Thursday, April 11, 2013

Хуурын домгууд

Dr. Лувсанноровын Эрдэнэчимэг
Хөгжим судлаач

Түлхүүр үг: Монголын олон овогтон угсаатны домгууд, татлага аязуудаас анх удаа ноот бичигт буулган үг аяын хамт тэмдэглэв.


Малчин нүүдэлчин Монголчуудын амьдралд морь чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд монголын хөгжимт аман зохиол, утга зохиолын бүхий л төрөл зүйлд морьны тухай сэдэв, морин хуурын домгууд онцгой байрыг эзэлдэг. Эрт үеэс монголчууд морийг ачаа уналгад хэрэглэхээс гадна, морио ямагт хүндэн дээдэлж, нас барсан мориныхоо толгойг ч нам дор газар, хүний хөлийн тоосонд тавьдаггүй ямагт өндөр уулын орой дээр тахидаг байсан нь монгол хүн морио хүндэтгэн хайрлаж ирсний шинж юм. Түүнчлэн сайн морьныхоо хялгас сүүлийг татан сунгаж боловсруулан хөгжмийн чавхдас, цавьны нь нимгэн арьсаар цар хийж хуур хөгжмөө урлан бүтээж ирсэн түүхийг ардын дуу, домог үлгэртээ тусгасан нь өнөө бидний үед уламжлан иржээ.  Түүнлүгээ Монголын эртний сурвалж бичгүүдэд морьны тухай сэдэв, морин хуур хөгжим, монгол хурим найрын дууны талаар тэмдэглэгдсэн зүйл арвин их байдаг.

Тухайлбал Монголын нууц товчооны: 57, 58, 64, 65, 189, 267-р зүйлд: “Хонгирад овгийнхон хэзээнээс энх тунх байхыг хүсэж,  хацар сайт охидоо, хар буур хөллөж, хасаг тэргэнд суулгаж эд барааг нь ачаалж морь малтайгаа мордуулдаг” байсан төдийгүй, монголчуудын хурим найрын бэр буулгах ёсны тухай өгүүлэмж  бүхий “эмээлийн дуу” тусгагдсан байдаг. Үүнд: 

           “Атан цагаан тэмээнд ачаалж мордоё

           Аав ээж хоёроо уйлуулж мордоё

           Ингэн цагаан тэмээг эгнүүлж мордоё

           Ижий аав хоёроо уйлуулж мордоё”[1] гэсэн  хэсэг нь монгол хуримын бэр буулгах ёсонд дуулдаг “эмээлийн дуу”-ны утга агуулга хадгалагдсан байна. Түүнчлэн Монголын нууц товчоонд морь малын тухай болон, морин хуур хөгжмийн талаар дурдсан өгүүлэмж бий.

Иймээс монголын нууц товчоо бол монголчуудын зан заншил, ахуй амьдрал, хөгжимт аман зохиолын тодорхой хэсгийг тусган бичсэнээрээ бусад түүхэн зохиолоос нилээд ялгаатай байдаг.  Жишээ нь: Монголын нууц товчооны 189- р зүйлд:

          “Tsagaan tolog[2] de’er ee berinidien berileulju, 

   otoglu’ulju qu’ur-daulju[3] ayga barin taijui[4]

гэсэн энэ хэсэгт нас барагчдыг хөдөөлүүлэх, зан үйлийн үед нас барсан хааны толгойг цагаан толог буюу эсгий  олбог дээр тавьж байрлуулан эргэн тойрон бэргэд, нугууд охидыг отоглуулж, хуурдуулж аяга барин өргөн сөгнөдөг байсан тухай дурьдсан нь: монголчууд зөвхөн хурим найрын ёслолын үед бус, нас барагсдыг  хөдөөлүүлэн үдэх ёслолын үед ч хуур хөгжим хангинуулан дуурьсгадаг байсан ёс заншлын тухай өгүүлж байгаагаараа бусад баяр наадмын зан үйлийг тусгасан өгүүлэмжүүдээс ялгаатай байгаа юм.  Энэ удаад бид монголын олон овог угсаатан ардын дундаас олж цуглуулсан морин хуурын тухай бий бүжгийн домог дуунуудаас уншигч та бүхэндээ толилуулж байна.

1.     Агсал

Торгуудын баатар эрийн тухай домог



Урьд нэгэн цагт Торгуудын Агсал хэмээх нэгэн баатар эр байжээ. Тэр баатар эр шивэр шивэр алхлуулж явахдаа шээзгий[5]-н чинээ чулууг хаялдаг, аяар аяар алхлуулж явахдаа араг[6]-ийн чинээ шороог хаялдаг бяр чадал ихтэй, бас агсам жороо хул морьтой нэгэн байжээ. Тэрээр үргэлж хязгаар нутгаар явж ард олонтойгоо уулзаж,  тэдний зовлон зүдүүрийг сонсоод, ард олондоон тусалдаг байжээ. Иймээс Торгуудын ард түмний дунд нэр нь цуурайтаж, тэдний хайр хүндэтгэлийг хүлээсэн тул ард олон нь баатар эрээ магтан дуулсан домог, ардын дуу бий биелгээ бүжгийг зохиосон юм гэдэг. Энэ домогт бийгийн дуунд Агсал баатрын хүдэр чийрэг бие, саруул хурц ухаан, сайхан эелдэг зан, тусч нандин сэтгэл, түүний морийг хүртэл магтан дуулах болжээ. Дууны шүлэгт:



Агсал бүжгийн дуу



Агсам хулай морь нь байдаг

Наян тохой бие нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Унаган цагтаа уян жороо

          Унасан хойноо хурдан жороо

Жороо жороо жороо жороо



Дааган цагтаа даамай жороо

Дам хойноо хурдан жороо

Жороо жороо жороо жороо



Агтны сайн морь нь байдаг

Алтай нутгийн унага нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Есөн эрдэм төгс байдаг

Ерөөлт учрал бүрдсэн байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Ухаантай хүний үр нь байдаг

Ухаан заяасан бие нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Хэвлүүн сайхан бие нь байдаг

Хээнцэр ганган бие нь байдаг        

Байдаг байдаг байдаг байдаг



Өрхөөр гарах нуруу нь байдаг

Өндөр сайхан халбин нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Хээнцэр торгон хилэн нь байдаг

Хэлхээ мөнгөн товч нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Нарийн хар нүд нь байдаг

Нандин сайхан бие нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Хасын дүгэриг царай нь байдаг

Хаш цагаан шүд нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг



Од шиг цэвэрхэн бие нь байдаг

Удам залгах үр нь байдаг

Байдаг байдаг байдаг байдаг.



2.     Балчин хээр морь

Эрт урьд цагт Алтайн Урианхай нарын дунд нэг баян Балжин гэгч айл байж гэнээ. Тэднийх нэг ганц хүүтэй ажээ. Удалгүй эцэг эх нь ч өөд болж, ганц хүү нь хамаг хөрөнгөө барж ганц жороо морьтойгоо үлдэж гэнэ. Удаа ч үгүй хайртай жороо морьноосоо ч хагацаж гэнэ. Ингээд хайртай хүлэг морио дурсан санаж хуур хөгжмөөрөө “Балчин хээр” хэмээх аялгууг хөгжимдөж явдаг болсон гэдэг.

3.     Бухын урам

Бухын урам нь баруун Монголын дөрвөд, захчин, урианхай, хотончуудын дунд өргөн тархсан домогт татлага[7] юм. Энэ татлагад бухын урамдах байдлыг аялгуугаар дүрсэлсэн ажээ.



4.     Ганц хүний явдал-Жувдай

Эрт урьд цагт ах дүү хань нөхөд ч үгүй цорын ганц Жувдай хэмээх залуу амьдран суудаг байжээ. Тэрээр туйлын ядуу зүдүү амьдардаг тул, зарим үед хоол олох нь ч бэрхтэй байжээ. Ингээд ганцаараа сууж байхдаа хуур хөгжим оролдож сурчээ. Ингэж хуур хөгжмөөр хуурдах болсноосоо хойш, айл хунараар хэсэж, хуур хуурдсаар хоол ундаа залгуулдаг болжээ. Түүний хуурдаж байх аялгууг ард олон сонсож “Ганц хүний явдал” хэмээн нэрлэжээ. Ингээд нутгийн ардууд түүний хуурдахыг сонсохын өмнө “Аа худаам”, “Заяа сахиусам” хэмээн мөргөл үйлдэж байж сонсдог заншилтай болсон гэнэ. Домогт татлагын дууны шүлэгт:

Хөөрхөн Жувдай гэртээ суудуу[8]

Муухай Жувдай гаднаа суудуу хэмээн дуулдаг байна.



