Tuesday, May 21, 2013

Монгол шагайн уухай ба тэмдэг ая


Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач



Монголчууд эрт дээр үеэс мал амьтны яс шагайгаар нүүдэлчдийн өвөрмөц тоглоом “шагайн харвааг” бэлтгэж үр хүүхдүүддээ өвлүүлэн сургаж ирсэн уламжлалтай. Монголчуудын наадаж ирсэн “самбартай шагайн харваа” нь ардын аман зохиол хөгжимт аман зохиолын үг хэллэгтэй дуут наадам юм. Шагайн харваа бол аялах  уухай ба тэмдэг аяын өвөрмөц онцлогтой бөгөөд  энэ нь эрт үеэс уламжлан ирсэн сурын харвааны уухай аятай адил төстэй байдаг. Монголчууд хэзээнээс дуу хуурыг эрхэмлэн өдөр тутмынхаа ажил үйлсэд ч хэрэглэсээр ирсэн төдийгүй, нийгэм улс төрийн үйл хэрэгт ч хуурч, дууч, хорч[1] харваач хүн чухал үүрэгтэй байсныг түүх сурвалж гэрчилдэг. Ялангуяа дундад эртний үед холбогдох монголын хаад ноёдын өргөө ордонд дуурьсаж байсан дуу хөгжмийн холбогдолт түүхэн мэдээ баримт болох Монголын нууц товчоо болон эр хоёр загалын туужид:
“ Эрмэг цагаагч эхийг нь барьж хөтөлсөн байна
 Аргусун хорч ийг дагуулж явсан байна
 Бодвол түүгээр хуурдуулж

