Thursday, April 11, 2013

Франц-д хэвлэгдсэн Торгуудын Ниржидмаагийн арван найман дуу


Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач



Зураг дээр: Ниржидмаа гүнж (1907-1983).

Ардын дуу бол ард түмний дундаас төрдөг “амьд эрдэнэ” юм. Иймээс ардын дуу нь тухайн нийгэм, үндэстэн угсаатан, хүн ардын оюун сэтгэлгээний хэл буюу толь мөн. Ерөөс дуу гэдэг нь: ая –шүлэг-сэтгэлгээ гурвын нэгдлээр илрэх эгшгийн нүргээн цуурай буюу уран дүрслэл юм. Ялангуяа дууны шүлэгт харууслын тал, аялгуунд баяслын тал, сэтгэлгээнд ухаарлын тал нь давамгайлдаг. Иймд дуун аялгууг шинжлэх нь тухайн үндэстэн угсаатны хэл яриа, аман билэг, хөгжимт аман зохиол, утга зохиол, тухайн нийгмийн оюун санаа, ахуй сэтгэлгээ, үзэл санааны чиг хандлагыг нээх буюу баяжуулах ач холбогдолтой төдийгүй дууны агуулгаас тухайн нийгмийн хүн соёлжлын түүх, ёс суртахуун, зан заншил, гоо сайхан,  гүн ухаан, танин мэдэхүйн хэм хэмжээг  ч мэдэж болно.
Дуун аялгуу бол хүний сэтгэлийн хөдөлгөөнд орших үр дүнгийн ердийн үзэгдлээс урган гарсан сэтгэл хөдлөл, сэтгэцийн үйлдлийн тогтолцоо гэж хэлж болно[1]. Даяаршлын энэхүү эрин үед үндэстэн угсаатны ардын билэг зүйчид төдийгүй, ардын дуу хөгжим улам цөөрч устаж үгүй болох буюу зарим нь  мартагдахад хүрч байгаа тул, тэдгээрийг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, судлах, сургах, сурталчлах, өвлүүлэх, уламжлуулах, дэлгэрүүлэх ажлыг ч эрчимтэй хөгжүүлэх нь чухлаар шаардагдаж байна. Ялангуяа Баяд, Буриад, Дарьганга, Дөрвөд, Захчин, Өөлд, Торгууд, Урианхай, Хотгойд гэхчлэн олон ардын дууг дуулдаг дуучид ч ховорджээ. Угсаатны ардын дуу хөгжмийг тухайн нутаг усны хэл аялгаар нь бичиж тэмдэглэх, судлан сурвалжлах, хэвлүүлэн нийтлүүлэх ажил ч өнөөгийн бидний хойшлуулшгүй зорилтын нэг болж байна. Иймээс бидний олж үзсэн “Торгуудын арван найман дуу” нь эртний богино дууны хэлбэрээр бичигдсэн бөгөөд өнөөгийн монголчуудын дуулж буй ардын дуутай харьцуулан шинжилж, өвлүүлэн уламжлуулж ч болох юм. Учир нь Парисаас олдсон Торгууд дууны эл дэвтэрт буй дуунуудыг хэн дуулж байв, хэзээ хэвлүүлсэн бэ?. Энэхүү дууны дэвтэрт нийтлэгдсэн Торгууд ардын дуу нь хэдий үед зохиогдсон дуунууд байв? Тухайн үеийн Торгууд дууны ая шүлгийн зохиомж ямар байв? гэдгийг ч тодруулан авч үзэж болох юм. Энэхүү Торгууд дууны дэвтэрт орсон зарим дуу нь монгол ардын дууны халх хувилбар байсан нь бидний сонирхлыг татсан болно.