5.     Гоёлог[9] хөөрхий

Урьд цагт нэг өнчин хүү айл амьтны хонь мал хариулан амьдардаг байжээ. Ингээд ажлын хөлсөндөө нэг даага авчээ. Хүү тэр даагаа сургаж, уналга эдэлгээнд хэрэглэх болжээ. Өнчин хүүгийн хээр морь унахад хөл хөнгөн, эр хүний замын сайн унаа болсонд хүү ихээр баярлаж байв гэнэ. Өнчин хүү өсөж нас бие нь гүйцэж эрийн цээнд хүрсэн боловч,  уналга эдэлгээнд сургаж байсан хайрт хүлэг морьноосоо хагацжээ. Хайрт хүлэг морь нь өөд болсонд харамсаж, “гоёлог хөөрхий” хэмээх дуу бүжиг зохион дуулж хуурдсан нь ард олны дунд өргөн тархжээ. Дууны шүлэгт:



Гоёлог хөөрхий

Харгай модноос гоёлог хөөрхий

Харз уснаас тунгалаг хөөрхий



Ургаа модноос гоёлог хөөрхий

Урсгал уснаас тунгалаг хөөрхий



Бургас модноос гоёлог хөөрхий

Булгийн уснаас тунгалаг хөөрхий



Зандан модноос гоёлог хөөрхий

Залуухан наддаа Тунгалаг хөөрхий.

6.     Гүйлгээ

Дэрсний чинь толгойгоор

Дэрэлзүүлтэл гүйлгэнэ гүйлгэнэ гүйлгэнэ

Дөрвөн аймгийн улс

Гайхалцтал гүйлгэнэ гүйлгэнэ гүйлгэнэ



Хулсны чинь толгойгоор

Хуралзтал гүйлгэнэ гүйлгэнэ гүйлгэнэ

Хошууны олон улсыг

Гайхалцтал гүйлгэнэ гүйлгэнэ гүйлгэнэ.

7.     Дөрвөн ойрад

Баруун Монголын олон угсаатны дунд ихэд дэлгэрсэн “ Дөрвөн ойрад” хэмээх дуут бийгийн татлага аялгуу нь Алтайн их уулсаар нутаглах Дөрвөн ойрад Өөлд, Торгууд, Ойрад, Хотгойд нарын алаг дааганаас болж дүрвэн нүүсэн тухай өгүүлдэг аж. Малчин ард нутаг усаа орхин аймаг хотол, нутаг хошуугаараа дүрвэн нүүж буй өгүүлэмжийг энэ татлагад дүрсэлдэг байна. Нутаг хошуу, гэрийн буйр дээр гаслан хоцорсон нохойн гөлөгний гаслам уйтгарт аялгуу, ботго, тором, унага даага, ижлээсээ төөрсөн мал амьтан, бухын урамдах аялгуу, хүүхэд багачуудын хашгиралдан дуулалдах чимээ авиаг бас дүрсэлдэг байна.

8.      Дөрвөн Өөлд[10]

Урьд нэгэн цагт Дөрвөн Өөлдийн нутагт тэмээн жинтэй гурван хүн харийн нутгаас ирж гэнээ. Тэднийг ирж явах зам зуурт нэг ихэд чийрэг эр тааралдсан ажээ. Тэр гурван хүн тэр нутгийн нэг хүнтэй тааралдаж гэнэ. Тэр хүн урт модны шүүсийг гартал нь бяц атгаж байхыг үзээд тэр гурав гайхаад тэр хүниээс: “Их өөлдийн нутаг хаана байна вэ? хэмээн асуухад, өнөөх гэрийн эзэн уяатай шарынхаа дөрвөн шийрнээс барьж авч өргөөд хэлжээ: “манай нутгийн зах тэр байна” гэж  барьж байсан шараараа зааж гэнээ. Өнөөх гурван хүн хөөх, энэ чинь ямар чадалтай эр вэ хэмээн гайхсаар цааш явжээ. Явсаар явсаар Их өөлдийн хааны гэрт нь хүрч очжээ. Өөлдийн хаан тэднийг давсгүй цай, тарваганы махаар хооллон гурав хонуулж байна гэнэ. Ингээд нөгөө ирсэн гурван хүн Их өөлдийн хаанаас асууж гэнэ: За, хаан та бидэнд Алтайн Таван богд уулаа өгөх үү? Дугар зайснаа өгөх үү? гэхэд, хаан: алийг нь ч өгөхгүй гээд эхний хүнд тонгорог, хоёр дахь хүнд тасын өд, гурав дахь хүнд нь тарваганы хумс, шийр сүүлээр бэлэг өгчээ.

Өнөө гурван хүн хааны өгсөн эдгээр бэлгийн учрыг эс олж, нутгийн нэг өвгөнөөс: “танай хаан бидэнд ийм бэлэг барив,  энэ ямар учиртай юм бэ?” хэмээн асуухад, өвгөн хариуд нь: толгойн үс олон боловч туух тонгорог нэг, нутаг албат олон боловч даах түшмэл нэг, иймд бид та гурвыг үзээд тас болж тэнгэрт дэвэхгүй, тарвага болж газарт орохгүй, тэмцэнэ гэсэн утгатай юм” хэмээн тайлбарлажээ.

Хариас ирсэн гурван хүн нэг санаа олж: “Богд эрээн гэдэг газар ирээд, есөн талтай ган жадыг авдрын чинээн чулуунд зоож, есөн улсын хэл дээр бичиг бичиж үлдээжээ. Тэр бичигт нь: “энд Дөрвөн Өөлдийн түүх бичсэн байгаа, жадыг сугалаад түүнийг олж уншигтун! Эс сугалваас, Дөрвөн Өөлдийн нутгийг бид эзлэх болно” гэж сийлжээ. Хаан бичгийг олж үзээд нутгийн дөрвөн их баатрыг урин залж байтал, ард амьтнаар нэг  Дөрвөн Өөлдийн нутгийг харийнхан эзлэх гэж байна гэсэн цуу яриа тархжээ. Ингэж нутгийн ардууд ийш тийш сарнин бутарч, манай нутгийг хүмүүс эзлэх юм гэнэ гэж Дөрвөн Өөлд нар сарнин бутарсан юм гэдэг. Энэхүү сарнин бутарч, нутаг орноосоо дүрвэн зугтаж буй үеийн байдлыг энэхүү хуурын домогт аялгуунд дүрсэлжээ.

9.     Жуураа[11] гэлдэнэ[12]

Эрт цагт Хотон нутагт Жуураа хэмээх үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй тариа тарин амьдран суудаг байжээ. Жуураа бүсгүйн үзэсгэлэн гоог нутаг хошууныхан нь магтан дуулж улмаар домогт татлага бий бүжиг буй болсон гэдэг. Бүжгийн дуунд:

Жуураа гэлдэнэ

А хувилбар

Атан тэмээний

Алхааг дуурайгаад

Аялгуут дуундаа

Бигээ биелдэг

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ



Ингэн тэмээний

Ахааг дуурайгаад

Эгшигт дуундаа

Бийгээ биелдэг

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ



Тайлаг тэмээний

Алхаагдуурайгаад

Цацал дуундаа

Бийгээ биелдэг

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ



Тором тэмээний

Алхааг дуурайгаад

Товшуур хөгжимдөө

Бийгээ биелдэг

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ



Ботгон тэмээний

Алхааг дуурайгаад

Балчин кээртээ

Бийгээ биелнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ

Жуураа гэлдэнэ.



Жуураа биш Жумдаан санж

Б хувилбар

Хоораан намираан

Хоораан намираан

Хотолзуулан бийгээн биелье

Жумдаан биш ээ

Жуураа санж

Жуураа биш ээ

Жусдаан  санжий лоо



Наараан[13] цаараан[14]

Наараан цаараан

Накилзуулан[15] бийгээн биелье

Жумдаан бишээ

Жуураа санж[16]

Жуураа бишээ

Жусдаан  санжий лоо



Тариагаан тариад

Тээрмээн гүйлгээд

Товолзуулан бийгээн биелье

Жумдаан биш ээ

Жуураа санж

Жуураа биш ээ

Жумдаан  санжий лоо



Үйлээн оёод

Үсээн самнаад

Үелзүүлэн бийгээн биелье

Жумдаан биш ээ

Жуураа санж

Жуураа биш ээ

Жусдаан  санжий лоо.



10.             Их татлага

Дөрвөдийн нэг алдартай хуурч Хотон угсаатны Шаавай Илкэний нэг  айлд икэл  хөгжмөөн татаж хоноход, тэр айлд байсан хүмүүс икэлийн аянд бий бийлж олуул наргин бүжиглэжээ. Ингэж их бага хүүхэд, настан бууралгүй бүгд бий биелэсэн учир, тэр бүжгийг “их татлага” бүжиг гэж нэрлэжээ. Түүнээс хойш Хотончуудын дунд икэл хөгжим дэлгэрч, “их татлага” бийг хүн бүр биелдэг болсон юм гэдэг.  Их татлагад баруун монголчуудын бий бүжгийн бүхий л хөдөлгөөнөөс хамтатган оруулсан тул бийгийн цоморлиг бүжиг гэж үздэг байна.  



