Tuesday, May 21, 2013

Уламжлалт Монгол Ятгын Түүхээс


Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач




Зураг 1. Арван хоёр чавхдаст ахуй ятга
Архангай аймгийн орон нутаг судлах музейгээс

          Ятга[1] бол Монгол үндэсний чавхдаст хөгжмийн аймаглалд багтах хөгжмийн зэмсэг юм.  Түүний анхдагч нэр нь ятуга[2] гэж байсан ба өнөөдөр  ганц чавхдаст, ахуй ятга, их бага ятга, төрийн ятга, цал[3] ятга, ятгалага[4], босоо ятга гэж нэрлэх ба түүнчлэн хятадаар гучин, гужен, Солонгосчууд Комунго, Япончууд Кото гэх зэргээр нэрлэж байна.  Ятга хөгжмийн зэмсгийн урласан байдлаас харахад янз бүр байх ба ихэнхдээ ердийн ятга бол хавтгай тал хэлбэрийн хөндлөн модыг тусгайлан авч хавтгай хэлбэрт оруулан зорж хатаан бэлдээд ар талыг дуу цуурайтуулах хэлбэрээр, нүүрэн талд чавхдас бэхлэн тогтоох ба эртнээс монголчууд чавхдасыг ямааны өлөн гэдсийг тусгайлан авч боловсруулаад  ятгын чавхдасыг бэлтгэдэг байсан ба үүнийгээ “өлөн утас” гэж нэрлэдэг. Ятгын их бие болох хавтгай модны гадна талд янз бүрийн монгол үндэсний утга илэрхийлэх “өлзий хээ” болон төрөл бүрийн хээ  угалз оруулан урлах бөгөөд зөвхөн “цал” ятгаас бусдыг хурууны
өндгөөр татах, чимхэх, товших зэргээр чавдасаа товшин хөгжимдөх ба мөн хумсны толиогоор няслан хөгжимдөхөөс гадна зарим үед тусгай бэлтгэсэн мөнгөн хумсаар няслан хөгжимддөг байжээ. Гагцхүү цал ятгыг бол тусгай нумаар шөргөөн хөгжимддөг байна. Монголчууд ихэнхдээ ахуй хэрэглээний хүрээнд дуу дуулж ятга цохидог уламжлал байсан ба нилээд хожуу хаадын өргөө ордонд, түүнчлэн хожимдоо сүм хийдийн номын найрт ятга хөгжмийг хөгжимдөх болсон байна. Жишээ нь: эртний арван хоёр  чавхдасат монгол ахуй ятга хөгжмийн зургийг бид Архангай аймгийн  орон нутаг судлах музейгээс авсан болно. Ятга нь анхандаа Монголын баруун хязгаар нутгаас үүсэлтэй байсан бөгөөд хожим үедээ Төв ази болон зүүн болон төвийн Монгол нутгаар тархжээ. Монголчууд ятгыг ардын болон сонгодог, уламжлалт дуу хөгжмийн төрөл зүйл, хүүхдийн болон ардын дуу, найрал чуулга дуу,  бүжгийн хөгжимд хамсраа байдлаар хэрэглэж ирсэн ба ихэнхдээ ардын аман зохиолын дайралцаан мэтгэлцээний хамсраа хөгжимд хэрэглэдэг.

Эртний сурвалж мэдээнээс үзэхэд ятгыг анх Хүннү нарын дунд хэрэглэж байсан гэх мэдээ байх ба үүний дараа мандсан Сүмбэчүүд ятга хөгжим хэрэглэж байсан ба ялангуяа МЭӨ 208 оны үед Гүн[5] гэрийн хатагтай Соёлт бүсгүй Цай[6] Вэн Жи-гийн бичсэн “Цуурын арван найман аялгуу” хэмээх бүтээлд арван найман цуврал шүлэг олдсон ба энэхүү шүлэг яруу найргийн бүтээлд эртний хаад ноёдын өргөө ордонд ятга хөгжмийг хөгжимддөг байсан мэдээ байна. Энэхүү 18-р шүлэгт:

“Төрсөн газар, угаасан ус, эцэг эх элгэн садандаан ирлээ

Цэцэрлэг талбайн тал нь зэрлэгшсэн ч

Хавар болж өвс ногоорчээ

Үнс цурамнаас лаагаан асааж

Өөрийн биеэ шорооноос салгав

Гагцхүү алчуур сам барих үестээ л

Өөрийн үндэстний ёс жаягаан санав

Ятга[7] хөгжимдөө хүрснээр би

Үхэж амьдрах хорвоог мэдрэв

Гэртээн эргэж ирэх хүртэл

Гариг эрхисийн нэгэн мөчлөг өнгөрчээ

Гагцхүү миний туулж өнгөрүүлсэн

Гунигт амьдарлын түүхийг

Нүүдэлчдийн цуурын 18 аялгуу өгүүлнэ. ” [8] энэхүү шүлгийн англи орчуулгад : 

“I return home and see my king’s palace

The fields and gardens are half wild, but the spring grass is green.