Хуурын аялгуугаар уяруулах санаатай байв” гэж бичсэнээс үзэхэд тэр үест хорч харваач хүнийг эрхэмлэн дээдэлж улс төрийн хэргийг гүйцэлдүүлдэг гэсэн мэдээ бий. Түүнчлэн Хувилай хаан ордны хөгжмийн ангийг нэмж ордонд шинээр хөгжимчдийг шалгаруулан авч байжээ. Нэгэн удаа нутгийн иргэн болох хүн хаанд бараалхсаар дараах хүсэлтийг гаргажээ. Үүнд: “Миний бие өдийг хүртэл наслахдаа элдэв хөгжмийн  зэмсгийг урлан бүтээж явснаас биш өөрийн биеэр хөгжимдөн дуугаргах эрдэмд шамдан суралцсан нь үгүй  тул энэхүү хөгжмийн зэмсгийг дуугаргаж чадах хүн байваас өгмүй гэжээ. Хаан тэрхүү хөгжмийн зэмсгийг дуугаргаж хөгжимдөж чадах хүн хайсаар нэгэн зарлал бичжээ. Үүнд: “Энэхүү модонд өлгөсөн цагиргыг онож харвасан мэргэн харваачид, голын баруун хязгаар нутгаас олдсон нэгэн үлээвэр[2] хөгжмийн зэмсгийг өгөгтүн” гэжээ. Үүний дагуу нэгэн мэргэн харваач уг цагиргыг оносноор уг хөгжмийн замсгийг авсан нь одоогийн “лимбэ” хөгжмийн зэмсэг байжээ. Үүнээс үүдэн монголчууд аливаа зүйлийг хийж гүйцэтгэхдээ мөн харвахдаа ч гэсэн ямар нэг уулга алдах, аялга үг хэлэх, уухайлдаг заншил бий. Ерөөс уухай гэдэг нь нэн эртний уламжлалтай аялга үгээс бүтэх тэмдэг ая бөгөөд нийтээрээ нэгэн зэрэг хүчээ нэгтгэн хамсран хийх ажил үйлсэд ч нэг, хоёрын гурваа! гэхээс гадна бас уухай! хэмээн уухайлдаг. Эрт үеийн цэргүүд дайн тулаанд орохдоо ч уухай хашгиран тулалддаг байжээ.  Энэ нь нийт олны хүчийг нэгтгэх, анхаарлыг нь төвлөрүүлэх үүрэг зориулалтаас үүдсэн байж болох юм. Монголчуудын өв уламжлуулан наадаж урлан бүтээж ирсэн ардын язгуур тоглоом наадам бол нүүдэлчин монголчуудын оюунлаг ахуй сэтгэлгээний дэвшлийн үр дүн гэж хэлж болно.
Нүүдэлчин монголчууд жилийн дөрвөн улиралд мал сүргээ хариулах, хотлуулах болон ажил хөдөлмөрөө амжуулж гүйцэтгэсэн зуны нарлаг орой болон, жилийн дөрвөн улиралд тохиолдох баяр наадам  цагаан сар, даншиг наадам, хүүхдийн дайх үргээх, хурим төрийн ёслол зэрэг олноороо цугларах үеээрээ төрөл бүрийн ардын уламжлалт монгол тоглоом наадмыг наадаж ирсэн түүхтэй. Тухайлбал чулуун тоглоом чулуугаар төрөл бүрийн амьтан дүрс, ялангуяа малчин хүүхдүүд ертөнцийн юмс үзэгдлийг болон эргэн тойронд буй ахуй байдлын юмс үзэгдлийг чулуугаар төлөөлүүлэн оюун санаандаа дүрслэн сэтгэн бодож наадаж ирсэн уламжлалтай. Эдгээр наадгай хуруу таалцах, чулуу таалцах, муур хулгана болох мориор нар булаалдах, дэр булаалдах, цүү хаях, цагаан мод шидэх, алаг мэлхий тоглох, морь, тэмээ уралдуулах, гадаа ба дотор, мөсөн дээрх харваа, самбартай наадах харваа гэх олон төрлийн наадгайг насны онцлогоор болон тодорхой баяр наадмын үүрэг зориулалтаар наадаж ирсэн уламжлалтай юм. Тухайлбал “манай эриний 6-8 –р зууны үед холбогдох Түрэгийн үеийн булшнаас гарсан шагайн дээр эртний бичгийн тэмдэглэл байсан ба тэр нь ямар нэг эртний овог аймгуудын тамга тэмдгийн дардасын зүйл байж болох юм гэдэг талаар эрдэмтэд судалжээ”[3]. Монгол айл бүхэн шагайн харвааны хасаа, сумаа дээдлэн хүндэтгэж тусгай уут саванд хийж хадгалан ирсэн уламжлалтай юм