11.            Өнчин цагаан ботго

Эрт урьд цагт нэг Сариг цагаан ингэний борог цагаан ботго ээжийнхээ хэлснийг үл хайрхан ганцаараа гадуур их хэсэж тэнэдэг байж гэнээ. Нэг өдөр ээж нь ботгондоо хэлжээ: борог цагаан ботго минь: ганцаараа битгий их явж бай, сүрэг олонтойгоо хамт явж бай, сүрэгийнхээ өмнө нь гарч явбал хээрийн чоно дайрахад хамгийн түрүүнд өртдөг юм, хойно нь явбал хоцорч араатны хоол болоход туслах нэгэн олддоггүй юм, иймээс сүргээсээ битгий хоцорч байгаарай, сүрэг дундаа л хамт явж байгаарай! Мөн хээр гадаа явж байхад шувууны өндөг тааралдвал битгий гэмтээгээрэй гэж захижээ. Тэгтэл борог цагаан ботго ээжийнхээ хэлснийг үл тоон, ганцаараа хээр талаар давхиж яваад хээр хөдөө бутны дэргэд өвсөн дунд шувууны өндөг байхыг хараад бяц гижгэлж орхижээ. Тэгтэл шувууны эх ирэн, борог цагаан ботгоны эхийнх нь нурууг авах юмгүй болтол нь хурц хушуугаараа тоншиж шархдуулжээ. Сариг цагаан ингэний шарх ч улам ихэдсээр босож чадахаан байж, улмаар шархаан даахгүй өөд болжээ. Ингээд эхгүй болсон өнчин цагаан ботго эмэг эцэгээ бараадан очиход, царай буруулж сүрэгтээй оруулсангүй гэнэ. Өнчин цагаан ботго цааш явсаар, ах эгч дээрээ очиход бас л сүрэгтээн оруулсангүй гэнэ. Ингээд хамгийн сүүлд эмэг эх дээрээ очиж хамт байсан ч хайртай ээжээн үгүйлэн дурсаж,  эрэг даган буйлан хайлан явах болсон юм гэдэг.

     

Өнчин цагаан ботго

Эргийн сүүдэр дагаад буйлна

Эхтэй цагаан ботго

Эхээ дагаад тоглоно



Арван цагаан ат

Ар тийшээ бэлчинэ

Арван лангийн[17] үнэтэй

Миний ээжий хаачив



Хорин цагаан тэмээ

Хотгор тийшээ бэлчинэ

Хорин лангийн үнэтэй

Миний ээжий хаачив



Адуу иддэг агь шарилж

Амралтгүй хэлдэг хойт эт

Хонь идддэг хонгор зул

Хойтохгүй хэлдэг хойт эх



Ингэн цагаан тэмээ

Эргээ дагаад бэлчинэ

Өнчин цагаан ботго

Өрөвдмөөр өрөвдмөөр буйлна.



12.            Сарин цагаан ингэний яриг цагаан ботго

Эрт урьд нэгэн цагт Бичин Мөчин гэрэл хааны ерэн жил дэлэгнэсэн сариг цагаан ингэ шилрээд Ганга мөрний элсэнд хүрч, гучин алд биетэй, гурнайн цагаан ботго төрүүлснийг, хааны сохор шар тэмээчин хайж олоод, эхийнх нь борвийг хүлж байгаад их далайд хаяж гэнээ. Ингэхэд эх нь өнчин цагаан ботгондоо хэлжээ: 



Чихэр далайг ширгэнэ гэж бодно уу?

Шилбэгүй ээжээ босноо гэж бодно уу?

Богд далай ширгэнэ гэж бодно уу?

Борвигүй ээжээ босноо гэж бодно уу?



Хангал цагаан бужилдай минь

Хаан аавдаа очдоо гэжээ. Тэгтэл Хангал цагаан бужилдай хаан аавдаа очихоор явж байгаад, нэг хөл нь доголон, нэг нүд нь сохор нэг ботготой тааралджээ. Ингээд сохор амьтныг нүд оруулдаг, тахир дутуу амьтныг эдгээдэг, хөл оруулдаг нэг ургамал байдгийг дуулаад, түүнээс авч эхдээ идүүлснээр эх нь босож эдгэрч гэнээ. Ингээд гурван жилийн дараа өвлийн дунд сард, гунан цагаан ороо буур шилэрсэн цагаан ингэнийхээ хамт Бичин мөчин гэрэл хааныхаа нутагт эргэн очиж, тэндхийн нэг сохор шар тэмээчинтэй тэмцэлдэн ялж, амар сайхандаан жаргаж гэнээ. Ийнхүү сариг цагаан ингэний яриг цагаан ботго амар сайхандаан жаргах болж гэнээ.

13.             Таван хасаг

Эрт урьд цагт нэг эмгэн өвгөн хоёр таван хошуу малтайгаа тал дүүртэл жаргалатай сайхан амьдран суудаг байжээ. Гэтэл нэг удаа таван хасаг сайн эрчүүд ирж мал хуйгий нь эзэрхийлэн булаан авчээ. Тэдний дунд мал сүргээ хураалгасан малчин, амий минь өршөөгийт, таван хошуу мал сүргээн өгнөм, хэмээн гуйж байж гэнэ. Ингээд тэр малчин “таван хасаг” хэмээх аялгууг зохиож, хуураараа хөгжимдөж явдаг болсон юм гэдэг. Таван хасаг дуут татлага бий бүжгийн дуунд:



Таван хасаг

Арлаар дүүрэн адуун байна

Арилжааны ганц азарга л байна

Түүнээн авыт!

Амийг минь өршөөгийт!



Тэсээр дүүрэн тэмээ байна

Тэрсүү хар буур байна

Түүнээн авыт!

Амийг минь өршөөгийт!



Хотгороор дүүрэн хонь байна

Хотгор ганц хуц байна

Түүнээн авыт!

Амийг минь өршөөгийт!.

14.            Тогоруу

Эрт урьд цагт нэгэн малчин эр хөдөө хээр малаа хариулж явахад  нь хэсэг тогоруу замд нь тааралджээ. Малчин хөгжмөө гарган уянгалаг сайхан аялгуугаар дуулан хуурдаж гэнээ. Гэтэл хуурын аялгуунд тогоруунууд ирж хоорондоо дэвэн бүжиглэцгээж гэнэ. Түүнийг нь харсан малчин эр улам сайхнаар уянгалуулан хөгжимдөхөд, өнөөх тогоруунууд улам улмаар ойртон залуугийн дэргэд ирж, тойрон дэвэн бүжиглэцгээсэн гэнэ. Түүнээс хойш залуу “Тогоруу” хэмээх дуут хөлийн товшилттой бүжиг зохион дуулж хуурдан бүжиглэдэг болсон гэдэг. Тогорууны бүжгийн дуунд:

Тогоруу

Ээ тогоруу нь эргээд л бийлээ

Хоёр дакаа[18] нь дэвээд л бийлээ

Энд л товшоод тэнд л товшоод

Ээ тогоруу нь эргээд л бийлээ



Ээ тогоруу нь дэрвээд бийлээ

Хоёр хөлөө нь өргөөд л бийлээ

Энд л товшоод тэнд л товшоод

Ээ тогоруу нь дэрвээд л бийлээ



Ээ тогоруу нь эргээд бийлээ

Хоёр далавчаан дэвээд л бийлээ

Энд л товшоод тэнд л товшоод

Ээ тогоруу нь эргэлдээд л бийлээ.



15.             Тоораан[19] цагаан

Эрт урьд цагт юм гэнэ эртний Хотон, Торгууд, Захчин, Урианхай нарын дунд хурим төрийн ёслолд алс холоос уригдан ирсэн хүмүүс торойж цайн харагдах элсэн манханд буудаллаж ундаалж байдаг байсан бөгөөд өөрсдийн ардын дуу хуурандаа тэр нутгийн гоо үзэсгэлэнг магтан дуулсан өгүүлэмж бүхий “торойж цайн харагдах элсэн манханаа”[20] “тоораан цагаан элсэн” гэх буюу зарим нутаг Хотон, Захчин нарын дунд гоёмсог бүсгүйчүүл нь тоораан цагаан элс шиг, цагаан царайлаг царайтай охидууд, бэргэдүүд юм хэмээн “тоораан цагаан”  гэдэг нэрээр магтан дуулах болсон юм гэдэг.   Бүжигт дууны шүлэгт:

Тоораан цагаан

Тоораан цагаан тоораан цагаан элсэн

Торааж[21] цайгаад торааж цайгаад байна л

Торомгор бичкэн[22] торомгор  бичкэн тэрим[23]

Наарийч[24] гээд наарийч гээд байна даа 



Тоораан цагаан тоораан цагаан элсэнд

Товгор гүвгэр товгор гүвгэр байна л

Торомгор бичкэн торомгор бичкэн түүндэм [25]

Тотгар[26] саад тотгар саад байна л



Жижиг цоохор жижиг цоохор хонь нь

Жилгаан[27] дагаад жилгаан дагаад байна л

Жилэн[28] нэгтэй жилэн нэгтэй тэрим

Наарийт[29] гээд наарийт гээд байна л.