Bright candles are lit again from ashes and ruins;

Col spring water cleanses a jade that had sunk in the mire.

As I hold towel and comb.

I rediscover the good rituals and etiquettes;

Touching the Qing[9] again enables me to live of die without regret

From going out through the pass to my return was twelve years;

Now all my sorrows are told in this Song of the Nomad Flute” гэжээ.



Дундад эртний түүхийн баримт мэдээллээс үзэхэд Ятга хөгжим нь 12-13-р зууны үед Монгол нутгаар нилээд тархан хөгжиж байсан ба ялангуяа хаадын өргөө ордонд маш олон зүйлийн ятга хэрэглэж байсан мэдээ байна.  Тухайлбал хааны ордонд: “ Юан улсын судрын 69-71 –р дэвтэрийн дотор:  “ахуй ятга, төрийн ятга, ятгалага, төрийн их ятга, бага ятга,  цал ятга”[10] гэх зэрэг олныг нэрлэж болно. Ялангуяа 13-р зууны үеийн Монгол утга зохиолын дотор “Жангарын тууль”д: Зуугаа талд нь 108 хонх зүүгээд. . .

“ Ерэн дөрвөн чавхдастай

Ендөр мөнгөн[11] хуураан бариад татахул

(ятгаа бариад татахул) 

Нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад

Хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад гэх буюу түүнчлэн

Хуур ятга хоёрын дуу нийлээд “биндэр ятгын” дуу гаргаад . . . хэмээн шүлэглэн  бичсэн эртний сурвалж бичгүүдэд чухамдаа ятгын тухай өгүүлсэн ба ялангуяа ятгын уян найланхай дуун утгын чимгийг тод томруун дүрсэлсэн зохиол бүтээлүүд нь өнөөг хүртэл уламжлан ирсэн юм. Түүнчлэн 17-18-р зууны үеэс эхлэн сүм хийдийн номын найр болон бясалгалын дуу буюу оюун ухаан хөгжүүлэх дуу Гүр дууны аялгууг уянгалуулан хөгжимддөг байсан талаар эх бичгийн сурвалж олдсон болно. Харин 19-20-р зууны үеэс ятга хөгжмийг цөөхүүл найрал хөгжмийн төрөл зүйлд оруулан өрнөдийн хөгжмийн сонгодог зохиол бүтээл, ба ялангуяа 20-р зууны эхэн үеэс сургалт сурталчилгааны болон ганцаарчилсан, хоёрол, гурвал, дөрвөл болон ардын цөөхүүл хөгжмийн хамтлаг тавал, зургуул, цөөхүүл дан ятгын чуулга, шударга ятгын чуулга,  ардын их найрал хөгжим болон тайзны концертын хөтөлбөрт өргөнөөр оруулсан болно.

2. Ятгын судалгааны тухайд

Хэдийгээр монгол ятгын тухай ном[12] судалгааны өгүүллүүд[13] ба сурах[14] бичгүүд хэвлэгдэн гарсан боловч, Харин эртний судар бичгийн  хэлбэрээр өнөөг хүртэл хадгалагдан ирсэн эртний сурвалж [15]бичгүүд, уран зохиол[16] болон сүм хийдийн судар бичиг[17] гар бичмэлүүд Монгол Улсын Төв Номын сангийн эртний сурвалж бичгийн сан хөмрөгт олноор хадгалагдаж байгаа болно.