Уухай ба тэмдэг ая
Эртний хүмүүсийн зан заншилд холбогдох өөр нэгэн сонирхолтой ая эгшиг бол тэмдэг ая болон уухай юм. Монгол тоглоом наадгайд ч тэмдэг ая болон уухай аязууд хөгжсөн байдаг. Уухайг дотор нь сурын уухай ба шагайн уухай гэж ангилдаг. Монгол хөгжимт аман зохиолд олон зүйлийн тэмдэг ая ба уухай байдаг.  Судлагч Ж. Бадраагийн[4] мэдээлснээр: “тагнай ташихыг гаслан зовлон учирсных, уруул товших нь хүйтнийг илэрхийлсэн тэмдэг ая болдог бол, шогшрох нь алдаа мадаг гаргасных, исгэрэх нь халуунд сэрүүцэх гэсэн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн тэмдэг ая юм“.
Эрт үеэс монголчууд эрхэлж буй мал аж ахуйнхаа нэг хэсэг болох, мал ээнэгшүүлэх, мал амьтантай харьцах төрөл бүрийн тэмдэг аяыг зохион туурьвиж ирсэн байдаг. Үүнд: мал амьтантай харьцахдаа илэрхийлэх гурийлах, өөвлөх, чүүглэх, хөөслөх зэрэг тэмдэг аязууд нь цааш хөгжин тойг, гүүргий, хурдан морьны гийнгоо, уухай, ум марзай, ингэ хөөслөхөд аялах хөөс зэрэг мал аж ахуйн холбогдолтой мал ээнэгшүүлэх аязууд нь уухай болон тэмдэг аяас үүдэн аялгууны тодорхой бүтэц хэмжээг  олон хөгжсөн байдаг.
Тухайлбал хонь тойглоход:
Тойг тойг тойг тойг тойг тойг тойг тойг гэж аялаж байхад, ямаанд:  чүүгий, ингэ хөөслөхөд: хөөс хөөс, морь уралдуулахын өмнө ум марзай уухай, гийгоо, марзай аялдаг. Түүнчлэн анчин гөрөөчин ан авд гарахдаа ангийн хишиг буян тогтоох, олз омог дуудах, ангийн хийморь сэргээх үүрэг зориулалт бүхий тэмдэг ая аялан дууддаг ба тэр нь ангийн уриа дуудлага болон хөгжсөн байдаг.  Харин мал мал аж ахуйн холбогдолоос үүдээд хурдан морьны уухай, тоглоом наадмын шинж төрхийг агуулсан шагайн уухай  аязууд хөгжсөн байдаг. Энэ бүхнээс үзэхэд нэн эрт үеийн тэмдэг ая болон ая аялгуу нь хүний хөдөлмөрийн явцад эрхлэн буй аж ахуйнхаа агуулгатай шууд холбоотойгоор үүсдэг байна.  Тэмдэг ая нь анхандаа дуу алдах тэмдэг аялга бүхий авиа чимээ үүсгэн эхэлж, аажмаар анхааруулга өгөх үүрэг зориулалт бүхий аялга үг, ая хэмнэлт аялгууны бүтцийн жижиг хэлбэр нэг өгүүлбэрээс буюу заримм үед нэг үеэ нь уртсан өгүүлбэрийн дайтай аялгуу болсон байдаг.  Өөрөөр хэлбэл тэмдэг аяын бүтэц нь  монгол ардын богино дууны бадагчилсан хэлбэрээс ч бага хэмжээтй бөгөөд, ихэнхдээ нэг үгээс буюу нэг үгийг хэд хэдэн жижиг үе болгон урт эгшгийн уртасгалыг буй болгон хөгжсөн байдаг. Үүгээрээ “олиготон” буюу нэг эгшиг зонхилсон төрөл хэлбэрийн бүтэцтэй гэж үзэж болно.