Ниржидмаагийн товч намтраас. Торгуудын арван найман дууг тухайн үед дуулж ардын дуугаа сурталчилхаас гадна, бас хойч үедээ тэмдэглэн үлдээсэн хүний нэг бол “Торгуудын Бамбар ноёны удмын Баяр Ван ноёны ач охин Ниржидмаа (1907-1983) юм.  Ниржидмаагийн өвөг эцэг Баяр Ван нь хоёр хүүтэй байсан ба түүний их хүүг нь Балт Ван (1882-1920) удаахи хүүг нь Төмөржин (-?-1912)  гэдэг байжээ. Харин их хүү Балт  Ван (1882-1920) (хоёр удаа гэрлэсэн бөгөөд эхнийх нь хятад, хоёрдугаар эхнэр нь япон хүн байсан гэжээ) дөрвөн хүүхэдтэй байсан ба түүний их хүүг нь Минжүүрдорж Ван (1903-1975) хоёрдугаар охиныг нь Ниржидмаа гүнж (1907-1983),  удаахи хүүг нь Сэрцо (1913-1930) отгон хүүг нь Цэрэндорж (1914-? ) гэдэг” [2] байжээ. Судлаачдын мэдээлснээр: “Балт Ван бол 1882 оны морин жил төрсөн Баяр Вангийн анхдугаар хүү байв. Баяр Вангийн удам бол эртний Бамбар ноён (Бамбар ноён бол Убаши ханы ах байв) түүний хүү- Бадам Увш, түүний хүү Цэрэн Дэлэг, түүний хүү-Бат Хан, түүний хүү- Баяр Ван[3]” нар байв. “Балт Вангийн охин Ниржидмаа бол олон хэл мэддэг, ухаалаг, царайлаг төдийгүй тэр үеийн мэдлэг боловсролтой сэхээтний нэг байжээ. Тэрээр бага дунд сургууль болон хэлний мэдлэгээ тэр үеийн Бээжин, Японд суралцан олж авсан бөгөөд хожим нь 1930-д оны үеэс Европт гарч, Бельги улсад анагаах ухааны чиглэлээр сурч дээд боловсрол олж авчээ. Судлаачдын бичсэнээр Ниржидмаа бол  тэр үеийн авъяаслаг сэхээтний нэг байсан”[4] гэжээ. Ниржидмаа бол ноён удмын хүн байсан төдийгүй өөрийн эзэмшсэн олон хэлний мэдлэг,  дорнын их авъяас билгээрээ ард олны дотор гайхагдан хүндлэгдэж, гүнж хэмээн нэрлэгдэх болжээ. Иймч учраас Парист тусгай улс төр, дорно дахины урлаг, уран сайхныг сурталчлах бүлгэм байгуулж, түүндээ ч өөрөө идэвхитэй оролцож өөрийн авъяас билгээ ард олонд таниулж байжээ. Тэрхүү бүлгэмд ч дорно дахины урлаг уран сайхныг судлах гэсэн хүсэлтэй хүмүүс оролцдог байжээ. Иймч учраас түүний энэхүү бүлгэмийн үйл ажиллагааны талаар тэр үеийн “Цагаан өвсний долгион[5]” 1933 нэртэй сонинд нийтэлдэг байжээ. Ниржидмаа гүнжийн дуулж байсан эдгээр дуунуудыг үг аялгууны хамтаар тэмдэглэн 1937 онд Парис хотноо хэвлэлд бэлтгэн гаргасан хүн бол Мадам Хумберт С[6] (Madame Humbert-Sauvageot) бөгөөд дууны ноот бичиг болон удиртгал тайлбарыг Паул Гетнер[7] (Paul Geuthner) бичжээ. Харин энэхүү номд зарим дууны шүлэг нь тод үсгээс буулгахдаа алдаа мадаг гаргасан тухай судлаач Жон Кругер[8] (Krueger J.R) мэдээлсэн байна. Энэхүү дууны дэвтэрт нийт Торгуудын арван найман дуу оржээ. Харин бид эдгээр торгууд дууг цаашид ардын дууг судлах, суралцах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх нөхдөд зориулан тод үсгийн эхийг ноот тэмдэглэлийн хамт анх удаа орчин цагийн монгол хэл крил үсэгт буулгахын зэрэгцээ, торгууд аялгаар бичсэнийг өөрчлөлгүйгээр эх бичгээс тэр хэвээр нь буулган уншигч олондоо толилуулж байна. Эдгээр дууны нэрийг торгууд аялгаар нь Францаар орчуулан 1937 онд Парист хэвлүүлэхдээ эх бичигт буй дууны шүлгийг, аялгууг тэмдэглэсэн дууны  шүлэгтэй нь харьцуулахад үг үсгийн алдаа мадагтай байв. Харин бид эх бичгийг монгол уншигчдад дөхөм болгох үүднээс орчин цагийн крилл үсэгт халх болон торгууд дуудлагаар нь  хамтад нь буулгав.  Жич: эл дэвтэрт гарчиг болон дууны шүлэг нь үгийн аялгуунд хадаж тэмдэглэсэн ноотны шүлгээсээ зөрөх буюу, зарим үгийн эгшиг гээгдсэн, нэг үгийн бичилт дуудлага нь хоёр өөрөөр бичигдсэн зэрэг алдаа мадаг байгаа болно. Харин бид дуулагдсан байдлыг аялгууны ноотны жишээнд хадсан үгийн дуудлагаар баримжаа болгон тод үсгээр бичсэн эх шүлэгтэй нь харьцуулан авч буулгасан болно. Гэвч өчүүхэн мөхөс би бээр нутгийн аялгуу харьцуулан судалдаг нэгэн бус тул цаашид энэ талын судалгааг эрхэлдэг мэргэжил нэгт эрдэмтэн нөхөд үргэлжлүүлэн судлаж, засан сайжруулна гэдэгт найдаж байна.

Дууны гарчиг

Торгууд аялгаар                          Халхаар

1-р дуу  Сээрэ харха сүдүртэ-    Сээр харах сүүдэрт

2-р дуу Хадта Сөмөр уул-          Хадтай сүмбэр уул

3-р дуу Тур Банди  -                    Торой Банди

4-р дуу Синдирийа-                    Синдэряа, Хандармаа

5-р дуу Хааран одво гихэви-     Хаачин одов гэхэв

6-р дуу Кабалма бүске-               Гавалмаа бүсгүй 

7-р дуу Зүүхэдэ кесн зүүвчичн -Зүүх гэсэн зүүвчийг чинь

8-р дуу  Үүрвжидма-                  Үүрэвжидмаа

9-р дуу  Уластахен гол-              Улиастайн гол

10-р дуу Самйар нойн-                Сумъяа ноён  

11-р дуу Ганцарн хоцрлавэ-      Ганцаараа хоцров

12-р дуу Дэлсэжэ бээх дээвригэ- Дэлсэж байх дээврийг

13-р дуу  Шастар-                        Шастир

14-р дуу Халдама-                       Галдмаа,

15-р дуу Дамбижалцан- Дамбийжалцан,

16-р дуу Базрсадин хүвелхан-   Базарсадын хувилгаан

17-р дуу Дүүрен бэлгин адундэ- Дүүрэнбилэгийн адуунд,

18-р дуу Жангарин магтал-        Жангарын магтаал гэх мэт. 