3. Ятгын тухай түүхэн сурвалжаас

Эрт дээр үеэс Монголчууд хааныхаа ордны ёслол хүндлэл, баяр наадам, хурим төрийн ёслол буюу оршуулах зан үйлийн үед, мөн цэрэг гарах буух, анд мордох, зэрэгт хөгжим хангинуулдаг байсан мэдээ бий.  Ялангуяа монголчуудын эрийн гурван наадмын үед хурдан морьны гийнгоо, нум сум, сур шагайн харвааны уухай ая, болон эртний үлгэр туульсын зан үйлд дуу хөгжим үүсгэдэг байсан байна. Энэхүү дуу хөгжмийн уламжлалын талаар эртний сурвалж бичгүүдэд дурдахдаа: “Бүр Манай эринйи өмнөх 3-р зууны үед Эртний Хүннү нар нь оройдоо цуур, ятга хөгжим хангинуулан дуу дуулж бүждэг байсан ба оройдоо Хүннүгийн цэргийн бүрээний дуу нь  миний  чихээр орж зүрхийг имчинэ[18]” гэснээс үзэхэд “Хүннү  нарт цэргийн бүрээ, цохивор хөгжмийн зэмсгүүд  байсан” гэдэг мэдээг түүх судлаач эрдэмтэн доктор Гүнжийн Сүхбаатар[19] судлан “ Монголчуудын эртний өвөг” номдоо дэлгэрэнгүй бичсэн билээ. Монгол түүхийн сурвалж бичигт тэмдэглэснээр: “Сүмбэчүүд нь хааныхаа ордонд 80 төрлийн хөгжмийн зэмсэгтэй байсан”[20] гэснээс үзэхэд тэд маш олон төрөл зүйлийн хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байсан байна. Түүнчлэн олон улсын шагналт, Зөвлөлтийн хөгжим урлаачдын нийгэмлэгийн орлогч дарга, нэрт урлаач Д. Б Яровой [21] “Эгшиглэнт хөгжмийн нууц” гэдэг бүтээлдээ: “дэлхий дахинаа анхлан хамгийн болхи бүдүүлэг хийцтэй товшуур ятга мэтийн хөгжмийн зэмсгүүд үүсээд хожимдоо ур хийц шаардсан нумт хөгжмийн зэмсгүүд буй болон хөгжсөн ба ийм хөгжмийн зэмсэгт хуур, цуур ятга хөгжмийн зэмсгүүд байсан ба эдгээр нь Азиас Европ тиврүү Зүүн Словян, Орос,  Болгар ба Испани газар нутгийг дамжин Араб руу очсон  гэж мэдээлснийг судлагч Д. Дашдорж[22] С. Цоодол нар  “Ардын суу билэгтнүүд” номдоо судлан тэмдэглэн үлдээжээ.   Түүнчлэн 13-р зууны үест  алдарт жуулчин Марко Поло, Вилъям Рубрук  нарын тэмдэглэн үлдээсэн ном болон эртний хааны ордны сурвалж бичгүүд Юан улсын судар зэрэгт Хувилай хааны ордонд 412 хүний бүрэлдэхүүнтэй найрал хөгжимчид байсан ба тэр үеийн айл[23] бүрт төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүд байсан гэдгийг нүдээр үзэж чихээр сонссон тухайгаа тэмдэглэн үлдээжээ. “Европт огт үзэгдээгүй хөгжмийн зэмгүүд энд маш олноор үзэгдэх ба ялангуяа монголчууд зун цагт айраг цагаа эсгэн үүдэн хавьд тавих ба  эзэн “за[24]” гэж  дохио өгөхөд айргийг эр эмгүй  хомхойгоор уух ба ямагт үүдэн хавьд хуур хөгжим барьсан хүн суулгаж хөгжимдөнө” гэжээ.    

Сурвалж бичгийн мэдээгээр “Хувилай хааны үед (1260-1294)  ордны хөгжимд тусгай гавъяа байгуулсан 149 хүнд шагнал хайрласан” гэдэг талаар судалсан эрдэмтэдийн бүтээл[25] бий. Үүнээс үзэхэд ордны хөгжим ангийг хөгжүүлж, хөгжимч нарыг хэрхэн хүндэтгэж  байсныг эндээс мэдэж болно. Түүнчлэн Монголын нууц Товчоо зохиолын дотор  хааныхаа хөдөөлүүлэх ёслолын[26] үед хэрхэн хөгжим хангинуулдаг байсан талаар мэдээлсэн бөгөөд энэхүү зохиолын дотор болон “Монгол хаадын ордонд хэрэглэж байсан “хуримлах хөгжмийн савд” тусгай 21 зүйлийн хөгжмийн зэмсгийг хурим болон хүндэтгэлийн хөгжимд хэрэглэж байсан байна. Тэдний дотор хуур, ятга, цал ятга тэмдэглэсэн нь бий”[27]. Ялангуяа Монголын Нууц Товчоо зохиол бол зөвхөн эртний хаадын дайн байлдааны асуудлыг авч үзсэн тухай зохиол бус тэдний  өдөр тутмын амьдралыг дүрслэн бичсэн түүхэн баримт бичиг мөн. Ялангуяа тус зохиолын доторхи 57, 58, 64, 65, 189,  267-р зүйлүүдэд монгол хөгжмийн зэмсгийн талаар тодорхой бичсэн байдаг. Жишээ нь: 189-р зүйлд бичихдээ:

          “Tsaγaan tolog de’er ee berinidien berileüljü,

             Otoγluulju qu’urdaulju ayaγa barin taijui”

 „Цагаан толог дээр бэргэдээн бэрлүүлж,

 Отоглуулж хуурдуулж аяга барин тайжуй[28]“  хэмээн гардаг нь хөгжим тэдний амьдралд ямар чухал үүргийг гүйцэтгэж байсныг мэдэж болно. 





