Мал аж ахуйн сэдэвтэй мал ээнэгшүүлэх аязууд нь ихэнхдээ малд аялах тэмдэг аялгаас үүссэн бөгөөд ихэнхдээ нэгэн үг дээр тулгуурлагдсан, аялгууны жижиг давтамжит хэлбэрийг агуулсан, энгийн аяг (мотив) бүхий уухай аяаас бүтдэг байна. Эдгээрийг аялгууны бүтэц зохион байгуулалтаар нь маш энгийн жижиг хөгжүүлэгтэй, ая хэмнэлийн хувьд энгийн жигд хэмнэл голлосон, хэсэгчилсэн буюу үе давтамжтай, үг шүлгийн хувьд ганц нэг үе, үгээс бүтсэн, нэг болон хэд хэдэн эгшиг авиаг холбосон, ихэнхдээ эгшгийн чөлөөт урсгал орсон, нэгэн өнгө олигатон[5] эгшиглэгээ голлосон, дахин давталт ихтэй зэргээс үүдэн эдгээр тэмдэг ая болон уухайг бүтэц бүрэлдэхүүний хувьд нэн эрт үеийн дуу хөгжмийн нийлмэл[6] урлагт хамруулан үздэг. 
Эртний Монголчуудын аман зохиол, үлгэр домог, ардын хөгжимт аман зохиолд ч шагайн тухай өгүүлэмжүүд өргөн орсон байдаг. Тухайлбал “Долоон бор оготны үлгэрт” шагайн чинээ шар тос өгнө хэмээн гардаг бол, хүүхдийг дөнгөж төрсөн цагаас эхлэн шагайг төрсөн хүүхдийн тоглоом хэмээн бэлгэдэж гоёмсог торгон  уутант хийж өгдөг заншилтай байжээ.
Ялангуяа эсгий, даавуу торго дурдан зөөлөн эдлэлээр үнэг болон амьтны дүрс оёж хатгаж бэлдэхээс гадна, бага жижиг мал амьтны шагайг ч тоглоом болгон бэлтгэж өнгө будгаар будан цэвэр цэмцгэр байдлаар нь өлгийтэй хүүхдийнхээ дээрх унинаас дүүжлэн өгдөг заншилтай байжээ.
Монголын дундад эртний утга зохиолын нэг болох Монголын  нууц товчоонд: Жамуха Тэмүжин хоёр  хоорондоо шагай солилцож анд нөхөр болсон, нэг нь хүрэл шагай нөгөө нь цутгамал шагайг өгсөн тухай  гардаг. Нанхиад сурвалж бичгийн мэдээгээр дундад эртний хаадын өргөөнд дуулагдаж байсан цэрэг эрсийн уянгат дуунд мэргэн харваачдыг тодруулсан байдаг.
Тухайлбал: Эзэн Чингис хааны хоёр загал морьдын талаар бичсэн “Эр хоёр загал” буюу “Зээргэнэтийн шил” хэмээх урт аялгуут дуунууд нь үе залгамжлан дуулагдсаар ирсэн бөгөөд харин өнөөг хүртэл тэдгээр дууны судлалд мэргэн харваачид нь хэн байсан бэ гэдэгт холбогдох эзэд нь тодорхойгvй байсан юм.
Өөрөөр хэлбэл эзэн Чингис хааны хоёр загал морийг магтан дуулсан өдий төдий хувилбар байхаас гадна тэдгээр дууны шүлэглэлд ч анчин харваачдын талаар бус хоёр загал морьдын тухай дуулагддаг байсныг бид мэдэх билээ.
Харин бидний олж үзсэн сүүл vеийн хэрэглэгдэхүүнд дундад эртний үед дуулагдаж байсан эр хоёр загалтай холбогдолтой хэд хэдэн дууны шүлгүүд аялгууны хамт олдсон юм. Тэдгээр дууны шүлэгт: эзэн хааныхаа хоёр загал мордыг харван шархдуулсан цэрэг эрс мэргэн харваачид  бол “Аш мэргэн” буюу “Андай мэргэн, Ахай мэргэн” гэх харваачдын талаархи тодорхой өгүүлэмж бүхий дууны шинэ хувилбарууд олдсоор байна.