Найман зуун найман зуун адуунд

Нанж хээр нанж хээр байна л

Насан залуу насан залуу тэрим

Наарйит гээд наарийт гээд байна л.



16.            Үеийн улаан цар



17.            Цацал



Монголчууд хэзээнээс цагаан өнгийг ихэд эрхэмлэн хүндэтгэж, эхийн цагаан сүүний буян, буянт малын маань ариун цагаан сүү, цаст өндөр Алтай, Хангай уулсын маань эх, орой, толгой, хиргүй тунгалаг байгаасай хэмээн уул усны эх, тэнгэр бурхан, аян замд цацал өргөсөөр ирсэн нь өнөөг хүртэл уламжлагдан иржээ. Баруун монголчуудын дунд цацал өргөх ёсны тухай дуулж бүжиглэдэг ёс заншил бий. Цацал өргөх ёс бол эртний монголчуудын байгаль,  газар дэлхий, тэнгэр бурхан, уул ус, даваа гүвээ, хотгор гүдгэр, нуур цөөрөм, гол горхи, рашаан ус, булаг шандын эх, хөвч ой шугуй, удган мод, ганц модыг шүтэх бишрэх, овоо тахилга зэргийг цаанаа ямар нэг эзэн сахиус савдагтай хэмээн амьдчилж ойлгон, түүнийг хүндэтгэх сэтгэлгээнээс үүдэлтэй  ёс заншил юм.  Ингэж монгол хүний сүсэг бишрэлийн эрхэм нандин сэтгэлгээнээс үүдэлтэй ёс заншлыг ардын дуу бүжигтээ цацал өргөж байгаагаар дүрсэлсэн байдаг.  Дууны шүлэгт:



Тодхон харагдах өндөр Алтай

Толь шиг мөнгөн цастай даа

Цацлын есөн[30] нүдээрээ

Цагаан сүүгээ өргөе еэ



Алаглан харагдах өндөр Алтай

Аав ээжийн минь нутаг юм

Цацлын есөн нүдээрээ

Цагаан сүүгээ өргөе еэ



Тунгалаг сайхан Булган хангайд

Тохой мод нь найгаж байна

Цацлын есөн нүдээрээ

Цагаан сүүгээ өргөе еэ

Алтан сортой минж булга нь

Рашаан усандаа сэлж л байна

Цацлын есөн нүдээрээ

Цагаан сүүгээ өргөе еэ.



18.             Цэцэн залан цайны дундуур

(Дөрвөд хувилбар)

Эрт дээр цагт  нэг нутагт юм гэнэ. Нэгэн ядуу залуу дуу хуурт авъяаслаг цэцэн мэргэн нэгэн байжээ. Нутгийнхан нь ч түүнийг “цэцэн залуу“ гэдэг байж. Тэрээр дуулж хуурдаж явсаар өөрийнхөө хоногийн аяга хоол цайгаа залгуулдаг байж. Нэгэн удаа нутгийн нэг ноёныд айл амьтнаар цугларсан, цай чанаж байх хоорондуур өнөөх залуу тэднийд яваад орж гэнэ. Тэгтэл ноён: “ за хө чи нэг сайхан бий биелээдэх” хэмээн нэг аяганы тал дундуур цай хийж өгчээ. Цэцэн залуу “ганц хүний явдал” хэмээх татлагын аялгуунд бий биелэж өгч гэнэ. Гэтэл залуугийн биелсэн бий бүжиг нь ноёнд ер таалагдсангүй тул, ноён цэцэн залууд хийж өгсөн цайгаа буцааж авъя гэж гэнээ. Тэгтэл цэцэн залуу аяга цайгаа алдахгүйн тулд, эргүүлж буцааж өгөхгүй юм шүү хэмээн бодсон бодлоо икэл хөгжмийн аялгуугаар хөгжимдөн илэрхийлжээ.  Харин тэр аялгууг нь сонсож уярсан ноён аяганы дундуур өгсөн цайгаа буцааж авч чадсангүй гэнэ. Ийнхүү ноён харц хоёрын тэмцлийг илэрхийлсэн дүрслэмж энэхүү бий бүжиг, хуурын татлага аялгуунд дүрслэгдэх болжээ. Түүнээс хойш тэр нутгаар энэхүү дуут бий бүжиг, хуурын татлага аялгууг “ Цэцэн залуу цайны дундуур” гэж нэрлэх болж гэнээ.      

19.             Елкэлдэг

(Баяд хувилбар)



Эрт дээр цагт нэгэн нутагт ядуу хүү хайртай хүлэг морьноосоо хагацаж уй гашуу болж байж гэнэ. Ингээд хайртай хүлэг морио санагалзахдаа түүнийгээ дурсан санаж байхаар нэг хуур урлая гэж шийджээ. Ингээд морьныхоо сүүлээс багц хялгас, морьныхоо цавьны нь арьснаас хэсэг арьс авч дөрвөлжин царыг бүрээд икэл хуур бүтээж гэнээ. Ингээд яавал энэ сайхан хуураар хуурдаж чаддаг болох билээ хэмээн бодож, ард олны ярьсан заншлаар хуур сурах хүн, үүрийн таван жингээр, өндөр уулын толгойд гарч хуурдвал, уулын савдаг эзэн  тусалдаг гэж сонсчээ. Ингээд залуу үүр шөнийн заагаар өндөр уулын оройд бус, дөрвөн замын бэлчирт хүрч, баруун хойш харан суугаад хуураа бариад хуурдах санаатай сууж байтал, гэнэт нэг үс ноостой нэгэн гар гарч ирэн өнчин хүүгийн гарыг барьж, хуур хөгжимд нь ая оруулснаар хуур татах аргыг зааж  сургажээ. Тэр нь харин мичний гар байж гэнээ. Ингэж мичээр хуур заалгасандаа хүү баярлаж, мичний хөдөлгөөнийг дуурайсан сарвалзсан, гэгэлзсэн, үсэрсэн, харайсан хөдөлгөөн бүхий бий бүжиг, татлага аялгууг зохиосон юм гэдэг.   Бийгийн дуунд:

Элкэлдэг[31]

Хээр хонодог Елкэлдэг

Хэц дэрлэдэг Елкэлдэг

Зуур хонодог Елкэлдэг

Зуузай дэрлэдэг елкэлдэг



Айл хэсэдг Елкэлдэг

Архи уудаг Елкэлдэг

Бураа сүлждэг Елкэлдэг

Бузрыг мэддэггүй Елкэлдэг



Адуунаас айдаггүй Елкэлдэг

Амьтнаас ичдэггүй Елкэлдэг

Аманцар хар Елкэлдэг

Авгай эргүүлдэг Елкэлдэг



Хээр хонодог Елкэлдэг

Хэц дэрлэдэг Елкэлдэг

Адуу манадаг Елкэлдэг

Адуучин болсон Елкэлдэг



Хараа унадаг Елкэлдэг

Хадаар явдаг Елкэлдэг

Адуугаа хураадаг Елкэлдэг

Айлд хонодоггүй Елкэлдэг



Хээрээ унадаг Елкэлдэг

Хэсүүл явдаг Елкэлдэг

Хулаа унадаг Елкэлдэг

Холуур явдаг Елкэлдэг Елкэлдэг Елкэлдэг.

20.             Ээрмэг цагаан

Эрт урьд цагт нэг эрмэг цагаач гүүний унага ихэд хурдан хүлэг байжээ. Нутаг усныхан ч тэр морьны  хурдан шандасыг анддаггүй байж. Тэр хүлэг ямарч харанхуйг үл ажран, манан будантай байсан ч өөрийн явах замаа сайн мэддэг, эзэндээ газарч нь болж явдаг байжээ. Тэрээр ямарч өндөр уул, өргөн гол, ус мөрөн, эгц шовх хадтай бартаат замаас ч шантардаггүй нэгэн сайн хүлэг байжээ. Ингээд түүний сайхныг ард олноор магтан “ээрмэг цагаан” хэмээн дуулж бүжиглэх болсон гэдэг.  Дууны шүлэгт:



Ээрмэг цагаан

Ээрмэг цагааныг

Инцаахаар[32] нь таньдым[33]

Эелдэг таныг

Дуугаар нь таньдым



Хадын буданд

Төөрдөггүй гэнэ л

Хамаг олондоо

Халамжтай гэнэ л



Уулын буданд

Төөрдөггүй гэнэ л

Улс олон нь

Ухаантай л гэнэ л.