Зураг 2. Л. Оюунчимэг “Монгол шударгын арван найман ая хөг” УБ, 2003, номын  талаас авав. 



Дундад эртний монгол хаадын ордны хөгжмийг нийт “Найман аялгууны аймаг”-т багтаан үздэг байсан ба эх сурвалж бичигт ялангуяа “Юан улсын судар-“т тэмдэглэснийг үзвэл арван зүйлийн төрөл аймаглалд багтаан ангилсан байдаг. Үүнд:  “13-р зууны үест Монгол хөгжмийн зэмсгийг төмөр, чулуу, мод, шавар шороо, хул, http://210.95.200.103/BookData/300019/92.gifхулс, ширний аялгууны аймаг[29]” хэмээн ангилах ба түүнчлэн хөглөх ба хөөрөгт (даралтат) хөгжмийн анги, дохиолох хөгжмийн аймаг хэмээн ангилсан байдаг. Хөглөх хөгжмийн зэмсгийн аймагт: дуу авиа гаргах, багласан бишгүүр, бадралт бага бишгүүр,  арван хоёр хонгио, “усан тахил” хэмээх устай шавар ваар цохилуур хөгжмийн зэмсгүүд байх ба дохиолох хөгжмийн аймагт тойг, товрон, өд, сөд, үелзүүр гэх хөгжмийн зэмсгүүд багтах ажээ.



http://210.95.200.103/BookData/300019/93.gif











Зураг 3. Л. Оюунчимэг ”Монгол шударгын арван найман ая хөг” номоос   авав.





   Юан улсын судрын сурвалж мэдээгээр “Хувилай хааны ордны хөгжимд маш олон төрөл зүйлийн хөгжмийн зэмсгүүд байсан ба тэдгээрийн хөгжим захирлах анги гэж нэрлэж байсан ба үүнд ганц чавхдаст ятга, таван яавхдаст, долоон чавхдаст цал ятга, арван чавхдаст ятгалага, арван хоёр, арван гурван чавхдаст ятга, хорин нэг, хорин таван чавхдаст ятгаар “хуримлах хөгжмийн савд”[30] хамааруулан хөгжимдөж байсан” мэдээ  байна. Энэхүү эртний судар бичгийн зүйл нь нийт 210 боть хэлбэрээр Монгол Улсын Нийтийн Төв Номын Сангийн эртний хөмрөгт хадгалаастай байгаа бөгөөд эдгээрийн доторхи 69-71-р дэвтэрүүд нь дан ганц хөгжмийн зэмсэг болон хөгжмийн онол түүхийн сурвалжуудыг багтаасан болно. 



Picture 123















Зураг 4. Др. Лувсанноровын Эрдэнэчимэгийн цуглуулгаас. Баянхонгор аймаг Номун ханы хийд. 1989 он.



Энэхүү шинээр олдсон гүр дууны бичиг нь монгол хөгжмийн түүхэнд холбогдох ятга хөгжмийн үүслийн тухай домог[31] мөн ятгаар хөгжимдөх эртний ноот бичгийн тухай хамгийн сонирхолтой мэдээллийг бид Чин сүзэгт Номун хан хутагт Лувсанноровшарав[32] (1701-1768)”-ын бясалгалын гүр[33] дууны ном судраас олж үзэж болно. Энэхүү зохиолын доторхи нэгэн сонирхолтой зүйл бол ятга хөгжмөөр хэрхэн хөгжимдөж хүнийг уярааж болох түүнлүгээ ятгачин Баянхүү хэрхэн эцэг Цэрэнг ялаас аварч буй түхай нэгэн сонирхолтой домог байгаа болно. Энэхүү домгийг сийрүүлэн авч үзвэл:  