Парист хэвлэгдсэн “Торгуудын арван найман дууг” нийт 5 зүйлээр ангилжээ. Үүнд: 1. Аж байдлын сэдэвтэй дууны төрөлд: 1-р дуу “Сээр харах сүүдэрт” буюу  2-р дуу “Хадтай сүмбэр уул” ,  2. Хайр дурлалын сэдэвтэйд: 3-р дуу “Торой Банди”, 4-р дуу “Синдэръяа”, 5-р дуу “Хаачин одов гэхэв”,  6-р дуу “ Гавалмаа бүсгүй”, 7-р дуу Зүүгээд хиясэн зүүвчийг” , 8-р дуу “Үүрэвжидмаа”,  9-р дуу Улиастайн гол” , 3. Хурим найрын сэдэвтэйд: “ Самйар ноён”, 11-р дуу “Ганцаараа хоцров ”,  4. Туульсын сэдэвтэйд: 14-р дуу ”Галдмаа”, 15-р дуу “ Дамбийжалцан” зэрэг дуунуудыг хамруулсан бол,  5. Магтаал дууны төрөлд: “ Жангарын магтаал” гэх мэт ангилжээ.   

1-р дуу:  Сээрэ харха сүдүртэ- Сээр харах сүүдэрт

 Халхаар

 Сээр харах сүүдэртэй билээ л

    Сэгүү өндөр зуслантай билээ л

    Сэрүүн холоо нутагтай билээ л

   Удала манхан бичкээ мартита

Багаа харах сүүдэртэ билээ л

                  Баатар өндөр зуслантай билээ л

                  Баахан хол нутагтай билээ л

Удала манхан бичкээ мартита

Торгуудаар

Сээрэ харха сүдүртэ билэви

Сегү өндөр зусуланта билэви

Сэрүн холо нутугтала билэви

Одала намахан бичикэ мартита

Бага харха сүүдүртэ билэви

Баатар өндөр зусуланта билэви

Баахан холо нутугта билэви

Одала намахан бичикэ мартита.

2-р дуу Хадта Сөмөр уул- Хадтай сүмбэр уул

Хадтай сүмбэр уулан дээр нь дүүрэв

Харцагын зулзагад шагшаад байдаг хой

Хавар намрын хоёр цагт нь хой

Хайрын сэтгэл догдлоод байдаг хой

Эрээлээд хийсэн даалинг чинь хой

Эрдэни зууд орхиод ирэлтэй хой

Энхрийлээд хэлсэн хоёр үгийг чинь хой

Аялж яваад мартаад ирэлтэй хой 

Торгуудаар

Хадта Сөмөр уулини дээрэни дүрүвэ

Харцахин жулжухуд шагшаад бээдэг хой

Хавар намрине хойор цагтэ дүүрвэ

Хээрийн седкел догдэлон бээдэг хой

            Эрелэд кесн даалинчн дүүрвэ

Эрдэни Зууда Оркад ирэлтэ хой

            Энкрилэд келсн хойор үгичин

Эеллж йовад мартад ирэлтэ хой гэсэн энэхүү дууны өгүүлэмжид нүүдэлчдийн эдлэл хэрэглэл хөөрөгний даалингийн талаар буюу хайр сэтгэлтэй хосуудын захис сургамжийн өнгө аяс давхар дүрслэгджээ. Энэ өгүүлэмжээс эртний монголчууд бие биедээ даалин оёж бэлэглэдэг байсан уламжлалыг харж болно. Тухайн үеийн  алдартай Эрдэнэ зуу хийдэд мөргөж  байсан тэрүүгээр аялж байсан ард олны хүсэл мөрөөдлийн тухай тусгагджээ. Эдгээр дууны тайлбар түүхийг эрдэмтэд судлан үзээд, дээрхи хоёр дууны өгүүлэмжийн болон зохиогдсон талаар мэдээлэхдээ: “1-р буюу 2-р дуу бол Төвд нутагт цөлөгдсөн хүмүүс эх нутгаа санан дурсахдаа эл дууг зохиосон буюу 1860- 1870-д оны үест дуулагддаг  байсан” (А.П.Э)  хэмээн тухайн дууны түүхэн он цагийг тодруулснаараа чухал ач холбогдолтой  мэдээ юм.       

3-р дуу  Тур Банди- Торой Банди

Хүнд мөнгөн хударга нь

Хөрх хүрэнгийн ташаанд нь

Хүмүүний ганцхан Торой Банди нь

Хүрээд ирэх л болбол

Хавтаад хийсэн хазаар нь

Хээрт харын толгойд нь

Хүмүүний ганцхан Торой банди

Хүрээд ирэх л болвал

Торгууд аялгаар:

Күндэ мөнгөн худурха ни

Көркө күрөнгин ташада ни

Күмнила ханцхан Тур Бандинь

Күрэд иркэ болвал лаа аа

Кавтаад кесн хазар и ни

Кээртэ харун толгад и ни

Күүмни-ла ганцахан Тур Бандинь

Күрэд иркэ болвал лаа аа.  Энэхүү дууны зохиогдсон түүх бол: Хайрт залуу Торой Банди нь ан гөрөө хийж яваад эргэж ирээгүй буюу түүний ирэхийг хүлээн суугаа бүсгүйн сэтгэлийн уйтгар гунигийг илтгэсэн дуу юм. Энэ дуу бол Халхын сайн эр Торой Бандийн тухай дуу бөгөөд, харин эл дуу Торгууд хувилбараар олдож байгаа нь бусад нутгаар өргөн тархсаны шинж юм. Харин судлагчид үзэхдээ эл дуу бол 1869-д оны үест өргөн дуулагддаг байсан дуу гэжээ. Халх хувилбарт:

 Торой бандийг байхад

 Торгоны сайныг өмслөө

 Торой бандиас хойш

 Тостой даавуу ч олдсонгүй хэмээн дуулдаг.

4-р дуу  Синдирийа- Синдэряа буюу Хандармаа

Халхаар

Синдэряагийн рашаандаа жаргалтай төрсөн Хандармаа

Замаараа явах цаг нь хүрэхэд Хандармаа

Заяаны залуу чинь шордоход яах вэ

Заяаны залуу чинь шордохд яах вэ

Үхрийн чинээн чулууг үүрчин дарахад яах вэ

Үнэнээсээ дуртай бидэн хоёрыг Хандармаа

Хүний чинээ хэлэхэд юү гэх вэ

Хүний чинээ хэлэхэд юү гэх вэ

Торгууд аялгаар

Синдирийахин арашанда жирхалтэ төрөгсөн Хантарма хой

Замаран йовхо цагинь күрхэлэ ээ Хантарма

Заяни залу чини шордохода яхадови

Заяни залу чини шордохода яхадови

Үкрин чинэн чолуг үйрчин дархад яхав

      Үннэсэн дурта бидэн хойриг ээ Хатарма

      Күмни чини келэхд юухан кехэви

Күмн чини келэхд юухан кехэви, хэмээн дуулах эл дуу нь халх ардын Хандармаа хэмээх дууны хувилбар юм. Эл дууны өгүүлэмжид бүтэлгүй хайрын тухай дуулж буй Хандармаагийн гунигт сэтгэлийн уянгыг илтгэжээ. Эл дууны гарал үүслийг Ниржидмаа тайлбарлахдаа: “Синдрйиа буюу Хандармаа хэмээх дуу болно. Торгуудын нутагт байсан “Эрээн хавирга” хэмээх өндөр уулын хавь нутгаас үүссэн бөгөөд 1800 оны үест дэлгэрсэн дуу” ( А.П.Э) гэжээ. 

Халх хувилбарт:

Ай ай Хандармаа яа хө ай хө Хандармаа

Хаяад явахыг чинь мэдсэн болдоо Дан аа юу

Дандаа да юу лий дий ий дий да юу

Дандаа лий дий ий дий дан аа юу хэмээн дуулдаг.   

5-р дуу Хааран одов гихэви- Хаачин одов гэхэв

Халхаар

Унасан морь нь хурдан юм бэ

Залуу бие нь сайхан юм бэ

Өөрийн ганцхан чамайгаа

Хаачин одов гэхэв                       

Хөр хавчиг хаалгаар

Манай нөхөд харав

Морий нь үзсэн хүнд

Чихний нь сувсан өгөв.

 Торгууд аялгаар

Унсан мөрнь хурдумби

Залу бийнь сөөхмби

Эврэ ханцахан чамахан

Хааран одво гихэви

            Көрэ хавчиг хаалхар

            Мэннэд нөкөд  харлави

            Мөринь үзсэн күмүнд

            Чикнэнь сувсан өгнөв.

6-р дуу Кабалма бүске- Гавалмаа бүсгүй

Халхаар

Хонид гэдэг ноход

Ганц ганцаар урсана

Холын амраг Гавалмаа бүсгүй

Ончтой ганцаараа санагдана

Эрэг болоод урсагалд нь орох нь

Элсэн болоод шуралд хой

Ингэж яваад салсанд орвол

Эс таньдаг нь дээр билээ хой.

Торгуудаар

Хонид гидг нохан

Ханц ханцаар урхана

Холин амраг Кабалма бүске

Ончита хацарн санагдан аа

Эргэ болад урхсанднь орохни

Элсэн болад шуралд хой

Иигэж йовад салсанд орохни

Эс таньдгнь дээр билэ хой.

7-р дуу Зүүхэдэ кесн зүүвчичн –Зүүгээд хийсэн зүүвчийг чинь

Зүүгээд хийсэн зүүвчийг чинь

Зүүн ташаанд нь хавчуулав

Зүйчлээд хэлсэн үгийг чинь

Зүрхнийхээн эхэнд хадгалав

      Наадаад хэлсэн үгийг чинь

Ямар насандаан мартахав

Торгууд аялгаар

Зүүхедэ кесн[9] зүүвчи чин

Зүн ташадан  хавчууллави[10]

Зүчлэдэ келегсен[11] үгээ чин

Зүркенэни экендэень[12] хадхаллави

            Наадлад келегсэн үги чин

            Ямар насандан мартахуви.

8-р дуу  Үүрвжидма-Үүрэвжидмаа

Халхаар

Уул нь өндөр болов чиг

Оройгоороо замтай

Учраад эс суув чиг

Урьд зангаараа өнгөрье[13]

Хад нь өндөр болов чиг

Хажуугаараа замтай

Ханилаад эс суув чиг

Хайртай зангаараа өнгөрье!

