуу малд: морь, тэмээ,  үхэр, хонь, ямааг оролцуулдаг .
[4] . зургаа дахь хошуунд сарлагийг оролцуулж иржээ.  
[5] . зунгаг- ноос,
[6] . унгас- ноос,
[7].  зулхай- давхар,
[8] . шүршээд- усаар шүрших,
[9] . боогоод- боох,
[10]. хуйлаад- хуйлж эргүүлэх,
[11] .өнхрүүлж- өнхрүүлэх
[12]. энгүй- их,
[13]. дун- далайн дун шиг цагаан өнгөтэй байлгах,
[14]. дурдан шиг- дурдан торго шиг гялгар мөлгөр артай байг,
[15]. эвдэрч задрашгүй – гэдгээр эвдэрч задархаас сэрэмжлүүлсэн
[16]. Эрдэнэ-очир Г. “ Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн уламжлалаас” УБ,УХГ, 1979, 36-38,
[17]. Батчулуун. Л “Эсгий ширмэлийн урлаг” УБ, 2003,
[18]. Эрдэнэчимэг  Л “ Монголын нууц товчоо ба морин хуур” өгүүлэл илтгэл,  МНТ-750 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл, Монгол Судлалын Холбоо, Олон улсын хурлын эмхэтгэл,  УБ, 1996,
[19]. толог- эсгий олбогийн нэр,
[20] нугууд- хөвгүүд, (нуган үрс),
[21]. эсгий оймс- эсгий гутлын дотуур өмсдөг оймс,
[22]. бойтог- эсгий буюу нэхийгээр урласан хүүхдийн бойтгийг хэлнэ,
[23]. гутал- халхчуудын дунд дэлгэрсэн гутлын ерөнхий нэр,
[24]. гүлдрэг- баруун монголчуудын урласан гутлын ширэн үдээсний нэр
[25]. гулдруу- Торгууд гутлын үдээс буюу үдээр шидэмсийн нэр,
[26]. цараг- тоохуу гутлын ширэн улны нэр
[27]. тоокуу- тоохуу гутлын нэр
[28]. Батчулуун. Л өмнөтгөл үг; Dorjkhand. Kh “ Tookuu goson, Mongolian felt boot” UB, 2008, pp4.
[29]. Ойрад -ойн ард,
[30]. Батчулуун. Л “Монголчуудын эсгий хутаарын урлаг”  УБ, 1999,
[31]. тоохуу-тодорхойгүй мөр гэдгээс гаралтай торгуудын эсгий  гутлын нэр,
[32]. Dorjkhand. Kh “ Tookuu goson, Mongolian felt boot” UB, 2008, pp9.
[32]. госны  гол дээр–хөлийн дунд,
[33]. Торгууд- угсаатны нэр,
[34]. Өөлдийн госон -Өөлд нарын гутал,
[35]. Халх годон- халхчуудын гутал,
[36]. годон- хөлийн өмсгөл,
[37]. Баядын- угсаатны нэр,
[38]. боотгон- бойтог,
[39]. чалчиаж- шалчийх,
[40]. маажуур- загатнуулсан,
[41]. Мянгад- угсаатны нэр,
[42]. калтар- халтар нохой,
[43]. дөкөөд- дөхөөд,
[44]. Дөрвөд- угсаатны нэр,
[45]. каршаад- харшаад,
[46]. сэвгэр- охин,
[47]. докиад- дохиод,
[48]. муриасан- мурийсан далжийж далийсан,
[49]. Захчин- угсаатны нэр,
[50]. зангуу- наалддаг өвс,
[51]. Б. Лувсанноров “ Баруун монгол ардын дууны дэвтэр” УБ, 1970 он,
[52]. Dorjkhand. Kh “ Mongolian felt-quilting works” UB, 2008, pp14.
[53]. Икэл- баруун монголчуудын дунд дэлгэрсэн хуур хөгжим,
[54]. П.Тэмүүжин морин хуурчаас үг, аяын хамт 2012 -1- 6 нд  тэмдэглэн авав.
[55]. дугалуур хээ- эсгийг дугуйлж оёх арга,
[56]. хөвөө хээ- хөвөөлж хээлэх арга,
[57]. шургуулга хээ- утас шургуулж оёх арга,
[58]. Норсонжав Ч.  ”Ийм нэгэн сэтгэл” зохиолын дууны аяыг зохиожээ.  

No comments:

Post a Comment