 “Эрт урьдын цагт бас зуурдын галав болсны эцэст нэгэн ах дүү гурван хүн анх цагийг засаж тарийг барих үе,  МЭ 6-р зууны үед Хан улсыг захирч суух үест эртний Жу Хаан гэдэг захирагчтай Жу Хачин хэмээх улсад нэгэн  хачин сонин үйл явдал болдог байж гэнээ. Тэр юу вэ гэхээр нэгэн айхтар сүрхий шулмас байж гэнэ. Тэрээр хэн их сайн гавъяа байгуулсан буюу бүх хаадын болон баатруудын, захирагч нарын толгойг авдаг байж гэнээ. Ингэж толгойг нь авах үедээ хааны ордонд тусгай дайллага цайллага бэлддэг байсан гэнээ. Гэтэл тэр цайллага дайллага ч болж гэнэ. Хүмүүс ч уригдан ирж гэнэ. Гэтэл залуу захирагч Цэрэнгийн толгойг авах гэж байгааг түүний их хүү Баянхүү эцэгтэйгээ уулзаж байхдаа мэдэж гэнээ. Бүх хүмүүс л Захирагч Цэрэнгийн толгойг авах гэж байгааг мэдээд маш ихээр уйтгарлаж гэнэ. Гэтэл түүний хүү Баянхүү эцгээ хэрхэн ялаас аврах тухай бодоод тэрхүү шулмас оршсон эмэгтэйн сэтгэлийг хэрхэн татаж уяраах тухай бодоод өөрийн тоглолтоо ордонд хийжээ. Энэ бол Цэрэнгийн их хүү Баянхүүгийн ятгын гайхамшигт тоглолт байсан ажээ. Баянхүү ч ятга хөгжмөөрөө хөгжимдөөд дуусангуут ордонд байсан бүх хүмүүсийн сэтгэл уярч, бүх хүн баярлах сэтгэл төрж баяр хөөр болж, гайхамшигт ятгын аялгууг сонсоод хүн бүр уярсан гэнээ. Гэтэл нөгөө ордны шулмас эмэгтэй Баянхүү дээр хүрч ирээд “алив надад энэ хөгжмөө заагаад өг, би хөгжимдөнө” гэж захирангй тушааж гэнээ. Ингэхэд Баянхүү зөвшөөрөөд хэлж гэнээ: “Энэ ятгаар хөгжимдөхөд маш уян зөөлөн сэтгэл хэрэгтэй, тийм сэтгэлгүй бол хөгжимдөж чадахгүй жишээ нь баруун гараар утсыг чавхадахад гарьдын нүдийг дарах мэт, зүүн гараар утсыг чавхадахад луугийн нүдийг дарах мэт тийм уян зөөлөн дарж чавхаддаг юм” гэжээ. Түүнчлэн Баянхүү цааш нь хэлэхдээ энэхүү хөгжмийг хөгжимдөж сурахад бас зургаан зүйлийн хориг цээр байдаг юмаа хэн дуртай нь гар хүрээд байх учиргүй лдээ гэхэд: Шулмас хатан “алив тэр зургаан зүйл цээр хориг нь юу байдаг вэ? гэж асуухад: Баянхүү хариуд нь: “Энэ зургаан зүйлийн цээр хориг бол

1. архинд согтох,

2. хувцас дутуу өмсөх,

3.     өөр юм бодох,

4.     салхи гарах үед ,

5.     бороо орж цахилгаан цахих үед,

6.     худал хэлэх зэрэг зургаан зүйлийн  цээрлэх ёсон бий”[34]

(Лувсанноровшарав “гүр дууны бичиг” 99-100-р талд). Ийнхүү Баянхүүгийн зааснаар хааны ордны шулмас оршсон эмэгтэй ятга хөгжмийг сурахаар болж энэхүү зургаан зүйлийн цээр хоригийг сурснаар түүний хатуу харгис хэрцгий сэтгэл уярч, номхон дөлгөөн сэтгэлтэй  болсноор Баянхүү эцгээ ялаас аварч амар сайхандаан жаргаж гэнээ.” Энэхүү домгийн мэдээнээс дүгнэн  үзэхэд:

1-                рт: ятгачин Баянхүү эцгээ харгис хэрцгий хатны савраас аварч  чаджээ гэсэн өгүүлэмж нвь хөгжмийн эгшгээр хүний сэтгэлийг уярааж болох тухай,

2-                рт: ерөөс хөгжимчин ятгачин хүний мэдвэл зохих сурган хүмүүжүүлэх асуудал тусгагдсан, харгис хэрцгий хатныг хүмүүжүүлсэн,

3-                рт: хөгжим сурахад хориглох, цээрлэх зүйлийг хөгжимчин хүний мэдвэл зохих гоо сайхан,  гоо зүйн хүмүүжил боловсролын талаар,  

4-                рт: жинхэнэ ятгачин хүний мэдвэл зохих ятгын хөгжимдөх ур зүй, арга ухаан, хөгжимдөх техникийн тухай баруун гараар хөгжимдөхөд гарьдын нүд  зүүн гараар хөгжимдөхөд луугийн нүд дарах мэт гэсэн хөгжимдөх ур ухаан арга техникийн талаас авч үзсэн,

5-                рт: бүр эртний сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн,

6-                рт: Домогт гарч буй хүний нэр нь Монгол хүний нэр болох Цэрэн, Баянхүү нэрүүд,

7-                рт: ятга хөгжмийн үүслийн талаар монгол аман зохиол, утга зохиолын домгийн хэлбэрээр өгүүлсэн зэрэг нь  судлаачдын сонирхлыг ихээр татаж байгаа болно.