Андай мэргэн Ахай мэргэн дуунд:

Өргөн голын эхэндү
Гурван зуун жаран зээрд
Өнжин шөнөжин бэлчин айсуй
Андай мэргэн
Ахай мэргэн
Хоёр ану
Харваж андуурвай (1.143) гэхчилэн дууны өгүүлэмжид

Андай мэргэн, Аш мэргэн буюу Ахай мэргэн гэх хоёр анчин эздийг тодруулж байгаагаараа онцлогтой юм. Зарим дуунд эзэн Чингис хааныхаа хоёр загал морьдыг буга, зээр хэмээн андуу харваж шархдуулсан анчдын тухай өгүүлж байхад зарим хувилбарт: Андай мэргэн, Аш мэргэн гэх анчин харваачид харван шархдуулж байсан гэсэн мэдээг тодруулж байгаа нь уг дууны ая шүлгийн зохиомжийн талаарх хэрэглэгдэхүүнийг улам бүр баяжуулж байгаагаараа чухал ач холбогдолтой баримт юм.
Монголчуудын нандигнан хадгалж өв уламжлуулсаар ирсэн өвөрмөц нэгэн наадгай бол  “самбартай шагайн харваа” юм.
Шагайн харваа нь: монгол үндэстний ахуй зан заншил, монгол ёс заншлын өв уламжлал, ахас дээдсээ хүндэтгэн хайрлах ёс суртахууныг хөгжүүлэх, түүнчлэн мал амьтны бие махбод, нас хүйс, өнгө зүсийг зүслэн таниж мэдэх, тэднийг хайрлан хамгаалах, хамт олноор хамтрах, нийтэч байх хүмүүжил суртлын болон цэц мэргэнээ сорих үндсэн үүрэг зориулалтай наадам юм.
Монголчууд үр хүүхдийнхээ цэвэр ариун ёс суртахуун,   бага залуу наснаас эхлэн оюун ухаан ухамсар сэтгэлгээг нь хөгжүүлэх, сургах, судлах, өвлүүлэх, уламжлалыг шингээх, хамтач, нийтэч нөхөрсөг зан харьцааг эрхэмлэн хүндэтгэж сургах үүднээс өөрсдийн өвөрмөц нүүдэлчдийн тоглоом наадгайг зохион туурьвиж уламжлан хөгжүүлсээр иржээ.
Шагайн харвааны төрөл
Самбартай шагайн харвааг гадаа буюу дотор тусгай бэлтгэж зассан шагайг бай болгон онож харвах байдлаар самбарт байрлуулан наадах наадгайг “шагай харвах” наадгай буюу ”мөсөн дээрх шагай харвах наадгай” гэдэг. Монголчууд жилийн дөрвөн улиралд шагай харвах наадгайг гэр дотор болон гадаа наадаж ирсэн ба ялангуяа өвлийн цагт цас мөсөн дээр нааддаг.
Самбартай шагай харвааг дотор нь:  “өрөг харваа”, “баг харваа”,  “отог харваа”, “хүрээ харваа”, “суман харваа” , “тойром харваа” гэхчлэн айл саахалтаараа буюу овог аймаг, отог овгоороо наадан баг үүсгэн хоорондоо цэц мэргэнээ сорин харваж наадах гэхчлэн ангилдаг байна. Ингэж овог аймаг, отог омгоороо наадаж баг болон цэц мэргэнээ тодруулан наадаж түрүүлсэн амжилттай надагчийг тусгай “мэргэн харваач”  хэмээх цол зэрэг олгож нааддаг байна. Энэ наадгайг үндсэндээ хоёр хоёр багаар хоорондоо цэц мэргээ сорин наадах ба, нэг багт зургаан харваач, баг бүр зургаа зургаагаараа талцаж хэд хичнээн ч баг оролцож өрсөлдөн нааддаг. Самбартай шагайн харвааг наадах үедээ монгол үндэсний дээл хувцасыг өмсөн нааддаг уламжлал одоо ч уламжлагдсан хэвээр. Шагайн харваанд цээрлэх зүйл гэж бий, энэ нь  толгой нүцгэн буюу үндэснийхээ дээл хувцас, гутал, малгайг дутуу өмсөх, энгэр заамыг задгай хайш яйш өмсөхийг цээрлэдэг. Шагайн харвах сумыг шагайгаар урладаг. Харваач бүр өөрсдийн сумыг тусгай гоёмсог уутанд хийж өөрийн биед хадгалж явдаг.
Уухайн төрөл
Монгол шагайн харваа бол аялах уухай түрлэг, тэмдэг аялгууны төрлөөр баялаг юм. Самбартай шагайн  харваа бүр харвалтын онолт, алдалт, зөрөлт зэрэг харвалтын шийдэл бүрт аялах уухай нь аялгууны хувьд  өвөрмөц үг хэллэг, уухай, тэмдэг ая түрлэгтэй ажээ. Жишээ нь: шагайн харваа эхлэх үед “харваа эхлэх уухай” “танилцуулах эхлэлийн уухай” аялдаг бол наадмын ид цэц мэргээ сорих үед  “түрлэгт уухай” буюу “түрэх уухай”, харваачдыг дэмжих үед “хөгжөөх уухай” буюу “дэмжих уухай”, харваач байг оносон үед “самбарын уухай”, “хасаа шимэх шимээний уухай”, “онооны уухай”, харваачийн хурц ширүүн харвалтын хүчдэлийг багасгах гэсэн санааг аялгуугаар харваачдад илэрхийлж, хэлж ойлгуулах үүднээс “намжаах уухай”,  “зөөлрүүлэх уухай” аялдаг бол, наадмын төгсгөлд “жаргаах уухай”  буюу “төгсгөл уухай” гэх олон төрлийн уухайг тус тусад өөр өөр үүрэг зориулалтаар нь аялж нааддаг. Иймээс шагайн харвааны уухай бүр аялах үүрэг зориулалттаараа өөр өөр юм.