Торгуудаар

Уулинь өндр болва чигн

Орахарн замагта

Учираде эс суува  авчигн

Уртха занхар өнгрий, Үүрвжидма

Хадан өндр болва чигн

Хажухарн замагта

Ханилад эс суува чигн

Хээртэ занхар өнгрий, Үүрвжидма.

 Эл дуу бол Монголчуудын дунд тархсан “Хулсан ташуур” дууны хувилбар байж болох талтай байна. Тухайлбал:

Хулсан ташуур дуунд:

 Хулсан ташуур нь байгаасай

 Хуруундаа өлгөөд явах юмсан

 Хууль цаазгүй ч болоо сойдоо хүү минь ээ хө

 Хушуу нутаг яруудаа очих юмсан даа аа яая даа байз

Уул нь өндөр боловчиг

Урдуураа гардаг замтай даа

Улс монголын үр садаа хүү минь ээ хэ

Унасан нутаг Яруудаа очих юмсан даа яая даа байз

Хад нь өндөр болов чиг

Хажуугаараа гардаг замтай даа

Хамаг Монголын үр сад аа аа бидний биз ээ хө

Ханилхын ерөөлийг тавъя даа  аа хүү миь ээ хө

9-р дуу  Уластахен гол- Улиастайн гол

Халхаар

Улиастайнхаа голыгээ яаж туулахав

Урдийн тавьсан ерөөлийг яаж давах юм бэ?

Харзтайхан голыгээ яаж туулахав

Амрагийнхаа хэлсэн үгийг яаж мартах юм бэ

Торгууаар

Уластахен холииг яхаже туурилдахови[14]

Урдиин тэвисан йоралас[15] яхажи даавхем[16] бе

Харцтахан холиге яхажи туурилдахови

Амрагини келеесен үгигэ яхажила мартаха ем бе hэмээх 5, 6, 7, 8, 9-р дуунууд бол утга уянгын дуу төдийгүй мөн л амрагаа мөрөөдсөн хүний тухай буюу бүтэлгүй хайрын тухай өгүүлсэн дуу юм. Эдгээр дуу нь 1900-1910-д оны үест ихэд дэлгэрсэн дуу гэжээ.

10-р дуу Самйар Нойн- Сумъяа ноён

Баруун хойтноос үүлэн гарлаа

Бас л бороо орох  нь юмуу хөөе

Баруун хар нүд нь байн байн татлаа[17]

Багын Сумъяа ноён ирэх нь юмуу хөөе

Садран садран тоос нь гарав лаа

Саарал морины тоос нь мөн шүү дээ хөөе

Саравчлан саравчлан харахад

Сайх Сумъяа ноён мөн шүү дээ хөөе.

Торгуудаар

Барун хөөтнөсө үлен харвэла мон да

Басэ бораан орхой юмандэ хой

Барун харэ нүдэмини бэн бэн татавта

Баахан Самйар нойон ирхэ юмэндэ хой

            Садаран садаран тоосэн харвэла[18]

Саарл мөрөнө тоосэн мөн шудэ хой

Сарэвчилэн сарэвчилэн хэрхэлэ

Сээнэ Самйар нойон мөн шудэ хой

Халх  хувилбар, харидилцаа  дууны төрөл

Зүүн хойноос үүлэн гарлаа хө

Зүс л бороо орох нь чиг юм уу даа хө

Зүүн нүдний дээд зовхи байн байн татаад байнаа х ө

Зүүн хойноос Сумъяа ноён ирэх нь чиг юмуу да хө

Саарал морь чинь хөлстэйхөн байдаг чинь хө

Саарал халзан туулайгаа намнаж байгаад ирээ юү дээ хө

Саадагны чинь оосор  шив шинэхэн байдаг чинь ээ хө

Саяхан авгай чинь оёж шидээд өгөө юу даа хө

Буурал морь чинь хөлстэйхөн байдаг чинь ээ хө

Бор халзан туулайгаа намнаж байгаад ирээ юү дээ хө

Бууны чинь оосор шив шинэхэн байдаг чинь ээ хө

Буцмал авгай чинь оёж шидээд өгөө юу даа хө.