21.             Морин хуур үүссэн домог[34]

Урьд нэгэн цагт нэг хүн алс холын аян замд явж байгаад хайртай хүлэг морио алдаж уй гашуу болон морио түшин зогсож байтал,  хүчтэй салхины аясаар  үлээгдсэн морьны нь дэл сүүл исгэрэх чимээ гаргахыг ажин зогссон саахь залуу санаа сэдэж, хажууд нь байсан модыг авч түүндээ морьныхоо сүүлнээс авч хөвчлөн, харамсан гашуудсан сэтгэлээ тайтгаруулж,  морио хүсэн мөрөөдөж аялгуу хуурдсанаар хуур хөгжим буй болсон гэнээ.     

22.             Бурхан багш хуур бүтээсэн домог

Бурхан багш ээжийгээ алдаад уй гашуудан суухдаа гуниж гутсан сэтгэлээ сэргээх нэг зугаа гаргах юм сан гэж бодоод хуур хөгжим бүтээжээ. Тэгсэн тэр нь ер хэл авиа гарахгүй юм гэнэ. Тэгтэл нэг зурхайчид очоод учир явдлаа хэлсэнд. Зурхайч: аа чи мод дөрвөлжлөөд, могойн арьсаар гадарлаад, морьны сүүлээр хялгаслаад хуур бүтээгээд ир гэжээ. Бурхан багш ч хуур бүтээж гэнэ. Тэгтэл махир модоор дуу гаргах гэсэн чинь хяхарч чихраад ер олигтой дуу авиа гардаггүй гэнэ. Тэхээр нь дахин зурхайчид очоод хэлтэл, зурхайч хариуд нь: аа чиний ээжийг чөтгөр авсан юм чинь тэр чөтгөр чамд хэлж өгөх биз, тэр чөтгөрөөсөө асуугаад ир гэжээ. Тэгтэл  чөтгөр дээр очиж, ээжийгээ алдаад гутаж суухдаа сэтгэлийн зугаа болгож хуур бүтээсэн юм, хяхарч чихраад олигтой дуу гарахгүй юм, яавал сайхан дуу гарах вэ? гэж асуусанд, чөтгөр:

 Хар хээрийн хялгас дутаа л биз

 Хар харгайн давирхай дутаа л биз  гэсэнд. Хар харгай модноос давирхай авч хялгасанд нь түрхсэнд хуурын дуу нь сайхан гарах болж гэнээ. Тэр цагаас хойш ард олны дунд хуур хөгжим хангинан цуурайтах болж гэнээ.

23.             Мянган утаст хуурын домог

Бурхны “Магадай Самбын До” домогт бичсэнээр: Эрт урьд цагт бурхан багш мянган чавхдаст хуур хөгжим урлан бүтээж түүгээрээ хуурдан сууж байтал, нэгэн уран дархан Дэсанжалбарагва гэгч хүн хажууд нь ирээд сонсож гэнээ. Тэрээр сонсож байснаа дотроо боджээ. Үгүй, би ер нь уран дархан хүн байж, хуур урлахад юугаараа дутах билээ, хэмээн хуур хөгжим урлахаар шийдэж гэнээ. Хуураа ч урлаж бүтээсэн гэнэ. Ингээд бурхан багшид очиж хэлж гэнэ. Би бас хуур бүтээлээ ингээд хоёулаа хөгжимдөе хэн нь илүү сайхан хөгжимдөхөө үзэцгээх болж гэнээ. Ингээд хоёулаа хөгжимдөж гарч  гэнэ. Тэгтэл бурхан багш хуурын аялгуунд дүмсэн оруулж авах гэж хуурынхаа 1000 чавхдаснаас нэгийг тасдаад 999 хялгасаар хуурдах болжээ. Түүнийг нь бурханы 999 шавь нар сонсох болж гэнэ.  Бурхан багш хэлжээ, хуурынхаа хялгаснаас нэг нэгээр нь тасдаад л хуурдаад байя, тэгээд хэн нь илүү сайхан уянгалаг дуу гаргахыг нь сонсоё гэжээ.  Уран дархан ч бас зөвшөөрч хуурынхаа 999 хялгаснаас нэг нэгээр нь тасдаад л хуурдаж байж гэнэ. Ингэж хуурдсаар байгаад бүр сүүлдээ ганц ганц чавхдастай хуураар хуурдах болжээ. Бурхан багш ч мөн ялгаагүй хуурынхаа ганц чавхдасаар яг  мянган чавхдастай юм шиг л хуурдаад байж гэнэ.  Тэр хоёр бие биенээсээ дутахааргүй сайхан хуурдаж байна гэнээ. Тэгтэл бурхан багш өнөөх үлдсэн ганц хялгасаа аваад ямарч хялгасгүй хуураар яг л мянган чавхдастай юм шиг хуурдаж гэнэ. Тэгтэл уран дархан Дэсанжалбарагва яаж ч чадалгүй, аргагүй бурхан багшийн шидийн номын өмнө ялагдаж гэнээ. Түүнээс хойш хуур хөгжимд хар цагаан хос багц маш олон хялгас чавхдасыг урлах болсон юм гэдэг. 

24.             Икэл хуурын домог

Эрт урьд цагт Дөрвөн ойрадын Дөрөвдалай хаан Манжийн хаанд есөн есийн бэлгэдэл болгон нэг сайн унаган морь бэлэглэжээ. Тэгтэл өнөөх унаган морь нь эх нутаг элгэн саднаа мөрөөдөн нутаг хошууруугаа эргэн гүйсээр очиж гэнэ. Гэтэл тэр унагыг буцаан аваачиж өгөхөд, өнөөх унага түүнээс хойш гурван ч удаа нутагтаа буцаж иржээ. Ард олон ч түүнийг андахгүй болж гэнэ. Ингээд хаан тэрхүү морио магтан дуулах магтаал хийгээрэй! гэсэн зарлиг буулгажээ. Тэгтэл нутгийн нэг өвгөн тэр морийг нь магтан дуулах нэг икэл[35] хөгжим урлан бүтээж гэнээ. Тэр хуурыг бүтээхдээ дөрвөлжин модон царанд ямааны арьсыг ширлэж, нарийн бүдүүн, хар, цагаан хоёр зүйлийн хялгасыг авч нарийн талд нь хоёр ширхэг, бүдүүн талд нь гурван ширхэг хялгас авч хялгаслан хөвчилжээ. Харин хуурын толгойн хэсэгт бадмалсан галын дөл чандмань[36] хээ дүрсэлжээ. Түүнээс хойш ойрадын морьны тамганд чандмань хээ дүрслэх болсон юм гэдэг. Ингээд өнөөх дархан өвгөн урласан хуур хөгжмөөрөө морьны явдал гүйдлийг дүрсэлсэн, цогиулах, хатириулах, жороо морьны явдал гэхчлэн олон зүйл явдал гүйдлийг дүрслэн хөгжимдсөн нь ноёнд ихэд таалагдаж гэнээ.  Ноён улам цааш нь асууж: “чи хө ядарсан морьны явдлыг дүрсэлдээ” гэж асуухад, өвгөн хариуд нь маш олон аялгууг уянгалаг сайхнаар хуурдсанд ноёны сэтгэл баясч: “ чи хө наад аялгуугаа ард олондоо зааж сургаж, хуурдаж яваарай! гэж” ерөөсөн юм гэдэг. Түүнээс хойш өвгөн ард олны дунд “Дөрвөн ойрад” хэмээх татлага бий бүжгийн ая икэлээр хуурдаж явсаар икэл хөгжим дэлгэрсэн юм гэдэг.

25.             Эхэл хуурын домог

Эрт урьдын цагт нэг нутагт өрөөлтэй шарга морийг харь холын хүнд худалдаж орхижээ. Тэгтэл өрөөлт шарга морь нутаг орноон санан үгүйлсээр хайрт эзнийхээ гадаа уяа чөдөртэйгээ ирчихсэн зогсож байв гэнэ. Хол газар, хүний  нутагт зарагдаж борлогдсон хэдий ч нутаг орноо үгүйлэн мөрөөдсөөр хар холоос давхин давхисаар ирсэн өрөөлтэй шаргал морио харсан эзний нь сэтгэл уярч, сайхан хүлгээ хүнд өгсөндөө харуусаж,

Ижил сүрэгт нь тавь

Их хэлээр магтъя хэмээн хуур хөгжим урлан бүтээж, өрөөлт шаргал морио магтан дуулах болсон юм гэдэг. Ингэж өрөөлтэй шаргал морио их олноороо эх хэлээрээ магтан дуулъя гэсэн санаа нь яваа яваандаа ард олны дунд “эхэл хуур” хэмээн хэлэгдэх болсон юмсанжээ.