Шагайн уухайн  самбарын онооны уухайд:
Онолоо доо оо . . .   өө өө өө өө хэмээн аялдаг бол
Шагайн сум алдах үед
Алдлаа өө хөө өө өө өө өө  хэмээн аялдаг. Иймээс уухайг аялгууны бүтцээр нь авч үзвэл: шагайн уухай нь: аяг мотивын хувьд нэн эртний уламжлалтай бөгөөд урт дууны уртлаг хэм, уртлаг ая, уртлаг сэтгэлгээний уртлаг хэмийн бүтэцьэй байдаг. Ялангуяа хоёр хэсэг баг болон талцан зургаа зургаан хүнээр наадахад хүн тус бүрийн наадах төрх байдал адилгүй байх тул тэр бүрд “уухайн аялгаар” дамжуулан хэлэх гэсэн санаагаа аялгууны сэтгэлгээгээр дамжуулан ойлгуулдаг онцлогтой. Иймээс шагайн харвааны уухай бол тэр чигээрээ аялгууны сэтгэлгээгээр дамжин харьцдаг, ойлгуулдаг өвөрмөц хэллэгтэй.
Тухайлбал эхний наадагчийн шагай харвах өрнөлт нь хурц ширүүн өнгө аястай, харвасан сум нь самбараас  нилээд холуур ойх, байг онохгүй зайтай өнгөрч буйг өөрийн багийн хүмүүс мэдрүүлэх үүрэг зориулалтаар “уухайн намдуу аялгаар” намуун зөөлөн аялан уухайлан тайлбарладаг. Намуун зөөлөн аялан уухайлж буй хэлбэр нь:  хүчээ нэм, харвалтыг сайжруул гэсэн дохио тэмдэгтэй юм. Харин зарим харвагчинй харвалт нь сул, чиглэл нь сул байгаа наадагчдад зориулсан “дэмжих уухайг”  аялдаг.
Энэ дэмжих уухай бол аялгууны хувьд арай дээгүүр өнгө дээр тулгуурлан “шимээний уухайг” дуугаа өндөрсгөн нилээд хүчтэй цохилттой түрэлттэй аялгуугаар уухайлан илэрхийлдэг. Энэ нь нэг ёсны харваачдад өгч буй сануулгын чанартай хэллэг юм.
Харин харвалтын цэц мэргэ сайн, оноолт сайтай байгаа харваачдыг бахархан дэмжсэн цоглог хурц тод аялгуу бүхий “ онооны уухайг”  нийтээр чанга дуугаар “онолоо доо“ хэмээн түрж уухайлна.
Тоглогч бүрийн харвах, сэтгэх, авхаалж самбаа, хараа, цэц мэргэ, онох байдал янз бүр байх тул тэднийхээ наадалт тоглолтыг дэмжсэн “дэмжих буюу хөгжөөх уухай”, зарим үед эсрэг багийнхныг алдуулах “сандаргах уухайг” хүртэл уухайлан нааддаг.  Иймээс уухайн аялгуу бүр нь үүрэг зориулалтаараа өөр өөр бүтэц агуулгатай байдаг байна.