            Гутал гэмээ нь гутал юм шүү дээ хө

Гучин хоёр наамалтай Жанчхүүгийн урлал юмаа хө

Гунхсан сайхан бие чинь Сумъяа новш дээр очсон бол доо хө хө

Гутал юугий минь эргүүлж өгнө үү Жуяар минь дээ хө хө

11-р дуу Ханцарн хоцрлавэ- Ганцаараа хоцров

Халхаар

Зүүн нутгаа ийсүүлэн харвал нь харвал нь

Ирсэн шувуунаас ганцаараан хоцров, хоцров

Начин шонхор ах минь намайгаа авраач авраач

Өмнө шувууд үүрэндээ хүрвэл, хүрвэл

Хойд үлдсэн шувуу нь өнгөрөв, өнгөрөв

Начин шонхор ах минь наймайгаа авраач, авраач

 Торгуудаар

Зүүн нутегасэ йисүлин харлавидн, харлавидн

Йисэн шовунасэ ханцарн хоцорлавэ, хоцорлавэ

Начин шонхр аха мини, намахан аврита, аврита

Өмнө шовунасэ үүртэн күрэвэ лэ, күрэвэлэ

Хойш шовунасэ үдэсн өнгрөвэ, өнгрөвэ

Начин шонхр аха мини, намахан аврита, аврита. Энэхүү 10 буюу 11-р дууны шүлгийн өгүүлэмжээс хархад Алс холыг зоин аялж яваад ганцаараа үлдсэн гол баатрын тухай өгүүлэх ба түүнд Начин Шинхор хоёр ах дүү туслаж буй  хүний сэтгэлийг сэрэмжлүүлэл анхааруулга өгсөн шинж байдлыг илтгэжээ.  Мөн эдгээр дуунд Халх монголчуудын өмсдөг гучин хоср наамалтай ээтэн гутлын тухай болон анчин гөрөөчний эд хэрэглэл буу, нум саадгийн тухай өгүүлэмж байна.

12-р дуу Дэлсэжэ бээх дээвригэ- Дэлсэж байх дээврийг

Халхаар

Дэлсэж байх дээврийг

Дээсэн аргамжаар даруулна

Дэлсэж байх сэтгэлийг

Дэнгийн эрхээр даруулна

      Гулз гулз гурвыг

Гурван данжаар даруулна

Гийюүрч байх сэтгэлийг

Гундан эзээр даруулна.

 Торгуудаар

Дэлсэжэ бээх дээвригэ

Дээсн архамжар даруулна

Дэлсэжэ бээх сэдкелигэ а а а

Дэнгин эркеер даруулна

      Хулзэ хулзэ хуурвигэ

Хуурвэн динжар даруулна

      Хуйиржэ бээх сэдкелигэ а а а

      Хундун эзээр даруулна.

13-р дуу  Шастар- Шастир

Халхаар

Нууран дунд нь нугас чимэг

Нутгийн дунд нь ноёд маань

Үлэмж баяр үзэсгэлэн

Үнэн эзэн ноёдуудын дэргэд

Уулын оройд үүл нь чимэг

Улс дунд нь хоёдууд маань.

 Торгуудаар

Нууриин дундээ ни нугсаан ни чимэг

Нутеги ин дундээ ни нойдуди нь маань

Үлэмж буяар үвлэзгсэн

      Үнэн эзэн нойдудын дэргэд

Уулын орад үүлэн чимэг

Улс дундээ нойдуди нь маань.

12 буюу 13-р дууны шүлгээс харахад хурим найрын шинж байдлыг агуулсан өнгө аястай, Эдгээр дуу нв 1780-1890 –д оны үест дуулж байсан дуу гэжээ.

14-р дуу Халдама-Галдмаа

Халхаар

Усны эхэнд хонхолзуур уяатай

Улсын дунд Галдмаа ганцаараа

Хулын шилийг хугартал харвадаг

Хуйгт залууг нэвтэртэл харвадаг Галдмаа минь

Буур нь үхэхлээр ботго нь бусгадаг

Бодлоон барсан Галдмаа минь

Торгуудаар

Усуна экендэ хонхолзуур уятаа

Улусини дундани Халдама ханцаран

Хулин шилвигэ хухартал харвадэг

Хуйагта залугэ ивтэртэл харвадэг Халдама мини

Буурини үкэхлэ ботохони босходогэ

Босхолтан барс ни Халдама мини.  Энэ дуу бол түүхэн бодит хүний дүр байдлыг дүрслэн өгүүлсөн дуу юм. “Галдмаа бол улс төр цэргийн эрхтэн байсан ба 17 настайдаа Хасагийн Янгир хааныг хөнөөсөн ажээ. Тэрээр 1658 ону үест 3000 цэргийн хүчийг нэгтэн удирдаж байсан бөгөөд 1667 оны үест 33 настайдаа насан өөд болжээ.  Галдмаа бол Ойрадын ард түмний түүхэн баатар юм. Энэ дууг 1859-1861 оны үест дуулж байсан[19]” гэсэн мэдээ байна. 

15-р дуу Дамбижалцан- Дамбийжалцан

Халхаар

Унаад ирсэн морь нь

Ухаа цавьдар морь юм

Учраад ирсэн залууг нь асуухлаар

Эрхэм Дамбийжалцан мөн болов хө

Цасан цагаан хүлэг нь

Цээжлүүлээд ирлээ хө

Чацуураад ирсэн залууг нь асуухлаар

Эрхэм Дамбийжалцан мөн болов хө Энэхүү дууны өгүүлэмж нь түүхэн бодит хүний дүр байдлыг илтгэсэн түүхэн дуу юм. Дамбийжалцан бол буддын шашны ном эрдмийг сурсан бөгөөд ард олны дотор нэр хүнд олжээ. 

 Торгуудаар

Унад ирсен мөри нь

Унхан цэ өвдер мөрөни мөн бээнэ хой

Учрад ирсен залухин асухла

Эркем Дамбижалцан мөн бээнэ хой!

Цасан цахан жиднь  

Цээлзүлэд ирлд хой

Цацурад ирсен залухин асухла

Эрке Дамбижалцан мөн болдг хой!

16-р дуу Базрасадини хүвелхан- Базарсадын хувилгаан

Халхаар

Бууг чинь хараад сайхан залуу гэлцэнэ

Боодгийг чинь хараад сайхан хүүхэн гэлцэнэ

Саадгийг чинь хараад сайхан залууу гэлцэнэ

Шанхыг чинь хараад сайхан хүүхэн гэлцэнэ

Бөжир бөжир бортоо, бөх чулуун зүрхтэй

Хэн гээч хүн бэ? Базарсадын хувилгаан уу.