8-                Номун хантаны зохиосон “гүр дууны бичиг”-т  Монгол ятгын арван чавхдасанд тулгуурласан эртний хөгжмийн ноот бичиг хавсарган зохиосон явдал нь  монгол хөгжмийн түүхэнд төдийгүй Өрнө дорно дахины, цаашлаад дэлхийн хөгжмийн түүхэнд чухал ач холбогдолтой бүтээл болсон юм.



2007 a 022















Зураг 5. Др.  Л. Эрдэнэчимэгийн хувийн цуглуулгад . Гүр дууны бичгийн 4-р гар бичмэл дэвтэр. Баянхонгор аймгийн орон нутаг судлах тузейд хадгалаастай бий.



Энэхүү гүр дууны ноот бичгийн байдлаас үзэхэд сүм хийдийн номын найрт аялгууны хамсраа хөгжмийн үүрэг гүйцэтгэж байсан ятгалага хөгжмийн зэмсгийн арван чавхдасанд тулгуурлан зохиосон ноот нь арван зүйлийн нэртэй байсан ба үүнийг дуулах ба хөгжимдөхөд хэрэглэж байжээ. Ийм төрлийн ноотыг төвдөөр хурлын уншлагын унших ноотыг “дан ег”, дуулах ноотыг “ян ег”, хөгжимдөх ноотыг “рол ег “гэж нэрлэдэг байна. 



http://210.95.200.103/BookData/300019/89.gif





Зураг 6. Др. Лувсаннорвын Эрдэнэчимэгийн хувийн цуглуулгаас.  Мөн УННС эртний сан хөмрөгт хадгалаастай буй. Ятга хөгжмийн арван чавхдас дээр тулгуурлан зохиосон “Хуурын магнай” хэмээх уртын дууны ноот бичлэг. 1870 онд хуулбарлан бичигдсэн үсгийн дардацтай байв.






1.     Most lower tone


6.     Higher Accord




2.     Lower tone


7.     Normal Vibration




3.     Normal tone


8.     Lower Vibration




4.     Tone of Accord


9.     Modest Vibration




5.     Root of Accord


10.                        Final Vibration
















1. Туйл бүдүүн хөг,

2. Бүдүүн нийлэх өргө,

3. Таруу бүдүүн хөг,

4. Таруу нийлэх хөг,

5. Дунд хөг,

6. Дээд шингэн хөг,

7. Шуранхай

8. Нарийн шуранхай

9. Шуранхай нийлэх хөг,

10. Эцэс шуранхай хэмээн ангилжээ.

Энэхүү ятгын арван чавхдаст тулгуурласан ноот бичлэг нь нийт арван нэртэй бөгөөд туйл бүдүүн хөгөөс эцэс шуранхай хүртэлх  доод хөгөөс дээд нарийн өнгөрүү шилжсэн бичлэгтэй юм.  Харин “Юан Улсын Судар”-т бичигдсэн ордны хөгжмийн эгшгийн жимгийг нийт таван махбод эгшигт хуваан ангилсан ба энэ нь эртний хөгжмийн “гурваар тэгшитгэх хөгжийн жимийн[35] онол”-оор бичигдсэн нь тодорхой байдаг. Энэхүү онолын үндсэн зарчим нь арга билэг буюу  ян ин, upaya and pradjnya[36] . Сударт авч үзсэнээр Монгол хөгжмийн тавц хөгийн нэрсийг эртний бичлэг дуудлагаар нь буулган авч үзвэл:



Гүн дагун

Сан дагун

Ги дагун

Жи дагун

Ю дагун гэх ба орчин цагийн хэллэгээр буулгавал гүн дуун, сан дуун,  ги дуун, жи дуун, ю дуун гэсэн таван эгшиг юм. (Энэхүү уншиж байнаа нар нь эртний бичлэгээр боловч хуучин бичигт урт эгшиг бичигддэггүй байсан ба иймээс эртний томъёоллоор нь унших нь зөв мэт). Эдгээрийг гурваар тэгшитгэх хөгийн жимээр ангилахдаа: гурвыг эх болгон авч түүнээс цааш гурвыг тэгшитгэх томъёоллоор бодож тавц хөгийн жимийг томъёолсон байдаг. 

 9 x9 = 81

81+ (81:3) =108

108-(108:3) =72

72+ (72:3) =96

96-(96:3) =64,     

1. Gun dagun [gung] - f- 64,
2. San dagun (shang) - C- 96,
3. Hiu dagun (tsue) - G- 72,
4. Ji dagun (chi) - D-108,
5. Yu dagun (yui) –A- 81,

Эдгээрээс гадна Юан улсын судрын 71-р дэвтэрт „хуримлах хөгжмийн савд“ нийт 21[37] зүйлийн хөгжмийн замсэг байна гэж авч үзсэн ба тэдгээрт ятга хөгжмийн зэмсгийг хэрэглэж байсныг дурджээ. Үүнд:

“1.Багласан бишгүүр,

2. Биба,

3. Ятга,

4. Хобис,

5. Хуур,

6. Хангинагч,

7. хөндлөн бишгүүр,

8. Тэргүүн бишгүүр,

9. Бишгүүр,

0. Кун Хоу хуур, 

11. Юан ху босоо ятга,

12. Лимбэ,

13. хулсан ширбэгүүр,

14. Хэнгэрэг,

15. Шулуун хэнгэрэг,

16. Зуу хэнгэрэг,

17. Найрт хэнгэрэг,

18. Цал ятга,

19. Жижиг бялар,

20. Царгил,

21. Усан тахил гэх мэт 21 зүйлийн хөгжмийн зэмсгийг ордны найр хуримд хэрэглэдэг байсан” (Л.Оюунчимэг 2003) ба үүнд ялангуяа хэд хэдэн төрлийн хэнгэрэг, ятгыг хэрэглэж байсан нь тодорхой байна. Түүхэн мэдээнээс үзэхэд: хубилай хаан өөрийн Улсын нийслэлийг Бээжинрүү нүүлгэхэд хөгжимчдийг авч явсан ба тэдгээрээс хөгширч тэнцэхгүй болсныг солиж байсан мэдээ байна. Мөнхүү Монгол хөгжмийн түүхээс судалсан эрдэмтэдийн мэдээлснээр: “Дундад эртний үед Солонгосын хаан Монгол ятгачин Энгүү хатныг гэргийгээн болгон авсан бөгөөд хатныг дурсан тэмдэглэсэн нэгэн зүйл бол тэрхүү Хатны шарилыг маш их уран дархадыг урин цуглуулж бүтээсэн гэх ба тэрхүү   бунхан одоогийн Пхьенян[38] хотоос холгүй байдаг” хэмээн алдарт лимбэч М. Цэрэндорж болон хөгжим судлагч Жамцын Бадраа нар мэдээлсэн болно. Ийнхүү түүхэн хөгжлийн байдлаас авч үзэхэд дундад эртний үеийн монгол уран зохиолын дурсгал болох Жангарын тууль болон Монголын нууц товчоо зэрэг бүтээлүүдэд 16 настай Агай Шавдал ятгачин хатны  тухай өгүүлэмж нилээд тусгагдсан  байдгаас үзэхэд ятга хөгжмийн зэмсэг тэр үест нилээд дэлгэрч байсны гэрч юм.      Хожим 17-18-р зууны үест Буддын шашин сүм хийдийн хөгжмийн зэмсэгт нэмэлт оруулж, монгол ахуйд монголын онцлогийг илэрхийлсэн дуу авиаг оруулсан нь ятга хөгжмийн дуурьсал байсан юм. Учир нь дан ганц үлээвэр цохивор, дэлдүүр хөгжмийн зэмсгийн хурц, тод хэмнэлт дуурьсал, догшин ширүүн ая хэмнэлд  ая нийлүүлэн уншдаг байсан буддын шашин номын уншлагын хэлбэр бүтцэд арван чавхдаст ятгалага хөгжмийн зэмсгийн шинэлэг дуурьслыг нэмж,  шинэлэг авиа эгшиг, аялгууны уран тансаг, уян зөөлөн авиа эгшиг хэм хэмнэлийг оруулснаар гүр дуулал бясалгалын дууллын хөгжим эгшиглэнг хөгжүүлэн баяжуулсан нь нилээд шинэлэг зүйл болсон юм.



Ийнхүү ятга нь монгол ахуйн зан заншил баяр наадам болон  гэр хүрээний дуу авианаас хальж, хааны ордон,  ихэс дээдсийн гүн хүндэтгэлийн баяр цэнгэл, найр хуримд эгшиглээд зогсохгүй Буддын шашны номын найр, гүн бясалгал бодролын ая эгшгийг ч баяжуулан монгол ахуй зан аалийн уламжлалд чухал нөлөө үзүүлсээр өнөөг хүртэл эгшиглэсээр байна. Жич: Монгол ятгын хийц бүтэц урлах арга барил, хөгжимдөх арга хэлбэрийн талаар гадаад дотоодын судлаачдын анхааралд зориулан илтгэлийн англи эхэд тодорхой хавсаргасан бөгөөд монгол эхэд зөвхөн түүхэн тойм байдлаас товчлон оруулахыг хичээсэн болно.  Уламжлалт Монгол ятга, биндэр ятгын дуу 

Улам уянгалаг болох болтугай хэмээн энэхүү илтгэлээ өндөрлөе!



Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Анхаарал тавьсанд баярлалаа



Хаслунд Кристенсений

Швед Стоккольмд 1949 онд хэвлэгдсэн

Номын зургаас авав




[1] Ятга нь маш олон төрөл байсан ба 1,3,5,6,7,10,12,13,25 хүртэлх чавхдастай байв.