26.             Их хэл хуурын домог

Эрт урьд цагт юмсанжээ. Нэгэн хүү хайртай хүлэг морио гаднаа тавин хоноход нь хүүгийн морийг хэн нэгэн хулгайлан авч, түүгээрч барахгүй бүр харь холын нутагруу хил давуулан худалдсан байжээ. Өнөөх хүлэг морь нь эх нутаг элгэн саднаа мөрөөдөн мөрөөдсөөр өдөр шөнөгүй, хар холоос давхин давхисаар эх нутагтаа ирээд амьсгал хураан өөд болжээ. Ингээд эзэн нь өөрийн хайртай хүлэг морио дурсан санаж мөнхжүүлэхийн тулд морьныхоо сүүлээр чавхдас, хавиргаар нь татах нумыг,  хуур хөгжим урлан бүтээж гэнээ.  Ингээд тэрхүү хуур хөгжимдөө “их хэл” хэмээх нэр өгчээ. Учир нь хайртай хүлэг морь нь их хилийг даван туулж, эх нутагтаа ирсэн байдлыг санан дурсаж, магтан дуулсан юм гэдэг.

27.             Шанаган хуурын домог

Эрт урьдын цагт нэг сайхан хоолойтой, сайхан дуулдаг Нонжгой гэдэг бүсгүй байж гэнээ. Тэднийх нэгэн нуурын ойролцоо нутаглаж байжээ. Тэдний ойролцоох нууранд үргэлж найман хун ирж хос хосоороо хөвдөг байжээ. Нонжгой бүсгүй өглөө бүр нууранд очиж нүүр гараа угаангаа усаа аваад гэррүүгээ зөөдөг  байжээ.  Гэтэл Нонжгой бүсгүйн бие муудан доройтож гэнэ. Нэгэн өглөө Нонжгой бүсгүй өөрийн чадал чинээгээрээ босон явж нууранд очоод буцах замдаа ойчиж, тэндээ газар дээрээ амьсгал хураажээ.  Харин бүсгүйн амьсгал хураасан тэр газар, хүүхний дээгүүр өнөөх найман хунгийн нэг нь эргэлдэж байгааг Нонжгой бүсгүйн сэтгэлт залуу нь харжээ. Түүнээс хойш бүсгүйн нас нөхчсөн тэр газарт, эргэлдэж байсан хун шувуу үхсэн байхыг нь сэтгэлт залуу нь олж хараад нилээд гайхан харж бодлогошрон суужээ. Түүнээс хойш Нонжгой бүсгүйн сэтгэлт залуу нь хайртай бүсгүйнхээ сайхан дуулдагийг нь мөнхжүүлэхийн тулд, айргийнхаа хутгуур шанагыг аван чавхдас татан хүн толгойтой чавхдаст шанаган  хуур хөгжим урлан бүтээжээ. Түүний нэг чавхдас нь эр, нөгөө нь эм, харин толгой нь хунгийн толгойтой дүрсэлжээ. Харин хожим нь хунгийн толгойтой хуур хөгжим урлан бүтээсэн гэдэг.    

28.             Хотгойдын шанаган хуурын домог

Баруун монголчуудын дунд Хотгойд нарыг Хойт-гойд улс гэдэг байжээ. Учир нь тэд нар нь ажил үйлэнд гойд сайн, хонь их хашдаг хүмүүс юмсанжээ. Нэгэн удаа Өндөр гэгээн Занабазарын  үед хүмүүс хоорондоо ярилцаж, ямар хүмүүсээр хил хязгаараа мануулах вэ? хэмээн санал асуулга гарахад, хүмүүс Хойт-гойд нарын дунд сайн албатууд их бий, тэд нар ажил үйлэнд гойд сайн юм гээд тэд нарыг хэсэг хэсгээр нь хил мануулахаар явуулдаг байж гэнээ. Ингээд нэгэн удаа, Хойт гойд нарын дунд хоол унд хийдэг байсан нэгэн ажилсаг хүн, хоолны том шанагыг авч хуур хөгжим бүтээсэн гэдэг. Тэрхүү Хойт гойд нарын хуур хөгжим нь ердийн хуурыг бодвол хийц бүтцээр нилээд том, дуу гаргахдаа ч аргил бүдүүн,  ялгагдах онцлогтой ажээ.  Түүнээс хойш Хойт Гойд нарын дунд шанаган хуур, аргил хуур хөгжим түгэн дэлгэрсэн юм гэдэг.

29.             Морин хуурын домог

(Цахар хувилбар)

Эрт урьдын цагт Цахар нутагт Сүхээ гэдэг ажилсаг хичээнгүй нэг ядуу хүү эмэг эхийнхээ хамт амьдран суудаг байж гэнээ. Тэднийх долоон ямаа нэг нохойтой юмсанж. Сүхээ нэг өдөр ямаагаа хариулаад явж байтал, нэг өнчин бололтой ядарч туйлдсан нэг унагатай тааралдаж гэнээ. Ингээд Сүхээ хүү бодож гэнэ. Нэг ч гэсэн морьтой ч болоосой гэсэн хүсэл маань биелэгдэж байгаа юм болов уу? хурдхан эмэг эхдээ очиж хэлье байз хэмээн бодсоор гэрийн зүг яаран явжээ. Гэртээ ирээд эмэг эхдээ учир байдлаа хэлсэнд эмэг эх нь: “миний хүү хаанаас ийм хөөрхөн унага авчравдаа, хүнийх биш байгаа даа хэмээн” асуухад Сүхээ: үгүй хээр ганцаараа эзэнгүй явж байсан юм, хэмээн унагаа услан арчлан тордож өсгөхөөр шийджээ. Тэгтэл нэгэн өглөө тэр нутгийнхан морьдын хурданыг шалгахаар уралдаан зарласныг Сүхээ хүү сонсч морио сайн уралдуулахаар зэхэж гэнэ.  Морьдын уралдаан ч болж гэнэ. Харин түрүүлж ирсэн баян ноёдын морийг алтан гогцоо уургаар гогдож авдаг байжээ. Харин Сүхээ хүүгийн морь түрүүлэн ирэхэд хавирганы үзүүрээр гогдон авчээ.  Учир нь энэ муу ядуу хүүгийн морь түрүүлэн ирлээ хэмээн ад үзсэн дургүйцсэн шинжтэй байсан боловч, харин морийг нь бүгд шохоорхож байв гэнээ. Ингээд баян ноён Сүхээ хүүгийн морийг худалдаж авъя гээд өгөхгүй болхоор нь бүр булаан авчээ. Ингээд өнөөх баян Сүхээ хүүгийн морийг унаад явж байхад нь өнөөх морь ноёныг  ажигч үгүй унагаагаад өөрөө зугатан давхижээ. Сүхээ хүү шөнө дунд зүүдэндээ морио зүүдлэж байтал гэнэт морьных нь янцгаах дуу сонсдов гэнээ. Сүхээ хүү цочин, гэрээсээ гүйн гараад хартал, морь нь ихэд ядарч туйлдсан шинжтэй уяан дээрээ шархтай зогсож байв гэнэ. Ингээд эзнийхээ дэргэд ирээд морь нь амьсгал хураажээ. Сүхээ хүү өдөр шөнөгүй морио бодон уй гашуу болон харамсан суудаг байжээ. Гэтэл Сүхээгийн зүүдэнд морь нь ирээд хэлж гэнээ: “Сүхээ минь чи миний сүүлнээс аваад хялгаслаад нэг хуур хөгжим бүтээ, тэгээд үүр цайх үеэр худгийн амсар дээр суугаад хуурдахад чинь би худгийн усан дотор үзэгдэнэ. Тэр цагаас хойш би үргэлж чамтай хамт байх болно” гэжээ. Ингээд Сүхээ хүү морьныхоо хэлсэн ёсоор хуур хөгжим урлан бүтээгээд үргэлж сайхан дуу хуурдаж, хуураа биеээсээ салгалгүй үргэлж хамт авч явдаг болсон юм гэдэг.  

   