 Торгуудаар

Буухичн хэлэхэлэ, сээхөн залу гилценэ

Боодгичин хэлэхэлэ сээхөн күүкн гилценэ

Саадэги чин хэлэхэлэ, сээхөн залу гилценэ

Шанхаги чин хэлэхлэ, сээхөн күүкэн гилценэ

Бөжр бөжр бората, бөкэ чолуун зүркетэ,

Кен гихэ күм би, Базрасадини хүвеэлхан.

17-р дуу Дүүрен бэлгин адундэ- Дүүрэнбилэгийн адуунд

Халхаар

Дүүрэнбилэгийн адуунд

Дөчин шарга уюулаад

Дүнхгэр их хотондоо

Хүмүүний хүнс дэлгүүлэв

Аав аав амархан байна уу?

Амраг дүү минь хаана байна вэ?

Ээж ээж амархан байна уу?

Эрхэм дүү минь хаана байна вэ?

Өмнө сарын хуучинд

Зарад нутаг заралаар

Жамсран гэдэг туслагч

Хой, даяанд аваад явлаа.

 Торгуудаар

Дүүрэнбелгин адундэ

Дөчин шархэ уйулад

Дүнхри ике хотондэ

Күмни күмсэ дигүлелэв,

Аав аав амархан бээ?,

Амраг дү минь хаша би?

      Ээже ээже амархэн бу?

      Эркем дү минь хаша би?

Өмни сарин хуучид

Зарад нутун заралар,

Замсран гидэг туслач,

Кой, даян авад йовла.

18-р дуу Жанхрин магтал-  Жангарын магтаал

Халхаар

Бумба далан хөвөөд нь

Бурханаан байрлуулаад

Бумба ноён Жангар нь

Бум гүцэд найрлана пай пай пай

Дөчин дөрвөн тээрэмтэй

Дөрвөн мянган унитай

Дүнг цагаан өргөө нь

Дууны хазаарт дүнгэнэнэ

Олон бухын арьсаар

Өмнө дээвэр дэлдүүлээд

Өнчин зааны соёогоор

Унины тээрэм дэгдүүлээд пай пай пай.

Торгуудаар

Бумбэ далан көвөдэни

Бурхан бөөхүүлэд

Бумбэ нойон Жанхар инь

Бум күцэд нэрилнэ пай пай пай

Дөчин дөрвен тэремтэ

Дөрвөн минхэн унита

Дүнгин цахан өргэни

Дууна хазэртэ дүнгэнэ нэ пай пай пай

Олон бухин арсар

Өмни деевер делдүлэд

Өнчин занын сояахар

Уньн терм делдүлэд пай пай пай. Эдгээр дуу бол үлгэр домог, баатарлаг туульсын зохиолоос ялангуяа “Жангарын  магтаал” дуу бол “Жангар” туулиас эх авч зохиогдсон дуу юм.

Ийнхүү  эцэстнь дүгнэн хэлэхэд:

Торгуудын Ниржидмаагийн өвлүүлэн үлдээсэн эдгээр арван найман дуу бол Монгол угсаатны ардын өв соёлын нэгээхэн хэсэг нь юм. Эдгээр дууны өгүүлэмжид нүүдэлчдийн болон Монгол угсаатны өдөр тутмын үйл хэрэг, тухайн нийгмийн хүн зоны амьдрал ахуйд бодит өвийн зүйл тусгасан дүрслэл олон байна. Жишээ нь: нум, саадаг, буу, даалин, зүүвч, боодог, гутал, хамжаар, торго, даавуу,  хударга, хазаар,  гэр сууц, уни, хана, дээвэр, дээс, даруулга, хаалга гэх мэт олон зүйлийн эд юмсын тухай өгүүлэмжүүд олон байна. Цаашилбал халх монголчуудын дунд дэлгэрсэн харилцаа буюу домогт дуу “Сумъяа ноён”, түүхэн бодит хүний сэдэвтэй утга уянгын  шинж төрхтэй “Торой Банди”, “Гавалмаа бүсгүй”, “Улиастайн гол”, “Галдмаа, “Хандармаа” зэрэг дуунууд нь монгол ардын дуунд одоо ч дуулагддаг эх хувилбарууд юм. Түүнчлэн “Галдмаа”, “Дамбийжалцан”, “Жангар” зэрэг дуунууд нь Монгол угсаатны дунд өргөн дэлгэр тархсан түүхэн бодит баатрын буюу үлгэр туульсын  зохиолын сэдвээс эх авч зохиогдсон “тууль дуу” буюу “түүхэн дуунууд” юм. Харин “Үүрэвжидмаа” хэмээх дуу бол монгол ардын “Хулсан ташуур” дууны өөр нэгэн хувилбар байж болох юм. Учир нь энэ дууны хоёр бадгийн эхний хоёр мөр нь шууд давтагдаж байгаагаас харж болно. Эдгээр богино дууны ая шүлгийн зохиомж бүтэц нь дөрөв дөрвөн мөртэй, бадагчилсан буюу дахин давтсан хэлбэртэй боловч, халх аялгаар дуулахад шүлгийн мөрийн өргөлт нь 7 үетэй байхад торгууд аялгаар дуулахад 8 буюу 9, 10-н үе өргөлтөөс бүтэж байгаа аялгууны онцлогийг ч судлаж үзэх нь чухал юм. Гэвч эдгээр арван найман дуунууд нь ая шүлгийн хувьд торгууд хувилбараар олдож байгааг бид анхааран авч, харьцуулан судлахад сонирхолтой шинэлэг эх хэрэглэгдэхүүн болох юм. Ийнхүү монгол ардын богино дууны буюу нутгийн аялгуут дууны эртний хэлбэрээр, халх, торгууд хувилбараар олдож байгаа эдгээр дуунууд нь  Монголын олон угсаатны аман зохиол, ардын билэг зүй, ардын дууны сан хөмрөгийг баяжуулж буй чухал ач холбогдолтой эх хэрэглэгдэхүүн юм.