[2] Ятуга гадэг шувууны нэр юм.


[3] Цал ятга гэдэг нь 7 чавхдаст нумт ятгын нэр юм.  Цал гэдэг нь цагаан буюу цал буурал гэх  эх буюу эхлэл өнгө гэдэг утгаас ирсэн болно.


[4] Ятгалага бол 10 чавхдаст ятгын нэр юм.


[5] Гүн гэрийн хатагтай гэдэг нь удмын мэргэн бичээч удмын хатагтайг хэлж байжээ.


[6] Л. Эрдэнэчимэг ” Гүн гэрийн хатагтайн нүүдэлчдийн цуурын арван найман аялгуу” УБ, 2003,


[7] Ятга- Qing гэж эртний  хааны ордны 7 чавдаст ятгын нэр юм.


[8] Лв Эрдэнэчимэг “Гүн гэрийн хатагтайн нүүдэлчдийн цуурын арван найман аялгуу” УБ, 2003, 79-р талд ,   


[9] Qing – gu qing ancient placed string instrument, long zither,  


[10] Юан улсын судар 71-р дэвтэр, УННС эртнйи хөмрөг УБ,


[11] Жангарын тууль ,  эрхилсэн Ц.Дамдинсүрэн, УБ, 1971,


[12] Buted.S. Brief notice on Yatga., УБ, 1971,


[13] L. Erdenechimeg „Tsal Yatga is a court musical instrument” Il tovchoo” УБ., 1994,


[14] Tserenkhorloo, Text book of the Yatga, UB., 1968,


[15] History of the Yuan manuscript (13th century),  state library fund UB Mongolia,


[16]  Henish Kh, „History of the Yuan“, transcription Wesbaden,1960,


[17] D. Dashdorj and S. Tsoodol „ Masters of traditional music „ UB Mongolia, 1971, History of the Mongols, Vol.1.UB., 1966, D. Dashdorj and S. Tsoodol „ Masters of traditional music „ UB Mongolia, 1971,


[18] Б.Содном “ монгол хөгжмийн түүхээс” Уб, 1960,


[19]  Sukhbaatar G. Mongholian ancestors 3d century BC, UB, 1980, 


[20] БНМАУ-ын түүх УБ, 1966он,


[21]Д.Б. Яровой ” Эгшиглэнт хөгжмийн нууц”  Москва, 1967,


[22] . Dashdorj and S. Tsoodol „ Masters of traditional music „ UB Mongolia, 1971,






[23] Marco Polo and William Rubruk, Ayan Zamyn temdeglel. Bind 57, State library, UB, Mongolia, (13th century);


[24] (F.W.C, 1982, p. 12-14),


[25] Л. ОюунчимэгШударга манай МонголынхИл товчоо, УБ, 1994,


[26] History of the Yuan Dynasty (State library fund UB, Mongolia), Book 71;


[27] Л. Оюунчимэг “Хааны ордны хуримлах хөгжмийн сав” Ил товчоо сонин, УБ, 1994, 


[28] Монголын Нууц товчоо,УБ, 9


[29] Юан улсын судар, УТНСан хөмрөг,


[30] “Юан улсын судар”  71ер дэвтэр, Монгол Улсын Төв номын сан , эртний хөмрөг, УБ, 


[31] Монгол гүр дууны бичиг 2-р дэвтэр УННС хөмрөг, УБ,


[32] Чин сүзэгт номун хан Лувсанноровүаравын “Гүр дууны бичиг” таван гар бичмэл дэвтэрүүд,


[33] Л.Эрдэнэчимэг “ Монгол гүр дууны гүн эгшигдэнгийн увидас” 2002, УБ, номоос үзнэ үү.


[34] Лувсанноровшарав ” Гүр дууны бичиг”  УБ Төв номын сан, эртний судар бичгийн фонд, 99-100,  895-4, Г-871 данстай, 21,5х17,5см 104 хуудастай гар бичмэл дэвтэр, 


[35] Хятадаар – “Сан Фен Суан и Фа” хэмээх тавц хөгийн жимийн онол юм.


[36] Л.Эрдэнэчимэг- Морин хуурын авиаг  арга билгийн онолын үүднээс судлах нь” эрдмийн зэрэг горилсон бүтээл, УБ, 1993.  


[37] Л.Оюунчимэг –монгол үударгын арван найман ая хөг” УБ, 2003, номд тодорхой бий.

[38] Нэрт хөгжимчин М. Цэрэндорж, хөгжим судлагч Жа. Бадраа нар мэдээлсэн болно. УБ, 1984 он,

1 comment:

  1. ятга хөгжмийн барилтуудыг тодорхой заасан хичээл байдаг юм болов уу

    ReplyDelete