Эцэст нь дүгэн үзэхэд: Монгол шагайн харваа бол ардын зан үйлийн тоглоом наадмын хөгжимт аман зохиолын дуут наадгайн төрөл юм. Шагайн уухай бол малч нүүдэлчдийн ангийн болон мал ээнэгшүүлэх тэмдэг аяаас үүссэн хөгжимт аман зохиолын дуут наадгайн нэг юм. Шагайн тэмдэг ая нь: хөг аялгууны хувьд давтагдашгүй өвөрмөц хэлбэрийг өөртөө шингээж, монгол дуут наадмын нэгэн  төрөл болтлоо хөгжсөн уухай аялгуу юм. Шагайн уухай ая бол наадагчдын сэтгэл зүй, ур ухаан, сэтгэн бодох авъяас чадварыг шалгасан урт дууны уртавтар аяг мотив хэлбэрийг өөртөө шингээсэн урт аялгуутай байдаг. Шагайн уухай бол үгийн бүтцийн хувьд онолоо доо, гац лаа даа, алдлаа хэмээх нэгэн үгээс бүтэх бөгөөд аялгууны хувьд нэг үгийг хэд хичнээн хэмнэлээр таслан уртасгаж аялдгаараа аялгууны уртасгалын хувьд  хязгааргүй уудам бүтэцтэй. Уухайн түрлэгийг олноороо хамтран аялдаг, бөгөөд энэ нь гетерофони олон хоолойн зарчимтай байдаг. Иймээс шагайн харваа бол зөвхөн хүүхэд  багачуудын тоглоом наадам бус, хот айл саахалт, гэр бүл, ах дүү, анд нөхөд, айл саахалтынхны дунд нөхөрсөг найрсаг харьцааг буй болгодог, ардын ёс заншлын нэг хэсэг нь юм. Түүнчлэн хүнийг хамтач, нийтэч, зарчимч, хүмүүжлээр хүмүүжүүлэх үүрэг зориулалттай хүмүүжлийн чухал ач холбогдолтой наадам юм. Монгол шагайн харваа болон түүний уран тансаг аялгуун уухай бол: монгол түмний морь малаа эрхэмлэн дээдлэх үзлээс урган гарсан гүн сэтгэлийн урлал, уран дүрслэл, монгол түмний уран дүрслэлт сэтгэлгээний нэгээхэн хэсэг нь гэж үзэж болно. Эцэст нь хэлэхэд: шагайн харваа бол  монгол ардын язгуур урлаг, аман зохиол, үг хэллэг, дуу хөгжим, уламжлалт ёс заншилд сургах, ахас дээдсээ хүндлэх, ардын урлаг, ёс заншилыг сурталчлах, судлах, номлох, хөгжүүлэх, дэлгэрүүлэх, уламжлуулах  чухал  ач холбогдолтой наадмын төрөл юм. Иймээс Монгол шагайн харваа наадгай  нь  хүүхдийг ардын ёс заншлын ухаанд сургах “ахуйн сургууль мөн юм“ гэж үзэж болно.

Монгол шагайгаар наадах  монголын үрс арвин болох болтугай!

Сайн үйлс дэлгэрэх болтугай!



[1] Хорч гэдэг нь хаадын өргөөнд нум сум хадгалдаг харваач хүнийг нэрлэж байжээ.
[2] Л. Оюунчимэг “ Шударга  хөгжим монголчуудынх ” өгүүлэл, УБ, 1997, “Ил товчоо сонин”,
[3] Б. Ану Оллоо.мн Шагайн хобооны ярилцлага, 2010 он, 
[4] Ж.Бадраа “ Монголын хөгжим судлал”   УБ, 2000,
[5] Олиготон – нэгэн эгшгийн бүтэцтэй ая хөгжүүлгийн эгшиглэгээг хэлнэ.
[6] Нийлмэл урлаг гэдэг нь- үлгэр тууль, ерөөл магтаал, дуу хөгжим, бүжиг, жүжиг,  дүрслэх урлаг сэлтээр салан тусгаарлаж хөгжиж амжаагүй үеийн урлагийг хэлнэ. 

No comments:

Post a Comment