30.             Шувуун саарлын домог

Эрт урьд цагт Тэнгэр уулын хормойд Саран нуурын хөвөөнд Сүхээ гэдэг ажилч хичээнгүй нэгэн хүү эмэг эхийнхээ хамтаар амьдран суудаг байж гэнээ. Нэгэн удаа Сүхээ хөдөө хээр хонио хариулаад явж байгаад унтаж орхижээ. Тэгтэл зүүдэнд нь нэг эмэгтэй хүн, нэгэн сайн морьны тухай ярьжээ. Сэрээд хартал голын хөвөөн дээр нэгэн саарал унага зогсож байхыг хараад очиж авчээ. Тэгээд унагаа тэвэрсээр гэрийн зүг явж байтал нь хэсэг хүмүүс тааралдахад, Сүхээ унага олсон хэмээн хэлжээ.  Тэгтэл тэр хүмүүс “за яамайдаа өнчин ядуу хүү нэг унагатай болж дээ хэмээн баярлацгааж байв гэнэ.  Нөгөө унага ч Сүхээгээс салахаан больж эзэндээ дасч өсөн торнижээ. Түүнийг харсан хүн бүр л Сүхээгийн  атар тарган шувуун саарал нь сайн хүлэг болсон байна гэлцэнэ. Сүхээ нэг өдөр хонио хариулан явж байгаад шаварт унаад зоогджээ. Тэгээд шавраас гарч чадахгүй байхад нь шувуун саарал хүлэг нь очоод эзнийхээ ханцуйнаас татахад Сүхээ морьныхоо хүзүүнээс татан татсаар шавар намгаас гарч ирэн шувуун сааралдаа маш ихээр баярлаж гэнээ.  Ингээд шөнө ч болж гэнэ Сүхээ гэртээ ирээд ядраад унтаж байтал нь шувуун саарал нь уртаар янцгаахад Сүхээ цочин сэрээд гараад хартал, нэгэн өлөн чоно хониных нь хашаан дотор орчихсон хонинуудыг нь бутартал дайрч байв гэнэ. Харин Сүхээгийн шувуун саарал  морь өнөөх өлөн чононы гавалруу хага өшиглөн унагажээ. Тэгтэл гэнэт хэдэн анчид гарч ирж байна гэнэ. Сүхээ тэдний хаа хүрч явааг нь мэдэхээр асуутал, анчид: “бид вангийн зарлигаар явж байна, бугыг амьдаар нь барьж ир” гэсэн юм гэжээ. Сүхээ хүү түүнийг сонсоод бараа нь тасрах бугын хойноос хөөн давхижээ. Шувуун саарал ч давхисаар л байж давхисаар л байж, тэгээд шувуун саарал өнөөх бугыг гүйцээд ирэнгүүт Сүхээ тэр бугыг уургаараа уургалан барьжээ.  Ингээд Сүхээ хүү барьсан бугаа анчдад өгөхөд анчид маш ихээр баярлаж, Сүхээг шагшин магтацгааж байв гэнэ. Тэгтэл Сүхээ хэлжээ: “би биш л дээ энэ миний шувуун саарлын л ач юм“ гэжээ. Тэгэхэд нь анчид вандаа очиж хов хүргэжээ. Тэнд нэг шувуун саарал гэдэг алдартай хурдан хүлэг байна гэжээ. Тэгтэл ван: “тэгвэл тэрнийг бариад ир” гэжээ. Ингээд арга бодож байгаад хурдан морьдын уралдаан зарлая түрүүлсэн хүнд хүлэг мориор шагная гэжээ. Сүхээ хүү ч морио уралдаанд бэлдэж гэнэ. Уралдаан ч болж гэнэ. Харин Сүхээгийн шувуун саарал уралдаанд түрүүлэн ирэхэд, Сүхээ хүү шувуун саарлыгаа хөтлөн ван ноёны өмнө очиход, ван болон баян ноёдууд шувуун саарлыгаа өөр мориор соль гэхэд нь Сүхээ хариуд нь: “та хэлсэндээ хүрнэ биз дээ” гэхэд,  ноён уурлан: “энэ муу турсагыг барьж хүл” гэжээ. Ингээд шадар цэргүүд нь Сүхээг барьж аван зодож жанчиж эмэг эхэд нь хүргэж өгчээ. Эмэг эх нь хүүгээ хараад жигтэйхэн уйлж өрөвдөж гэнэ. Харин баян ноён шувуун саарлыг унаж додьгор гэгч нь алхлуулж байв гэнэ. Тэгтэл шувуун саарал баян ноёныг нууруун дээрээсээ унагаад ажигч үгүй зугтааж гэнээ. Тэгтэл ноёны цэргүүд шувуун саарлыг нум сумаар харважээ. Шувуун саарал ч удалгүй давхисаар эзэн дээрээ очихдоо нуруун дээрээ нум сумтай, шархтай иржээ. Ингээд төдөлгүй хүнд шархадсан шувуун саарал амьсгал хураан үхжээ. Ингээд нэгэн удаа хайртай хүлэг морь нь Сүхээгийн чихэнд шивнэж байна гэнэ:  “Миний сүүл хялгасаар шөргөөх чавхдас, хавиргаар минь нум хийж хуур бүтээгээрэй” гэхэд нь Сүхээ хэлсэн ёсоор нь хуур хөгжмөө бүтээж үргэлж биедээ авч явдаг болсон гэдэг.       

31.             Хөхөө Намжилын домог

Эрт урьд цагт монголын зүүн хязгаарт нэг Хөхөө Намжил хэмээх нэгэн сайн эр байжээ. Тэр үнэхээр хөхөө шиг л уянгалуулан хосгүй сайхан дуулдаг тул хошуу нутагтаа ихэд алдаршсан нэгэн байжээ. Тэгтэл Хөхөө Намжил цэргийн албанд татагдан Монголын баруун хязгаар нутагт очжээ. Түүний сайхан дуулдагийг нь дарга нар нь мэдээд Хөхөө Намжилаар ажил сургууль хийлгэхийн оронд дуу дуулуулж байя гэж шийджээ. Ингээд гурван жил цэргийн алба хаахдаа тэр нутгийн нэг сайхан бүсгүйтэй танилцаж гэнэ. Хөхөө Намжилыг цэргээс халагдаад ирэхэд нь, амраг хайрт бүсгүй нь Намжилд жонон хар хэмээх сайхан морь бэлэглэн өгчээ.  Тэр жонон хар морь бол:

Бутын үндэс бүлтэртэл

Бут чулууг бутартал

          Дөлийн чулууг дэлбэртэл

          Дээлийн хаваасыг ханзартал

          Хадан цохионд халтирдаггүй

Бутанд бүдэрдэггүй

Жигүүртэн шувуунаас дутуугүй

Жирийн морьтой зүйрлэшгүй

Адууны дотор ганцаараа содон

Армагийн шинж төгс бүрдсэн

Аюултай цагт нисэн дүүлж

Ивээлт эзэн нь унахад

Эзнийхээ төлөө зүтгэдэг

Эр хүний хань болсон

Ийм сайхан морь юмсанжээ.

Хөхөө Намжил тэр мориороо нутагтаа ирэхэд хүмүүс ихэд сонирхон, түүний өөр морь унахгүй зөвхөн ганц морио унаад байхыг нь ихэд гайхдаг байж гэнэ. Гэтэл Хөхөө Намжил жонон хар мориороо монголын баруун хязгаар нутаг ороод буцах замдаа адуугаа туусаар харьдаг байжээ. Ингэсээр гурван жил болсон боловч түүний учрыг хүмүүс ер мэддэггүй байжээ. Тэр нутагт Хөхөө Намжилынхтай ойролцоо нэг баян айл байдаг байв гэнээ. Тэр баяныд нэг эгэл олныг үймүүлдэг, эвтэн хоёрыг бусниулдаг нэг тийм ховч хүүхэн байж гэнээ. Тэр ховч хүүхэн Намжилын Жонон хар морьны ер бусын байдлыг эртнээс мэдэх болсон учир, Хөхөө Намжилд хор хүргэхээр санаархдаг болов гэнэ. Хөхөө Намжил амраг хайрт сүйт бүсгүйтэйгээ уулзаад шөнө орой болсон хойгуур адуугаа туусаар ирж, морьныхоо хөлсийг намдаагаад үүр цайхад морио тавъя хэмээн гэртээ ороод сууж байж гэнэ. Тэгтэл нөгөө баяны ховч хүүхэн морьны төвөргөөн сонсож байгаад Хөхөө Намжилын ирэхийг мэдээд уяан дээр нь сэм очвол сайхан Жонон хар морь нь санаа муутан ирснийг танилгүй, сайн эзнээ хэмээн баясаад, хэнхдэг чээжээ хөндөлсүүлэн, хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж, хоёр суганаасаа ид  шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байхыг нь ховч хүүхэн харснаа, гэррүүгээ гүйн очиж үйлийнхээ хайчийг ханцуйлж ирээд,  өнөөх жонон хар морьны жигүүрийг тас хайчлаад хаячихжээ. Жонон хар морь шидэт жигүүрээ хайчлуулснаас болж төдөлгүй амьсгал хураажээ. Үүр цайхаар Хөхөө Намжил морио тавих гэж уяан дээрээ очсон чинь, хайртай сайн хүлэг нь амьсгал хураасан байхыг хараад Намжилын дотор нь балартан, уй гашуу болжээ. Ингэж сайн хүлгээсээ хагацсан Хөхөө Намжил нэгэн өдөр хүлэг сайн морьныхоо толгойг модоор сийлэн, морьныхоо цавьны нь арьсаар цар хийн, сүүл хялгасыг авч хөвчлөн татаж, давирхай түрхээд, хүлэг сайн морьныхоо янцгаах дуу, алхаа гишгээ, арилжаа, хатираа, явдал гүйдлийг  тэрхүү хуураараа дууриалган хөгжимдөх болсон юмсанж. Түүнээс хойш монголчуудын дунд морин толгойтой хуур хөгжим анхлан үүсч, улмаар урлан бүтээх болсон юм гэдэг.          