Ардын урлаг дэлгэрэх болтугай!



Ном зүй

1. Л. Эрдэнэчимэг “Монгол гүр дууны гүн эгшиглэнгийн увдис” УБ, 2001, 186,

2. Ramstedt G.J. “Seven Journeys Eastward, 1898-1912: Among the Cheremis, Kalmyk’s, Mongols and in Turkestan and to Afghanistan. The Mongolia Society, Bloomington-Indiana, 1978, pp. 152-153 (Henceforth, Ramstedt 1978).

3. Brunerth H.S, Hagelstrom V.V: Present day Political Organization of China. Revised by N.Th. Kolessoff, Translated from the Russian by A. Beltchenko and E.E. Moran. Shanghai, China, 1911, 449-450 –р тал.

4. Алексеева. П.Э. “ Принцесса Ниржидма и книга песен Торгутов Китая. Элиста, 2009, 8-9, 14-17–р тал.

5. Торгуудын Ниржидмаа гүнж “ Цагаан өвсний долгион-, 1933, № 7 ,  3-5 –р талд,

6. “ DIX-HUIT CHANTS ET POEMES MONGOLS “ Regueillis par La princesse Nirjidma de Torhout.  Et transcripts par  Madame Humbert- Sauvageot . Avec notations musicales, texte mongol, commentaries et traductions. – Paris: Librarie orientalishe Paul Geuthner. 1937. 

7. Paul Geuthner Avec notations musicales, texte mongol, commentaries et traductions. – Paris: Librarie orientalishe Paul Geuthner. 

8. Krueger J.R. “Dix- huit chants et poemes Mongols “revisited// Etudes Mongoles- Cahier 6, 1975.-215-229-р тал. 




[1] Л. Эрдэнэчимэг “Монгол гүр дууны гүн эгшиглэнгийн увдис” УБ, 2001, 186 –р талд.
[2] Ramstedt G.J. “Seven Journeys Eastward, 1898-1912: Among the Cheremis, Kalmyk’s, Mongols and in Turkestan and to Afghanistan. The Mongolia Society, Bloomington Indiana, 1978, pp. 152-153 (Henceforth, Ramstedt 1978).
[3] Brunerth H.S, Hagelstrom V.V: Present day Political Organization of China. Revised by N.Th. Kolessoff. Translated from the Russian by A. Beltchenko and E.E Moran. Shanghai, 1911. -449-450.
[4] Алексеева. П.Э. “ Принцесса Ниржидма и книга песен Торгутов Китая. Элиста, 2009, стр8-9,
[5] Торгуудын Ниржидмаа гүнж “ Цагаан өвсний долгион”, 1933, № 7 ,  3-5 –р талд,
 “ DIX-HUIT CHANTS ET POEMES MONGOLS “ Regueillis par La princesse Nirjidma de Torhout.  Et transcripts par  Madame Humbert- Sauvageot . Avec notations musicales, texte mongol, commentaries et traductions. – Paris: Librarie orientalishe Paul Geuthner. 1937. 
[7] Paul Geuthner Avec notations musicales, texte mongol, commentaries et traductions. – Paris: Librarie orientalishe Paul Geuthner. 
[8] Krueger J.R. “Dix- huit chants et poemes Mongols “revisited// Etudes Mongoles- Cahier 6, 1975.-215-229. 
[9] Кесн- хийсэн
[10] Хавчуллави- хавчуулав
[11] Келегсэн- хэлсэн
[12] Екэндэнь- эхэнд нь
[13] Өнгөрье- байяа
[14] Даавхем- давах вэ
[15]йоралас-ерөөлийг
[16] Даавхем- давах вэ
[17] Татвалта- татвал чиг   
[18] Харвела- гарвал
[19] Алексеева. П.Э. “ Принцесса Ниржидма и книга песен Торгутов Китая. Элиста, 2009, 16-17-рт, 

3 comments:

  1. Odoogoor enekhuu Torguud duuny 18 ay shuleg oldson buguud khalkh ayalguunaas nileed uur baina.

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Princess Nirgidma is the great grand aunt of Tsem Tulku Rinpoche. Tsem Tulku Rinpohce (Iska Minh) was born in Taiwan to Princess Dewa Nimbo. Dewa Nimbo's parents were Dechen Minh and father Migyur Wang. Tsem Rinpoche' great grandfather is Prince Palta.

    You can see here. https://www.tsemrinpoche.com/tsem-tulku-rinpoche/me/tsem-rinpoches-torghut-ancestry.html

    ReplyDelete