32.             Суухан[37] хуурын домог

Эрт цагт Буриадын ард түмний дунд нэг сайн уран хүн амьдран суудаг байжээ. Тэрээр бургас, улиас янз бүрийн модоор сав суулга, гэрийн эд хогшил урладаг байсан ба харин нэг өдөр тэрээр бохирч суугаад хөгжимдөх нэгэн зэмсэг урлажээ. Тэр нь ганц багц хялгасаас бүтэх өвөрмөц нэгэн суухан хуур хөгжим юмсанж. Түүнийг урлахдаа үхрийн давсагийг нойтноор нь авч хатахаас нь өмнө, дөрвөлжин  модон арал царанд барин углаж,  тавих бөгөөд амсрыг нь боож, ишийг нь арлаас нэвт гарган тогтоон урлажээ. Суух хуураар хөгжимдөхдөө өрөөсөн хөлөө газарт жийж нөгөө хөлөө бохирч суун хөгжимддөг байна. Хөгжмийн уртын хэмжээ нь 80-90 см орчим байх бөгөөд хөгжмийн дээд, толгойн хэсгийг эгмэндээ тулган, доод хэсгийг нь өрөөсөн хөлийн үзүүр дээр тогтоон барьж хөгжимддөг байна. Бохирч сууж хөгжимддөг байна.

Харин зарим нутгаар үхрийн давсгаар урладаг байдлыг харгалзан хуухан хуур, суухан хуур, давсган хуур гэж нэрлэдэг. Зарим нутгаар сууж байгаад хөгжимдөх байдлыг харгалзан суух хуур буюу суухан хуур, үүнийг буриад аялгаар хуухан хуур гэж нэрлэсээр иржээ. Ийнхүү Монголын олон овог ястан угсаатаны дотор төрөл бүрийн хуур хөгжим буй болсоор иржээ.

Хуурын аялгуу бол нэн өвөрмөц, зөвхөн хүний хоолой төдийгүй, морь малын янцгаах, үүрсэх, тэмээний буйлаан зэргийг дуурьсгаж гаргадгаараа бусад өрнөдэхний хөгжмийн зэмсгээс эрс ялгаатай байдаг. Учир нь морин хуур хөгжмийн чавхдас нь морьны хялгасаас бүтэх ба,  тэдгээр хоёр багц хялгасыг арга билэг, эр эм гэж нэрлэх ба түүний арга хялгасанд 150, билэг хялгасанд нь 120 нумын хөвчинд 90 хялгас тус тус багтаан багцалсан байдаг нь дуу аялгууны хувьд нэн өвөрмөц юм. Энэ талаар Монголын нэгэн яруу найрагч Ц. Цэдэнжавын шүлэгт:

Хорвоогийн хамаг юмыг

Хоёрхон чавхдасанд багтаадаг

Хосгүй нэгэн үндэстэн

Азийн чээжинд буй гэсэн  шүлэглэл ч үүнийг гэрчлэх юм.

Төгсгөлд нь дүгнэн үзэхэд: Морин хуур бол өнөөдрөөс урагших Монгол түмний хөгжмийн  түүхийн  хөрс шороо нь болсоор ирсэн төдийгүй, монголчуудын ахуй сэтгэлгээний тусгал мөн юм.  Монгол хөгжим морин хуурын талаар монголын эртний өдий төдий үлгэр домог, зохиол бүтээл, тэр үеийн жуулчдын аян замын тэмдэглэл, аман зохиол, утга зохиолын олон арван бүтээлүүд, Гэсэр, Жангар, Юан улсын судрын доторч тэмдэглэсэн зүйл арвин их юм.  Монголын эртний аман зохиол утга зохиолын их сан хөмрөгийн доторхи дуу хөгжмийн сурвалжуудад морьтой холбоотой, морь малын өнгө зүс, ааль зан, ухааныг ч магтан дуулсан өгүүлэмж арвин их юм. Ялангуяа дуу хөгжмийн дуурьсах ая, хөгжимдөх  зан ааль, оролцох төрөл зүйлийн хувьд ч өргөжиж, баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, хурим найр, зочны угтлага ёслол, уламжлалт тайх тахих ёслол, цагаан сарын баяр болон оршуулгын зан үйлийн үед ч дуу хөгжмийн зүйл өргөн хэрэглэдэг байсан төрөл бүрийн сонирхолтой мэдээллийг өгч байгаагаараа эдгээр домог үлгэр, бий бүжгийн дуу аялгуу нь монгол морьны тухайх бидний ойлголтыг улам бүр баяжуулж байгаа болно. Иймээс монголын олон овогтон угсаатны үлгэр домог, дуу бүжиг бол монгол хөгжимт аман зохиол, утга зохиолын шилдэг өв төдийгүй,  монголчуудын эрхэмлэн дээдэлдэг зан заншил, монгол аман билэг, дуу хөгжим, морин хуурын тухайтад алс тэртээх үеийн мэдээ баримтыг өнөөгийн бидэнд өвлүүлэн уламжлуулж байгаагаараа түүхэн чухал ач холбогдолтой сурвалж хэрэглэгдэхүүн юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!





[1]  Энэ бол эмээлийн дууны төрөл гэдгийг судлагч Ш. Гаадамба, Х. Сампилдэндэв нар мэдээлсэн.   
     

[2] Толог- олбог

[3] Хуурдуулж- хуур хөгжим хангинуулах

[4] Тайжуй- тайх ёслол

[5] Шээзгий- аргал түлш түүдэг савар

[6] Араг- аргал түүдэг сав

[7] Морин хуурт зориулсан ардын хөгжмийн аялгуу юм

[8] Суудуу- суудаг уу?

[9] Гоёлог- модны нэр

[10] Дөрвөн Өөлд нар нь- Дамбийн Өөлд, Их Өөлд, Илийн Өөлд, Ширээн говийн Өөлд нар болно 

[11] Жуураа- хотон эмэгтэйн нэр

[12] Гэлдэнэ- гэлцэнэ, хэлэлцэнэ, магтана,

[13] Наараан- наашаа

[14] Цаараан- цаашаа

[15] Накилзуулан- нахилзуулан

[16] Санж- юмсанж

[17] Лан -зоос

[18] Дакаа- далавчаа

[19] Тоораан- Торойж цайн харагдах элс

[20] Тоораан цагаан- торойж цайж харагдах

[21] Торааж- торойж

[22] Бичкэн- бяцхан

[23] Тэрим- тэр минь

[24] Наарийч – нааш ир

[25] Түүндэм- түүнд минь

[26] Тотгар- тотгор саад

[27] Жилгаа- жалга

[28] Жилэн- жил нэгтэй

[29] Наарийт- нааш ир

[30] Цацал өргөдөг есөн нүдтэй мод

[31] Елкэлдэг- хүний нэр, энэхүү Елкэлдэг бийгийн төгсгөлд “морьны явдал” хэмээх  татлагыг татдаг ажээ. Зарим нутгаар Елкэндэг гэнэ.

[32] Инцаахаар нь – янцгаахаар нь

[33] Таньдым- таньдаг юм

[34] Энэхүү домгийг Увс аймгийн Чойнзон, Пүрэв, Б. Лувсан нараас тэмдэглэн авав.
 

[35] Икэл- баруун монголын хуур хөгжим

[36] Чандмань хээ- бадмалсан галын гурвалсан дөлийн дүрслэмжтэй хээ


[37] Хуухан суухан хуур- үхрийн давсгийг суух хуух гэдэг ба давсган хуур гэсэн утгатай

6 comments:

  1. mash ih sudalgaa hiisen mundag hun bnaa tand bayar hurgee

    ReplyDelete
  2. Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж,
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    whatsapp: 15733337443
    Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    เว็บไซต์: www.drpradhanurologist.com

    ReplyDelete
  3. Та бөөрөө зарахыг хүсч байна уу?
    Та санхүүгийн хямралаас болоод бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь өнөөдөр dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай, бид бөөрөнд шаардлагатай сайн хэмжээг санал болгох болно.
    имэйл: dr.louisclinic@gmail.com
    whatsapp: + 1- (725) 2017759
    Үнэ: $650,000usd

    ReplyDelete
  4. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинз Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. цахим хаягаар интернэт дэх Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель ба Лопез нар нийтэлсэн түүнд талархаж, стрессгүйгээр бөөрөө худалдаж авсны үр дүнд санхүүгийн хувьд хэрхэн яаж авралын байдалд хүрсэн тухайгаа би цахим хуудсаар дамжуулан хурдан мэдээлсэн. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан. Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан.
    Doctorcollins3@gmail.com эсвэл whatsapp дээр тавина уу. + 254750078353
    Би болQQuenJoel.
    Монголоос

    ReplyDelete

  5. Do you need 100% Loan Finance? huge capital Private finance for business expansion, new project start up. We offer our services to both government and companies in any part of the globe. Our services falls in various ranges like direct funding program, short and long term funding program,Discounting of bank Financial Instruments,Letter of Credit against acceptable bank instruments, Asset trading – Trade finance Etc.

    C.E.O. Deby Johnson.
    debyfinancingloans@gmail.com
    Whatsapp Number: +447459797459
    Whatsapp Number: +918375004762
    DEBY FINANCING LOANS COMPANY

    ReplyDelete